Адольф Гитлер буун дуу гаргалгүй хэрхэн засгийн эрхэнд гарсан бэ?
1933 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Германы Нацист намын (Германы Үндэсний социалист ажилчдын нам) удирдагч Адольф Гитлер Ваймарын Бүгд Найрамдах Улсын канцлер болжээ. Тухайн үед Нацист нам Рейхстагт 230 суудалтай, нөлөө бүхий нам байсан хэдий ч энэ нь нийт 608 суудлын дөнгөж 37 хувийг эзэлж, олонх болоход хол дутуу байв. Гэвч өмнөх гурван канцлер ээлж дараалан унаж, тухайн үеийн ерөнхийлөгч, Дэлхийн I дайны баатар гэгдсэн Пауль фон Хинденбург болон Германы төв үзэлтэй язгууртнууд, цэргийн удирдагчид, бизнесмэнүүдээс бүрдсэн консерватив улс төрийн хүчин аргагүй байдалд орж Адольф Гитлерийг ерөнхий сайдаар томилжээ. Онц байдлын үед канцлеруудыг томилох, чөлөөлөх бүрэн эрхтэй ерөнхийлөгч П.Хинденбург ганцхан жилийн өмнө "Бурхны төлөө, улс үндэстнийхээ сайн сайхны төлөө би хэзээ ч А.Гитлерийг канцлераар томилохгүй. Хэрвээ түүнийг ямар нэгэн албан тушаалд томилох бол Шуудангийн ерөнхий газрын даргаар томилж, өөрийнхөө хөрөгтэй маркийг долоолгох болно” гэж элэглэж байсан юм.
Ийнхүү үл ойшоогдож байсан А.Гитлер канцлер болж Засгийн газар болон парламентын хяналтыг гартаа авлаа. Гуравдугаар сарын 23-нд тэрбээр Засгийн газарт дангаараа хууль санаачлах, батлах эрх олгох Онц байдлын тухай хуулийг батлуулав. Энэ хуулиар төрийн эрхийн хуваарилалт болон Ваймарын үндсэн хуулийг бүрэн устгаж, Ариун Ромын эзэнт гүрэн, Бисмаркийн нэгдсэн Германы эзэнт гүрний дараах "Гуравдугаар Нацист Рейх"-ийг байгуулахад бэлэн болсон байна. Тэрбээр орчин үеийн ардчилсан үндсэн хуулийн үлгэр жишээ болсон Ваймарын үндсэн хуулийг устгахад ердөө 53 хоног зарцуулжээ. Энэ үйл явцын туршид А.Гитлер болон Нацист нам “хуулийн дагуу” л ажилласан. А.Гитлерийн Суртал ухуулгын яамны сайд Йозеф Геббельс хожим нь "Ардчиллын хамгийн том эмгэнэл бол ардчиллыг устгахыг эрмэлздэг үхлийн аюултай дайснууддаа бүх боломжийг тавьж өгдөгт оршино" гэсэн байдаг.
Гаагад амьдардаг, нацист Германы түүхийг судлагч Тимоти В.Райбэк энэ оны эхээр “The Atlantic” сэтгүүлд "А.Гитлер ердөө 53 хоногт ардчиллыг хэрхэн бут ниргэсэн бэ?" гэсэн гарчигтай өгүүлэл нийтлүүлжээ. Уг нийтлэлд дарангуйлагч хүн хэрхэн "хууль ёсны" болж, ардчилсан тогтолцооны хүрээнд улсаа авторитар засаглал руу шилжүүлж болдгийг доор байдлаар өгүүлсэн байна.
MAGA бүлэглэлийнхэн А.Гитлерт шинээр үнэлэлт дүгнэлт өгч, дахин амилуулахыг оролдож байна
Одоогийн байдлаар АНУ-ын дэвшилтэт үзэлтнүүд А.Гитлерийн албан тушаалд дэвшсэнээс хойшх үйл ажиллагаа болон тусгаар тогтносон Герман улсын Төв банкны ерөнхийлөгч Ханс Лютерийг хэрхэн огцруулсан, татварыг нэмэгдүүлж, сонгуулийн хуулиудыг шинэчилж, улс төрийн сөрөг хүчнийг хэрхэн дарсан зэрэг үйлдлийг Дональд Трампын төрийн эрхэнд гарснаасаа хойш явуулж буй бодлоготой харьцуулан жишиж, Америкийн ардчилал сүйрэх аюул нүүрлэж буйд санаа зовж байгаагаа илэрхийлсээр байгаа юм. Харин Д.Трампыг дэмжигч гол бааз болох MAGA (Make America Great Again) хөдөлгөөнийхөн А.Гитлерийг янз бүрийн шалтгаанаар дахин амилуулахыг хичээж байна. Энэ сарын эхээр Корнеллийн их сургуулийн химийн профессор Дэвид Коллум "Fox News" телевизийн хөтлөгч асан, Д.Трампыг дэмжигч Такер Карлсоны подкаст нэвтрүүлэгт оролцохдоо "Дэлхийн II дайны талаарх бидний мэдлэг үндсэндээ буруу. Бид А.Гитлерийн талд орж, И.Сталинтай тулалдах ёстой байсан" хэмээн хэлж, Т.Карлсон ч үүнтэй санал нэг байгаагаа илэрхийлэв. Т.Карлсон ч "Өнөөгийн Америкийн хамгийн нэр хүндтэй түүхч хэмээн үздэг Дэрил Күпер "Дэлхийн II дайны гол буруутан нь Их Британийн ерөнхий сайд асан Уинстон Черчилль байсан. Харин нацист Герман сайндаа түүний дараа орно. А.Гитлер Европт энх тайван тогтоохыг хүсч байсан" гэснийг онцлон дурдсан юм. Т.Карлсоны хүү Беркли Карлсон эдүгээ дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнсийн хэвлэлийн нарийн бичгийн даргын орлогчоор ажиллаж байна. Мөн өнгөрсөн долоодугаар сард Америкийн хэт барууны үзэлтэй подкастер Кэндис Оуэнс "А.Гитлер яг яачихсан юм бэ? Түүнийг юунд тэгтлээ үзэн ядна вэ? Хүмүүс ихэвчлэн еврейчүүдийг А.Гитлер хоморголон устгасан гэж ярьдаг. Гэтэл энэ чинь америкчууд Германд хийх дөхсөн зүйлтэй бараг төстэй юм шүү дээ" гэжээ. Энэ бол нацист Герман зургаан сая еврей хүнийг хөнөөсөн хэргийг илт үгүйсгэсэн мэдэгдэл байв.
А.Гитлер хуулийг зорилгодоо нийцүүлэн ашиглахдаа гарамгай нэгэн
А.Гитлер болон түүний намын гишүүд 1923 оны 11 дүгээр сард төрийн эргэлт хийхийг оролдсон нь "Beer Hall Putsch" нэрээр түүхэнд бичигдсэн билээ. Дэлхийн I дайны дараах эдийн засгийн хямралын үед консерватив милитаризмд автсан Бавари мужийн Мюнхен хотын нэгэн шар айрагны газарт А.Гитлер мужийн амбан захирагч, цэргийн командлагч, цагдаагийн дарга нарыг цуглуулан дарамт үзүүлж, засгийн эсрэг босохыг тулгасан боловч энэ нь амжилт олоогүй юм. Гэсэн хэдий ч тэрбээр Ваймарын тогтолцоог нураах мөрөөдлөө орхиогүйгээр үл барам дараагийн арван жилд нь төв засгийн газрын бодлогод саад, тээг тавих бодлого явуулжээ. Ваймарын Бүгд Найрамдах Улсын 15 дахь канцлер болохоосоо өмнөх найман сарын хугацаанд тэрбээр гурван канцлерийг түлхэн унагаж, парламентыг хоёр удаа татан буулгаж, бүх нийтийн сонгууль явуулж чадсан юм. Канцлер байхдаа тэрбээр өөрийгөө үнэмлэхүй эрх мэдэлтэй байх ёстой гэж үзэж байв. Төрийн эрхэнд гарсан эхний өдрөө гол албан тушаалтнуудыг цэвэрлэж, танхимаа үнэнч хүмүүсээр дүүргэх төлөвлөгөөгөө зарлаж, эдийн засгийг сэргээх, ажилгүйдлийг бууруулах, цэргийн зардлыг нэмэгдүүлэх, олон улсын гэрээ хэлэлцээрээс гарах, улс орныг "бохирдуулж" байгаа харийнхныг устгах, улс төрийн дайснуудаас өшөөг авах зэрэг Нацист намын амлалтуудыг биелүүлэхэд Онц байдлын тухай хуулийг батлах нэн шаардлагатай байгааг онцолжээ. Гэсэн хэдий ч бодит байдал түүний амбицаас хол байв. Намд хамааралгүй цэргийнхэн, язгууртнууд, бизнесмэнүүд дээр суурилсан улс төрийн хүчнийхэн А.Гитлерт эдийн засаг, гадаад харилцаа, цэрэг армитай холбоотой сайдын албан тушаалыг олгохоос татгалзав. Нацист намд зөвхөн Дотоод хэргийн сайдын суудлыг л өгчээ. Мөн дээрх хуулийг батлахад парламентын гишүүдийн гуравны хоёрын санал шаардагдаж байлаа. Гэсэн хэдий ч Социал демократ болон Коммунист нам 36 хувийн санал авсан тул энэ нь магадлалын хувьд боломжгүй байв. Цорын ганц шийдэл нь Коммунист намыг хориглож, дахин сонгууль явуулах арга байв. Иймээс А.Гитлер Дотоод хэргийн сайдын албан тушаалыг ашиглав. Дотоод хэргийн сайд Вильхэлм Фрик сөрөг хүчний намууд болон хэвлэлийнхнийг байнга дарамталж, Засгийн газар эрх мэдлээ өргөжүүлж байгааг шүүмжилсээр байв. Гитлер Германы газар нутгийн гуравны хоёр нь болох Прусс мужийн Дотоод хэргийн сайдаар Херманн Герингийг томилов. Х.Геринг Нацист намын түшиц газар болох Пруссийг хяналтандаа авч, мужийн цагдаагийн бүрэлдэхүүнийг "цэвэрлэж", нам доторх цэрэгжсэн тусгай отрядыг (Sturmabteilung) зэвсэглэж цагдаагийн үүрэг гүйцэтгүүлэх болов. Тухайн үед Прусс мужийн Цагдаагийн газрын дарга байсан Рудольф Диэлс "Зорилгодоо хүрэхийн тулд хуулийг ашиглаж, бор хувцастай Нацист намын хагас цэрэгжсэн ангиудын хэт даврагчдыг "хууль ёсны болгох" нь А.Гитлерийн гол тактик байсан" гэж хожим мэдэгдсэн юм. Дэлхийн II дайны дараа болсон Нюрнбергийн шүүх хурал дээр "Sturmabteilung"-ын удирдагч асан Ханс Франк "А.Гитлер аливаа хуулийн боломжит сул талыг олж илрүүлэх, түүнийгээ дээд зэргээр ашиглах онцгой чадвартай байсан" хэмээн мэдүүлж байв.
Гуравдугаар сард болох бүх нийтийн сонгууль ойртож байсан ч жирийн сонгогчид А.Гитлерийн эвслийн засгийн газрын бодлогоос ямар нэгэн өөрчлөлт мэдэрсэнгүй. Католик шашны төв нам "Ваймарын үндсэн хуулийг хүндэтгэ" гэж уриалсан бол зүүн төвийн хэвлэлүүд "Үр тарианы импортын татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ гэсэн А.Гитлерийн амлалт нь эдийн засгийн байдлыг улам дордууллаа" хэмээн шүүмжилж байв. А.Гитлерийн дарангуйлагчийн эрх мэдлийг шаардаж, дэмжиж байсан баруун жигүүрийн дэмжигчид ч “Гуравдугаар рейх гэж байхгүй” хэмээн урам хугарснаа илэрхийлж байсан юм. Бие даасан улс төрийн үндэс суурьтай, өвгөн фельдмаршал, ерөнхийлөгч П.Хинденбург Австрийн "хөдөөний нэг муу түрүүч" асан А.Гитлерийг ийн авирлахыг зүгээр л харж суулаа.
Ваймарын Бүгд Найрамдах Улсын 15 дахь канцлер болсон Адольф Гитлер 1933 оны хоёрдугаар сард радиогоор ард түмэнд хандан үг хэлэв
Рейхстагийг шатаасан хэрэгт Коммунист намыг буруутгаж, үйл ажиллагааг нь хориглов
Хоёрдугаар сарын 27-ны шөнө Берлиний парламентын ордон Рейхстаг галд автжээ. Хэргийн эзнээр голланд гаралтай, Коммунист намын нэгэн гишүүн тодров. Харин Коммунист нам энэ халдлагыг нацистууд зохион байгуулсан гэж мэдэгдсэн ч Нацист нам үүнийг эрс үгүйсгэлээ. Маргааш нь А.Гитлер энэ явдлыг "Төрийн эргэлт хийх гэсэн коммунистуудын оролдлого" гэж тодорхойлоод, Нацист намын гишүүн, сайд Х.Геринг Коммунист намын дараагийн төрийн эргэлт хийх “төлөвлөгөө”-ний талаар дэлгэрэнгүй мэдээлэв. Гуравдугаар сарын 5-ны өдөр болох сонгуулиас долоо хоногийн өмнө А.Гитлер Коммунист намыг хориглох, сөрөг хүчний хэвлэл мэдээллийн хэрэгслийг хаах тухай зарлиг боловсруулж, ерөнхийлөгч П.Хинденбургээр гарын үсэг зуруулж чадлаа. Гуравдугаар сарын 5-ны өдөр болсон бүх нийтийн сонгуульд 40 сая герман хүн санал өгсөн нь өмнөх бүх сонгуулиас хоёр сая хүнээр нэмэгджээ. Энэ хоёр сая хүний дийлэнх нь Нацист намд элсэв. Нацист нам А.Гитлерийн хүссэн 51 хувийг авч чадаагүй ч 44 хувь гэдэг чамлахааргүй, хүссэн хуулиа батлахад хүрэлцэхүйц, эвслийн засгийн газар байгуулахад бололцоотой тоо байв. Маргаашаас нь эхлэн нацистууд мужуудын засгийн газрын байр руу дайран орж, гол албан газруудад намын хас тэмдгийг өлгөв. Олон арван мянган улс төрийн өрсөлдөгчдийг хамгаалалтад авах нэрээр хорионд оруулж, зарим тэргүүлэх улстөрчид гадаад руу дүрвэлээ. Улмаар А.Гитлер коммунистууд, социал демократууд, еврейчүүдийн эсрэг хүчирхийллэл явуулж эхэлсэн ч ерөнхийлөгч П.Хинденбург чимээгүй. Тэрбээр 85 нас хүрч, улс төрийн авхаалж самбаа, зориг зүрх байхгүй болжээ. Түүгээр ч үл барам Й.Геббельсийг Үндэсний гэгээрэл, суртал ухуулгын сайдын албан тушаалд томилох тухай зарлигт гарын үсэг зурав. Ж.Геббельс тэр өдөр тэмдэглэлийн дэвтэртээ “Энэ агуу өвгөн бидний дунд байгаа нь ямар их аз завшаан бэ?” гэж бичсэн байдаг.
Гуравдугаар сарын 21-нд А.Гитлер Потсдамд болсон ёслолын арга хэмжээн дээр П.Хинденбургийн өмнө бөхийж, нацистууд болон П.Хинденбургийн төлөөлөл болсон элитүүд, цэргийнхэн, консерватив хүчний хоорондын эвлэрлийг илэрхийлсэн улс төрийн шоу үзүүлэв. Үүнээс хойш А.Гитлер улс төрийн амбицаа хурдацтай урагшлуулав. "Үндэсний сэргэн мандалтын төлөө" тэмцэж байхдаа гэмт хэрэг үйлдсэн Нацист намын гишүүдийг өршөөх тухай шинэ зарлигийг мөн тэр өдрөө гаргалаа. Эх орноосоо урвасан гэмт хэрэгтнүүд ийнхүү нэг шөнийн дотор “Үндэсний баатар” болов. Тэр өдрийн үдээс хойш Берлиний хойд хэсэгт байрлах шар айрагны хуучин үйлдвэрт шинэ хорих төв нээгдэж, маргааш нь анхны хоригдлуудаа хүлээн авсан байна.
Хүсээд байсан хуулиа 72 хувийн саналаар батлуулав
Гуравдугаар сарын 23-нд Германы парламент галд өртсөн Рейхстагийн байрны эсрэг талд байрлах "Кролль" дуурийн театрт хуралдав. А.Гитлер тусгай отрядын бэлгэдэл болсон бор шаргал дүрэмт хувцас өмсөн, хас тэмдэг зүүж ирээд Ваймарын Бүгд найрамдах улсын бүтэлгүйтлийг жагсаан дурдаж, Германы нэр төр, цэргийн тэгш байдлыг хангах, эдийн засаг, нийгмийн тогтвортой байдалд хүрэхийн тулд Онцгой байдлын хууль батлахыг уриалав. Швейцарт цөллөгт байгаад эргэж ирсэн Социалист демократ намын удирдагч Отто Уэлс энэхүү хууль нь Ваймарын Бүгд найрамдах улсыг хүчгүйдүүлж, үзэн ядалт, хуваагдлыг өдөөнө гэж шүүмжиллээ. Гэсэн хэдий ч Нацист намын гишүүд түүнийг шоолж "Социалист демократ нам өнгөрсөн 13 жилийн хугацаанд ажил эрхлэлт, үндэсний аюулгүй байдал, Германы нэр төрийн төлөө юу хийсэн юм бэ?" гэж тохуурхсан байна. Бусад нь чимээгүй байлаа. Санал хураалтаар хуулийн төслийг 441 гишүүн дэмжсэнээр А.Гитлер парламентын гишүүдийн 72 хувийн саналаар санасандаа хүрлээ. Маргааш өглөө нь Германд суугаа АНУ-ын Элчин сайд Фредерик Сакетт Төрийн департамент руу утасдаж "Энэ хуулиар А.Гитлерийн кабинет Үндсэн хуулийн бүх хязгаарлалтыг арилгаж, хамаг эрх мэдлийг гартаа авах боломжтой боллоо” хэмээн анхааруулжээ.
Й.Геббельс: "Би өөрийгөө одоо байгаа системийн дайсан гэж зарласан ч надад нэгдүгээр зэрэглэлийн галт тэрэгний тасалбар, бас хоол өгсөн"
Тэр өдөр Рейхстагийн гишүүний хувьд санал хураалтад оролцсон Й.Геббельс Нацист нам Үндсэн хуульд суурилсан Холбооны бүгд найрамдах улсыг зөвхөн Үндсэн хуулийн аргаар бүрэн буулгасанд гайхаж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр долоон жилийн өмнө буюу 1926 онд Нацист намын анхны арван хоёр гишүүний нэгээр парламентад сонгогдохдоо мөн адил ийн гайхаж байсан юм. Й.Геббельс Ханс Франк ("Sturmabteilung" отрядын дайчин) болон өөрийгөө оролцуулсан 12 хүнийг "Ваймарын Бүгд найрамдах улсын дайснууд" хэмээн тунхаглаж, ардчиллын үйл явцыг дур зоргоороо таслан зогсоож, саатуулж байсан ч улс түүнийг нэгдүгээр зэрэглэлийн галт тэрэгний тийз, хоолоор хангадаг байсан нь үнэн юм. Й.Геббельс тухайн үед "Ардчиллын хамгийн том эмгэнэл нь ардчиллыг устгахыг эрмэлздэг үхлийн дайснууддаа арга хэрэгслийг нь чөлөөтэй тавьж өгдөгт оршино" гэж хэлсэн байдаг. 1934 оны наймдугаар сард ерөнхийлөгч П.Хинденбургийг өөд болсны дараа А.Гитлер фюрер болж, ерөнхийлөгч, канцлерын албыг хамтад нь атгаж, нэг ёсондоо бүх эрх мэдлийн эзэн болжээ. Дараа нь тэрбээр 1935 оны гуравдугаар сард Дэлхийн I дайныг дуусгасан Версалийн гэрээгээр Германы цэргүүдийг байрлуулах боломжгүй цэрэггүй бүс гэж тогтоосон Франц, Бельгитэй хиллэдэг Райнландыг дахин эзэлсэн юм. Энэ бол түүний Дэлхийн II дайнд хүрэх замд хийсэн анхны туршилт байв. Их Британи, Франц хоёр үүнд цэргийн хариу үйлдэл огт үзүүлээгүй юм.
Нүүр зургийн тайлбар: 1933 оны гуравдугаар сарын 21-ний өдөр ерөнхийлөгч П.Хинденбург “нэг муу түрүүч” хэмээн өөрөө үл ойшоож байсан Адольф Гитлерийг хүлээн зөвшөөрч улсын канцлер болгов.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







