Монгол, Энэтхэгийн хооронд дээд, өндөр түвшний айлчлал зохион байгуулах тухай ярилцав
Чихэнд чимэгтэй
2025-07-02
Монгол улсаас Энэтхэгт суугаа Элчин сайд Д.Ганболд тус улсын Гадаад харилцааны яамны нарийн бичгийн дарга Периасамы Кумарантай уулзаж хоёр талын дээд, өндөр түвшний айлчлал болон талуудын харилцааны талаар өргөн хүрээнд ярилцсан тухай “Times Headline” сонин даваа гарагт мэдээлэв. Монгол, Энэтхэг улсууд 1955 оны 12 дугаар сарын 24-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ онд 70 жилийн ойгоо тэмдэглэхээр тохиролцоод байгаа юм. Хоёр талын Гадаад харилцааны яам хоорондын V зөвлөлдөх уулзалт 3 дугаар сарын 19-ний өдөр Шинэ Дели хотноо болоход мөн л хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлыг хэлэлцсэний дотор 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний айлчлал, арга хэмжээний талаар санал солилцсон юм. Мөн тухайн үед найрсаг харилцааны тэгш ойг тохиолдуулан Дели хотын Кутуб Минар цамхгийг манай улсын төрийн далбааны өнгөөр гэрэлтүүлсэн билээ. Монгол улсын дипломат харилцаа тогтоосон анхны социалист системийн бус орон бол Энэтхэг юм. Тус улсын ерөнхий сайд Нарендра Моди 2015 оны тавдугаар сард Монголд айлчилсан түүхтэй.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.