images

Э.Амарсайхан: В.Суворовын номд Монголын тухай гоё гоё юм их бий

Б.Бадамзул

Миний дуртай ном

2022-12-26


Монголын хөл бөмбөгийн холбооны Маркетингийн албаны дарга Э.Амарсайхан хамгийн дуртай номынхоо талаар ийнхүү ярив.

Виктор Суворов гэж хэн бэ?

     Миний дуртай ном гэхээр юуны түрүүнд Виктор Суворовын цувралууд санаанд орж байна. Өнгөрсөн зууны жар, далаад онд Зөвлөлтийн Цэргийн тагнуулын газрын (ГРУ) офицер байсан энэ хүний жинхэнэ нэрийг Владимир Резун гэдэг. Швейцарьт тагнуулын ажил хийж байгаад 1978 онд Баруунд зугтаж гарсан хүн юм. ЗХУ бол урвагчдад шууд цаазын ял оноодог. Тухайн үед улс төрийн, дайны гэх мэт том том шалтгаанаар цаазын ял авна. 1990 онд ЗХУ задрахад социализмын үед цаазын ял авсан хүмүүсийг цагаатгахдаа хоёр хүний ялыг хэвээр үлдээсэн. Нэг нь энэ В.Суворов. Оросууд түүнийг хоёр янзаар хүлээж авдаг. Тал хагас нь түүнийг урвагч гэж үздэг. Эх орныхоо талаарх нууц мэдээллийг ил цацсан, эх орныхоо эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэдэг. Харин нөгөө хэсэг нь хүлээн зөвшөөрнө. Учир нь хэний ч бичээгүй зүйлийг ил гаргаж бичдэг зоригтон, түүх үнэн зөвөөрөө байх ёстой, ингэж бичиж байгаа нь зөв гэдэг.

     1981 онд энэ хүн түүхэн ном бичдэг зохиогчдын олон улсын томоохон уулзалтад очсон байна. Тухайн үед I, II дайны тухай голчлон бичсэн “ХХ зууны нууцууд” ном ихээхэн борлуулалттай байжээ. Тэрийг бичсэн зохиогчид бол том түүхчид. Тэд нартай ном хаялцаад “Би Оросын тагнуулын газарт ажиллаж байсан хүн. Тагнуулын газрын офицероос дээш цолтой хүн Оросын архивт нэвтрэх эрхтэй байдаг юм. Оросын архивт ХХ зууны нууц тэр чигээрээ бий. Учир нь дэлхийн хоёр дайнд голлон оролцсон улс. Би ийм ийм юман дээр үндэслэж бичиж байна. Харин та нарын бичсэн юм бүгд зохиомол” гэж. “Яагаад зохиомол гэж байгаа юм бэ” гэхэд “Та нар Хүйтэн дайны үед амьдарч байна. Тэгэхээр аль нэг захиалагч талынхаа зөв гэж бичих нь ойлгомжтой. Би харин алийг нь ч буруутгаагүй, алийг нь ч зөвтгөөгүй, архивын баримтад үндэслэн бичиж байгаа учраас надтай битгий юм ярь” гэж хариулжээ. Тэгээд “Спецназ гэж мэдэх үү?” гэж асууж. Дэлхийн түүхчид 1981 онд Спецназ гэж юу болохыг мэдэхгүй байв. Спецназ гэдэг нь Зөвлөлтийн цэргийн тагнуулын газрын нууц тусгай ажиллагаа гүйцэтгэдэг нэгжийг хэлдэг. Зөвхөн олон улсад үйл ажиллагаа явуулдаг. Дөчин жил хөгжчихсөн тийм газрыг дэлхий мэдээгүй байж. Тэгээд “Та нар Спецназаа мэдэхгүй байж надтай юу яриад байгаа юм бэ” гээд хаяад гарч явсан байгаа юм. Үүний дараагаар энэ хүний тухай шуугиад эхэлсэн. “Үнэхээр тийм газар байдаг юм уу, тийм бол ярь” гээд эхлэхээр нь номуудаа бичсэн. Нийтдээ 20 гаруй ном бичсэн юм.   

Жуковын тухай

      I, II дайнд хэн хэн ямар ямар алдаа гаргасан, юу юун дээр буруу алхам хийсэн гээд бүгдийг бичсэн. Халхын голын талаар нэг номдоо оруулсан байдаг. Тэр дайны тухайд Жуковыг “мал” гэж бичсэн. Бид Жуковыг тахин шүтдэг бол энэ хүн Жуковоос өөр генерал байсан бол илүү уран аргаар цөөн хүний амь гарздаж ялж болох байсан, гэтэл хүний хүчээр дайрч маш их хохирол амссан гэдэг. Дайны генерал байх чадваргүй хүн гэж бичсэн. Энийг Халхын гол болон II дайны эхэн үе дээр үндэслэж тайлбарласан. Сталин яагаад Жуковыг хажуудаа байлгаад байсан гэхээр дороо байсан зургаан генералынхаа ихэнхийг их хэлмэгдүүлэлтэд оруулаад цаазалчихсан учраас сонголт бага байсан гэж үздэг. 1941 онд Сталин Германыг дайрах гэж бэлтгэж байтал Герман өрсөж дайрсан тул ухрах хэрэгтэй болсон. Ухрахдаа бүх бензин, идэш ууш, бүх юмаа үлдээгээд, гүүрээ ч нураалгүй орхисон. Цэрэг дайны үед ухрахдаа замаа баллуурдана гэж энгийн дүрэм байдаг юм байна. Гүүр давж зугтаагаад гүүрээ дэлбэлдэг. Тэгтэл Жуков бүх гүүр байгууламжаа тэр чигээр нь германчуудад орхиод Москва хүртэл зугтсан гэж байгаа юм. Тийм учраас Гитлер ухаантайдаа, Германы арми сайндаа тийм хурдан Москвад хүрээгүй, Жуков малын гайгаар тийм зүйл болсон гэж бичсэн. Дараа нь тавиад онд Сталин үхэхээсээ өмнө Жуковыг алах гэж оролдсон тухай бий. Аймаар, аймаар юм бичдэг. Түүний номуудын хажууд “ХХ зууны нууцууд” хүүхэлдэй л гэсэн үг. Харин тэрбээр номоо зөвхөн баримтад тулгуурлаж бичжээ.  

Черчиллийн тухай

     В.Суворов манай улсын хувьд маш их ач холбогдолтой, тусгаар тогтнолыг маань шийдсэн Ялтын гэрээний талаар бичсэн байдаг. Яагаад Уинстон Черчиллийг хорьдугаар зууны шилдэг улс төрч гээд байгаа юм бэ? Дайнд ялсан талаас нь харвал Рүзвэльт, Сталин нар шилдэг нь юм биш үү? Их Британи дайнд ялаагүй байхад Черчилль яагаад шилдэг улс төрч вэ? Учир нь Орос, Америк гэсэн хоёр том хүчийг гар барилцуулаад, дунд нь зуучлагч хийгээд дэлхийн эв найрамдлыг тогтоочихсон. Өмнө нь ч, дараа нь ч Черчилль шиг суу билэгтэй хүн төрөхгүй гэдэг. Тэд гурав суух суудлаасаа болж хүртэл алалцана. Голдоо Рүзвэльт суучихсан, Сталин нэг талд нь дурамжхан суусан зураг байдаг. Царайнаас нь уншвал Сталин дунд нь суух зорилготой байсан. Яагаад гэвэл тэгэхэд хамгийн олон хүнээ алдаж, хохирсон нь Орос. Бас дахиад байлдахад нөөц хүч ихтэй нь ч Орос байв. Аль ч талаас нь бодсон Америкийн дээр гарах тэргүүлэгч байх статустай нь Сталин юм. Энэ дээр Рүзвэльтийг оруулж ирсэн нь дайныг арай хурдан дуусгадаг гэж баталдаг.

Монголын тухай

      Номууддаа Монголын талаар их гоё бичнэ. Оросын армид Монголын эзэнт гүрний хаан Чингисийн цэрэг дайны арга барилаас заадаг. Үүгээрээ бусад армийн цэрэгжилтээс онцгой гэдэг. Манай улсаас Сталинградыг бүслэлтэд үзүүлсэн тусламжийн талаар бичсэн бий. В.Суворов түүхчидтэй ном хаялцаж байхдаа “Рүзвэльт орж ирснээр дэлхийн II дайн шийдэгдсэн юм даа” гэхэд нь “Битгий солиор, дэлхийн II дайнд хэн сайн хамтрагчтай байсан нь ялсан. Гитлерийн хамтрагч Итали, Румын байсан. Замын дундаас хоёулаа муудсан” гэжээ. Тэгтэл “Оросын хамтрагч хэн байсан юм бэ?” гэхээр нь “Монгол” гэж хариулахад бүгд нирхийтэл инээсэн гэж байгаа юм. Тэгэхэд нь “Та нар ямар тэнэг юм бэ. Сталинградын тэр хүйтэнд герман цэргүүд хөлдөж үхсэн биз дээ? Харин орос цэрэг Монголоос ирсэн дахаар өвлийг давж гарсан юм. Та нар ийм юм мэддэггүй юм уу?” гэж хариулсан. Өөр номд ийм юм байдаггүй. Бүр наян хэдэн оны ном шүү дээ. Солиотой гоё ном.

Оросын тухай

      Өөрөө украин гаралтай хүн, Орост дургүй талдаа. Гэхдээ Орос, Германы аль вэ гэвэл гэвэл мэдээж, Орос гэнэ. Тэгээд “Дэлхийн II дайны үед есөн сая хүүхэд өлсгөлөнгөөр үхсэн. Та нар тэрийг яагаад ярьдаггүй юм бэ?” гэдэг. Украин дэлхийн тариа будааны үлэмж хувийг ургуулдаг газар юм билээ. Тэр бүгдийг оросууд хуу хамсан учраас украинчууд өлсөж үхсэн. Тиймээс Украин Орост дургүй. Сүүлд нэг түүхч ах надад “Энэ Орос, Украины дайны шалтгаан бол Путин тэр тариа будаанд шунаж байгаа хэрэг” гэж тайлбарлаж байна лээ. Гэхдээ би В.Суворовын бичсэн бүх зүйлийг үнэн зөв гэж боддоггүй. Ная, ерэн хувьтай хүлээж авдаг. Яагаад гэвэл нэгдүгээрт, Украинаас угшилтай. Хоёрдугаарт, бичсэн номыг нь польшууд түрүүлж хэвлэсэн. Польш Орост ясны дургүй. Тэгэхээр ямарваа нэг Оросыг дэмжсэн утга агуулга байсан бол бусад орноос түрүүлж эх хэлээрээ хэвлэхгүй байх. Тодорхой хэмжээний юм орсон байхыг үгүйсгэхгүй. Бусад номд байхгүй зүйл бий учраас сонирхолтой. Миний уншсан нь 14 боть. Түүнээс хойш гарсаар хориод болсон байх. Польшоос ирсний дараахан Монголоос хайгаад олоогүй юм.

   Уг ботиудыг надад уншихыг санал болгосон польш найз маань “Дайнд үй олон сая хүн үхэж үрэгдэж хохирдог аймшигтай зүйл боловч үнэндээ дайн болох үгүйг нь дээр байгаа ганц хоёрхон хүн л шийдэж байгаа шүү дээ” гэж хэлсэн нь цочирдом сонсогдож байлаа. Нэг хүний үзэмжээр хэдэн сая хүний амь нас шийдэгдэж байна шүү дээ.

Сталин, Гитлер хоёрын тухай

   Энэ хүн Сталин, Гитлер хоёрыг их ухаж бичнэ. Жишээлбэл, Гитлерийг Сталины “бууны нохой” байсан гэдэг. Энийгээ баримттай бичиж тайлбарлана. Энд нэг сонин зүйл байгаа. Гитлер нам байгуулаад, сонгуульд нэр дэвшээд тэр нь бүтэлгүйтээд шоронд ордог. Шоронд ороод “Миний тэмцэл” номоо бичсэн. Гарч ирээд дахиж сонгуульд дэвшээд дахиад ялагдсан. Гэтэл тэгж ялагдаад байсан хүн яагаад Германы цэргийн жанжин, канцлер гээд бүх эрх мэдлийг гартаа оруулсан бэ гэдэг асуулт бий. Тэрэнд Сталин тусалсан гэж бичсэн. Германы коммунист намаар Гитлерийг дэмжүүлсэн байгаа юм. “Яагаад ийм балай юм бичээд байгаа юм бэ” гэхээр “Үгүй ээ, Сталин бүр цаадхын цаадхыг боддог шатарчин хүн. Ийм тэнэг хүн нөгөө талд нь байвал ялахад амархан гэж тооцоолсон” гэдэг. Тэгээд Гитлер Европыг самарсан шүү дээ. Тэр хүнээр Европыг самруулчхаад нэг л өдөр чөлөөлж байгаа нэрээр тэднийг эзэлвэл бүр амар. Дотроос нь хүчийг нь сулруулаад, араас нь өөрсдөө дайрч ороход сул өрсөлдөгчтэй байх хэрэгтэй.

   Гитлерийн үйл хөдлөл, хэлсэн үгнээс нь эхлүүлээд бичдэг. Гитлер ямар нэг онцгой мэдээллийг цочирдож, огцом хүлээж авдаг. Харин Сталин ямар ч мэдээг тэгж хүлээж авдаггүй. Тайван байдаг, бодож байгаад л хийдэг. Ерөөсөө сэтгэл хөдлөлөө ил гаргадаггүй гэнэ. Энэ нь их чухал чадвар юм байна. Сэтгэл хөдлөлөө ил гаргах нь тодорхой хэмжээнд өөрийгөө илчилж байдаг сул талтай.

Бусдынх нь тухай

   Сталин Лениний амийг хөнөөсөн. Харин Сталиныг Никита Хрущёв, Лаврентий Бериятай нийлж алсан гэж бичдэг. Удирдагчдын тухай бичсэн хэсгүүд нь их сонирхолтой. Дандаа баруун гар, яалт ч үгүй итгэлтэй нөхөр нь байсан хүмүүс хөнөөдөг. Хрущёв, Жуковтой нийлж байгаад Берияг алсан тухай нэг номд нь  гарна. Сталин үхэхэд Берия тэнд ажиллачихсан. Дотоод яам, тусгай хүчин түүний мэдэлд байв. Харин цэрэг арми Жуковт, улс төр нь Хрущёвт байсан. Тусгай хамгаалалт нь Берияд байсан учраас Сталиныг нас барснаас 30 минутын дараа өрөөнд нь ордог. Үүдэнд нь байгаа хүмүүс Бериягийнх. Тиймээс “Битгий ор” гэдэг тушаалыг Бериягээс өөр хэн ч өгөхгүй гэдэг. Сталиныг нас барсны цагдаа, дотоодын тагнуул гээд хамаг том хүчийг гартаа авсан Берия Москваг гартаа авчихсан. Тийм хүн Кремлийг авсан гэсэн үг. Тэгээд намын төв хорооны тэргүүлэгчдийн хуралд үг хэлээд шатаар буухад нь Жуковын хоёр цэрэг сугадаад аваад гарчихсан гэдэг. “Уучлаарай, гараа юунд ч хүргэхгүй шүү” гэж авч яваад шууд буудаж алсан. Маш богино хугацаанд шийдсэн зүйлээ хийхгүй бол, Берия гарах юм бол Жуков, Хрущёв хоёр байхгүй. Энэ хоёр гарвал Берия байхгүй. Тэр богино хугацаанд Берияг алаагүй бол сэм дохио өгөөд л цэргүүд нь хамгаалалтад авчихна.

   Суворов Хүйтэн дайн, атомын зэвсэг, Японы оролцоо, Хятад гээд бичээд л байсан. Оросын архивт бүгд байгаа юм чинь. Гол бичсэн сэдэв нь I, II дайн. Ялангуяа II дайн. “ХХ зууны нууцууд” гэдэг номд харшилтай. Тэр үүнийг “Үндэслэлгүй мэдээллээр тархи угааж байна” гэдэг юм. Тэр ном барууныхны ном учраас манайх сайн, Орос муу л гэж бичнэ. Орос тал нь өөрийгөө зөвтгөх гэж л бичдэг. Нэг түүхч “Түүхийг хүн бичдэг” гэж надад хэлж байсан юм. Худлаа юм байдгийг хэлсэн хэрэг байх. II дайны үед улаан нөмрөгтэй эмэгтэй “Эх орон дуудаж байна” гэсэн бичигтэй зурагт хуудас байдаг аа даа? Дайнд уриалсан энэ суртал ухуулгын хуудсыг анх ийм байгаагүй “Ахан дүүсээ чөлөөлье” гэдэг нэртэй байсан гэж байгаа юм. Тэрийг бас л хэн ч мэдэхгүй. Тэгээд “Юу яриад байгаа юм бэ?” гэхээр “Наадах чинь Гитлерийг дарах гээд Украины хил дээр бүх зэвсгээ бэлдчихсэн, таван тонны танктай байсан хүн шүү дээ” гэж байгаа юм. Бид нарын мэддэг танк 40, 50 тонн жинтэй. Бас францчууд санаачилсан шүхрийн десант гэж байдаг. Тэр нь Африк, Алжир, Маррокод туршилт хийгээд шүхрээр зуун цэрэг дайны талбарт буулгасан юм байх. Тэрийгээ их үсрэнгүй юм гээд үзчихсэн. “Энэ бол орчин үеийн дайн” энэ тэр гэдэг. Тэгтэл Орос хоёр сая шүхрийн десантчинтай байсныг хэн ч мэдээгүй байсан. Зуун хүн буулгаад нөгөө хэдийгээ алах гэж байтал цаана нь хоёр сая байж л дээ. Үнэхээр сонирхолтой юм бичдэг нэг ийм хүн одоо ч амьд сэрүүн байна. 75 настай, Их Британид байдаг, тэндхийн иргэн.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.