images

Инжаннашийн дотнын анд Харчин ван Вандаднамжил, тэдний харилцаа шүлгээр илэрсэн нь

Duuren.Life

Соёл эрдэнэ

2023-08-25


Ванчинбалын Инжаннашийн мэндэлсний 185 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хуралд гадаад, дотоодын эрдэмтдийн тавьсан илтгэлийг цувралаар нийтэлж байна. Өмнөх илтгэлийг энд дарж үзнэ үү. 

Докторант Н.Арухан (БНХАУ) 

Харчин чин ван Ванданнамжил болон Инжаннашийн тухайд 

Хураангуй
   Чингис хааны их жанжин Зэлмэ урианхайн үр хойчис, одоогийн ӨМӨЗО-ны Улаанхад хотын Харчин хошуу, Ляонин мужийн Фүшиний монгол үндэстний өөртөө засах хошуу буюу Монголжин хошуунд оршин суух харчин үндэстний угсаа залгамжилсан төр, нийгмийн зүтгэлтэн, бичгийн мэргэн, яруу найрагч Харчин ван Вандаднамжилын уран бүтээлийн дотор ойр дотно нөхөрлөж байсан Инжаннашийн тухай өгүүлсэн, түүнд зориулж бичсэн шүлэг найргууд тодорхой байр суурийг эзэлдэг бөгөөд эдгээрээс тэдний ойр дотно нөхөрлөж байсан насан залуу үеийн үйл явдлыг тодруулан харж болохоор байдаг. 
   Бид энэхүү өгүүлэлдээ Харчин ван Вандаднамжилын уран бүтээлээс Инжаннашид зориулан туурвисан шүлэг найргийг түүвэрлэн утга, агуулгыг задлан шинжилж үзсэн болно.  

Үндсэн хэсэг 
   Харчин чин ван Вандаднамжил нь Төр гэрэлтийн хорин дөрөвдүгээр он, хөх луу жил, нийтийн  он тооллын 1844 онд дөрвөн сарын арван зургаанд (нийтийн он тооллын зургаан сарын нэгэн) Зостын чуулганы Харчин баруун хошууны вангийн ордонд (одоогийн ӨМӨЗО-ны Улаанхад хотын Харчин баруун хошууны вангийн ордон) мэндэлж, Бадаргуулт төрийн хорин дөрөвдүгээр (1898) онд 54 насандаа өвчний улмаас таалал төгссөн. Өвөр Монголын Зостын чуулганы Харчин баруун хошууны чин ван, урианхай овогтон Сэвэгдоржийн ууган хөвгүүн бөгөөд орчин үеийн монгол үндэстний соёлын зүтгэлтэн Гүнсэнноровын эцэг болно. Вандаднамжил гэдэг нь төвд үг бөгөөд “эрх сүр, тэмцлийн зориг санаатай” гэх утгатай.  
   Түүний эцэг Сэвэгдорж бол Харчин баруун хошууны арван хоёрдугаар үеийн залгамжлагч бөгөөд Харчин баруун хошууны арван нэгдүгээр үеийн угсаа залгамжлагч Буньянбалын ууган хөвгүүн. Сэвэгдорж монгол хэлэнд гаргууд сайн, хятад соёл, Манжийн гүн ордны амьдралд дуртай, бичгийн хүн байсан болно. Вандаднамжилын бичсэн “Судар шүүн байцаахуй дор төрөгдсөн нь” хэмээх шүлгийн оршил хэсэгт “Эцэг өвгөн ван ноён утга бэхэд бахтай тул жил бүр Бээжингээс буцаж ирэхүйеэ эрт, эдүгээгийн бичиг судар мянган ботиос дутууг худалдан авч ирмүй. Би байцаан шүүхийн чөлөөнөө зуны уртад уншин тоглосоор…” гэж бичсэн нь бий.  Үүнээс үзэхэд, түүний эцэг бас нэгэн бичгийн хүн байсан төдийгүй бийр бэхэс оролдож, ном бичиг их хадгалдаг хүн байжээ.
   Вандаднамжил гурван эгчтэй, зургаан дүүтэй. Түүний хоёрдугаар эгч болох Зи Чэн хоёрдугаар авга эгчийн хүү болох Инжаннаштай сүй тавьсан боловч хурим хийгээгүй таалал төгссөн тухай тэмдэглэсэн нь бий. Харчин ван Вандаднамжил болон Ванчинбалын Инжаннаш нар чухам ямар холбоотой болохыг тодруулбал,
   Нэг. Харчин ван Вандаднамжилын эцэг болох чин ван Сэвэгдорж бол В.Инжаннашийн эх нагац болно. Учир нь, Инжаннашийн эцэг Ванчинбалын бага хатан баруун Харчин хошууны нэгдүгээр тавнангийн охин Манюшка нь Вандаднамжилтай ураг төрлийн хамаатай байсан бөгөөд Инжаннаш нь Вандaднамжилын хоёрдугаар авга эгчээс төрсний зэрэгцээ түүний хоёрдугаар эгчтэй сүй тавилцаж байсныг өмнө өгүүлсэн билээ. Ийм ураг төрлийн холбоотойн  улмаас Инжаннаш Харчин вангийн хошууны вангийн ордонд ирж суудаг байсан нь тэдний ойр дотно нөхөрлөх замыг нээжээ. Инжаннаш Вандаднамжилаас долоо  ах байжээ. 
   В.Инжаннаш 17-18 насандаа Харчин ван Сэвэгдоржийн ордонд нэгэн жилийг өнгөрөөж ном судар, цадиг шастир эргүүлж ихийг үзэж судалсан төдийгүй хүний амьдралын жам ёсоор вангийн охинтой хайр сэтгэлийн холбоотой болсон байдаг. Залуус хараахан ураг холбоогүй ахуйд залуу охин насан эцэслэсэн явдал В.Инжаннашийн халуун залуу насны амьдралд хүнд цохилт болж сэтгэлийн гүн шарх, чилүүрт бодлыг умартахын үүднээс тэрбээр эргэлт буцалтгүй бүтээж туурвихын нөр их үйлсдээ нэгэн үзүүрт сэтгэлээр хичээнгүйлэи шамдаж уран бүтээлчийн адармаатай, ээдрээтэй замаар эргэлзэлгүй шуудран алхсан байна.
   Хоёр. Харчин ван Вандаднамжил, Инжаннаш хоёр хархан бага наснаас эхлэн ойр дотно нөхөрлөж ирсэн, язгууртан гаралтай, гэрийн боловсролыг гаргууд сайн эзэмшсэн мэргэд байсан бөгөөд Вандаднамжилын бичгийн мэргэн найз нөхдийн дотор чухал байр суурийг эзэлдэг эрхэм хүмүүн нь Инжаннаш байсан нь Вандаднамжилын шүлэг дуулалд тод тусгалаа олсон байна. 
   Харчин ван Вандаднамжил, Инжаннаш нар хархан багаасаа вангийн ордонд бичиг үсэг үзэн хичээнгүйлэн суралцаж,  бусдаас илүү чадамгай, сэцэн сэргэлэн, монгол, хятад, манж, төвд дөрвөн хэлэнд нэвтэрхий суралцаж, үүний дотроос хятад хэлний гүн мэдлэгтэй бичгийн мэргэд байжээ. Тэдний нөхөрлөл бол шүлэг дуулал, магтуу найраглаж, ятга хөгжим эгшиглүүлж, шатар тавьж, уран бичлэг бичин, зураг  зуран мэтгэлцэж, ёс номтой, эрдэм мэдлэгтэй, хэв намбалаг төрх байдлаараа  бие биенээ хайрлан хүндэтгэдэг байжээ. Энэ тухай өгүүлсэн шүлэг дуулал Вандаднамжилын “Ру Шюй Зай өрөөний албан сэлүүгийн хураангуй” түүвэрт олон байна. Тухайлбал: 
Хэрсэгийг түшсэн лянхуа цэцгийг сонирхохуйяа ханцуйн үзүүр анхилмал
Навчсыг имрэн номыг уншваас гэгээвч дүүрэн цэлмэмээр
Салхинд хэссэн саран дор согтохуйяа бүдүүлэг бодол цээжнээ зүүгдэн 
Сул шүүмжлэхүйеэ уйтгар бухимдал ширээнээ дийлэгдмүй хэмээн олон бичгийн нөхөдтэй ойр дотно нөхөрлөж, тэдэнтэйгээ найрлан цэнгэж, тэднийгээ туйлын ихээр бишрэн хүндэлдэг байсан тухайгаа шүлгээрээ илэрхийлсэн нь олон байна. Түүний ийм бичгийн мэргэн найз нөхдийн дунд Инжаннаш туйлын их өндөр байр суурь эзэлдэг байжээ. Инжаннашийн багын нэр нь Хасчулуу, хятад нэр нь Бу Ин, өргөсөн нэр нь Үн Дин гэдэг байсан бөгөөд түүний уран бүтээлийн дотор Үн Динд зориулсан бичсэн шүлэг “Ру Шюй Зай өрөөний албан сэлүүгийн хураангуй” түүврийнх нь тодорхой хэсгийг эзэлнэ. Тухайлбал,  “Үн Дин шүлэг хүсэхүй дор хариулсан ану” хэмээх шүлэгт: 
Таягаа тулан гагцаар зугаацаж нуурын хөвөөнөө ирвэл  
Тансаг чимээ алс тэртээ үүлэн сацрагаас хангинавай 
Даслын авгай болхи надаас шүлэг хүссэнийг сонсоод 
Таашаамжтай бүтээл үгүй ичингүйрч цэцэгт хуудсыг бичиглэвэй хэмээн Инжаннашийн ирүүлсэн захидлын хариуд шүлэг бичиж явуулах гэхэд өөрт нь таалагдсан бүтээл үгүй гэснээс нь Инжаннашийг хэрхэн хүндэлдэг болон тэдний  харьцаа найртай дотно байсныг харж болно. Бас “Цуут Үн Динийг дурдатгасан ану” хэмээх шүлэгт:  
Орчлонд  шалгарсан авьяас билигтэн цуут Үн Дин 
Ордон бүхнээ аялан хэсэж нааш цааш зорчмуй 
Өдгөө гэнэт юуны учир омог зориг унтраад 
Өнчин зул цэцгийг гагцаар гийгүүлэх болбай
гэж бичсэн нь Инжаннашийг орчлонд шалгарсан авьяас билигтэн гэж туйлын ихээр үнэлдэг байсныг харж болно. Тухайн үед Вандаднамжил хааны ордонд “шадар явагч” байх үедээ “Үн Динд илгээсэн нь” гэх гурван бадаг шүлэг бичсэн байна. Үүний нэгдүгээр бадагт:
Хааны нийслэлийн ордонд буцахуйяа зоог найр үгүй уйтгарлаж 
Хашлагын од, тосгоны цэцгийг бахархах урам ч үгүй 
Тэгтэл гэнэт алсын захиа үүлэн сацрагаас бууснаас 
Тэр жилийн салалцсан гуниг хэмжээлшгүй нэмэгдвэй
хэмээн хааны ордонд байх хугацаандаа ихээр ганцаардан гуньж байсан үед нь Инжаннашиас ирүүлсэн захидлыг уншин нөхөрлөн байсан ахуйгаа бодож гуних болсон тухайгаа өгүүлсэн бол шүлгийн хоёрдугаар бадагт: 
Хэрсгийн дэргэдэх учир үйл хуумгай салсан хорсол 
Хэзээ ямагт тааламж үгүйг хүсэн бүхий тэр намрын захиа эртэлж ирвэй 
Хааж үгүй ирсэн цэцэгт цаг эгнэгт намайг үтээрхсэн үгүй
хэмээн Инжаннашаас ирсэн захидал бага ч болов сэтгэл сэргээн баясал болсон тухай өгүүлжээ. Гуравдугаар бадагт: 
Уяран хагацсан хүмүүн тэнгэрийн хязгаарт амой 
Улаан туур, ногоон уд хоёр газрын хавар 
Асын бие минь хараацай мэт дарвин нисдэг ч болоосой 
Аршийн сахиусанд золгон хүрч сайн өдрийг бэлэглэсү 
хэмээн өөрийн дурсан мөрөөддөг хүмүүн хол газар байна, түүний дэргэд нисэж хүрээд сайн өдрийг бэлэглэхсэн гэсэн бодол мөрөөдлөө илэрхийлжээ. Эдгээр шүлгээс тэдний хол байсан үедээ ч захидал шүлгээрээ харилцдаг, бие биесээ ойлгон хүндэтгэх дотно нөхөрлөлийн тухай мэдэж болно. 
   Харчин ван Вандаднамжил, Инжаннаш нарын хоорондоо харилцан захидал бичиж, түүнийхээ тухай шүлэглэсэн дээрх мөрүүдээс тэд хэдийгээр угсаа залгамжилсан язгууртны гэр хүрээнд өсөж өндийсөн боловч өөрсдийн язгуурлаг ахуй амьдралаа шүүн тунгааж, амьдралын үнэн мөнийг хайж, тэр цагийн бурангуй бүхнийг, харанхуй нийгмийг эрс хатуугаар санал нэгтэйгээр шүүмжлэн хэлэлцдэг байсан нь “Үн Динд илгээсэн нь” шүлгийн хоёрдугаар бадгаас тодорхой харагдаж байна.
   Вандaднамжилын амьдралын ахуй орчин, засаг төрийн байр суурь Инжаннаштай харьцуулахын аргагүй өндөр зэрэгтэй байсан хэдий ч түүний эрдэм мэдлэг, билиг авьяасыг бишрэн хүндэлдэг байсан нь түүний Инжаннашид зориулан бичсэн шүлэг найргаас тодорхой харагдана. Мөн Инжаннаш “Хөх судар”-аа бичиж байхдаа Вандаднамжилд үзүүлсэн байж магадгүй гэж Залгаа багшийн “Инжаннашийн оны бичиг”-т тэмдэглэснээс үзвэл Инжаннаш ч мөн адил Вандаднамжилыг итгэн хүндэтгэдэг байсан нь тодорхой юм.
   Инжаннаш Бээжинд очиж Вандаднамжилтай уулзсан талаар түүний бичсэн “Хурын дараа тун шинэ маягийн дор Үн авгайтай үдийн архинаа болзон амны аяар хорин найман үсэг шүлэглэн бас нийслэлийн олон аандаад хүрсэн нь” жич “Аяллын төрөгдөл”, “Аянчныг буудлын хэрэмд хүргэсэн нь” гэх зэрэг шүлэг өгүүлжээ. Мөн “Хөх нохой жилийн хаврын эцэс нийслэлээс буцахуй дор бороо тохиолдсон ану”, “Хаврын өдөр Бээжингийн өнгө үзэмжид төрсөн сэтгэгдэл”, “Аяны гудас гэрийн хүмүүн ирж дуссанд баясан шүлэглэсэн нь”, “Шаагих бороог чагнахуй дор санагалзсан ану” зэрэг шүлгүүдээ Инжаннашид зориулан бичжээ. Эдгээр шүлгүүддээ тэдний энэ насанд хийсэн үйл хэрэг, алдар гавьяа, амьдрал ахуй, анд нөхөрлөлийн тухай чухамдаа тэдний амьдралын намтар гэж болох олон үйл хэргээ найраглан туурвин үлдээжээ.
   Ийнхүү Харчин ван Вандаднамжилын шүлэг дууллаас Инжаннашид зориулсан бичсэн шүлгүүд нь тэдний ойр дотно нөхөрлөн, эрт эдүгээрийн судар бичиг, үйл хэргийг хэлэлцэн сууж шүлэг шүлэглэн, басхүү архидан найрлаж, хамт зугаалан сэтгэлийн уйтгарыг умартан, харилцан төрсөн өдрийн баярын үг, үйл хэргийнхээ тухай захидал бичиж салалцсан, дурсан мөрөөдсөн агуулгатай байгаа нь тэдний хоорондох найз нөхдийн харьцаа маш нягт байж, үүний дундаас тэдний ариун чигч, үнэнч шударга хүмүүний явдал мөрийг  харж болохоор байна. 

Зураг дээр: Вандаднамжилын хүү Харчин ван Гүнсэннноров (1871–1930). Тэрбээр Өвөр Монголд XX зууны хөгжил дэвшлийг нэвтрүүлж, орчин үеийн соёлын үрийг тарихад асар их хувь нэмэр оруулсан бөгөөд Японд түүний хүчин чармайлтаар очиж суралцсан хөвгүүд, охид Өвөр Монголын сэхээтний шинэ үеийг эхлүүлсэн юм.    

 

 

 


 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.