images

Ардын уран зохиолч болсон минь


   1937 онд улсын хэмжээнд уран зохиолын анхны уралдаан зарлав. Би гэдэг амьтан бодлоо. Энэ том уралдаанд миний юм юу ч болохгүй л дээ. Уралдаанд оролцсон гэх нэр зүүе гэж бодоод “Манай эх орны нэгэн өдөр” хэмээх өгүүллэг бичлээ. Долоодугаар сарын аравны үеэр С.Буяннэмэх намайг дуудлаа. Нэг л айдас хүрээв явчихав. Яагаад гэвэл миний хүргэн ах Баяртсайхан баригдсан байлаа. Дэмий юм ярьсан хүмүүс баригдаж байсан үе. Тэгэхээр миний бичсэн юманд буруу юм байсан бол баригдах байх гэж айгаад муу ээждээ хэлтэл нүд нь бүлтгэнэж, надад маш яаран аягахан хоол хийж өгөөд нулимс цийлэгнэсэн нүдээ арчин “За миний муу хүү оч доо. Бурхан чамайг өршөөг” гээд баруун хацрыг минь үнсээд явуулж билээ. Бөх, дулаан хувцас ч өмссөн байлаа. Яваад очвол С.Буяннэмэх гуай ганцаараа сууж байна. Намайг харангуут “Алив хүү минь суу, суу. Юунд зогсоод байна” гэхээр нь суулаа. Тэгснээ надад “За хүү минь Дондогийн Цэвэгмид, Хөдөөгийн Пэрлээ та гурав тэргүүн байранд оржээ. Та гуравт “Ардын уран зохиолч” гэдэг цол хүртээлээ” гэв. Ингээд хэсэг чимээгүй сууснаа урдаас урин зөөлөн харж “За, хүү минь чи залуу байна. Үүнийгээ сайн хадгалж яваарай” гээд саарал лидеринэн хавтастай, “Ардын уран зохиолч” гэсэн алтан боронзон үсэгтэй үнэмлэх гардуулан өгч билээ. Тэр дороо би “Энэ үнэмлэхээ битгий хаячихаарай” гэж захилаа даа гэж бодож байв. Сүүлд тунгаавал маш гүн гүнзгий утгатай үг байсан юмсанж. Юу гэвэл “Чи залуу байна. Үнэмлэхээ сайн хадгалж яваарай” гэсэн нь “Энэ нэр хүндтэй цолынхоо хэмжээнд хүрч чадах хэрэгтэй” гэсэн санаа байсан юм билээ.

Зохиолч Доржийн Даржаа “Буяннэмэх ах” дурсамжаас. Монголын уран зохиолын дээжис XII боть, 74-р тал.