Абэ Акиэ Монголд дахин айлчилна
Чихэнд чимэгтэй
2025-07-04
Япон улсын ерөнхий сайд агсан Абэ Шинзогийн гэргий Абэ Акиэ Монгол улсад наймдугаар сарын эхээр айлчилна. Тэрбээр Сонгинохайрхан дүүргийн урилгаар тус дүүрэг болон Японы Шизүока мужийн Изүнокүни хот хоорондын найрамдалт харилцааны 10 жилийн ойн арга хэмжээнд оролцох ажээ. Абэ Акиэ өнгөрөгч тавдугаар сард мөн Монголд айлчилсан билээ. Тэгэхдээ УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран зохион байгуулсан, 21 аймаг, 330 сум, есөн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон иргэдийн төлөөлөл болсон 800 гаруй эмэгтэй оролцсон “Бид эмэгтэйчүүд” чуулганд илтгэл тавьсан юм. Тухайн үед Абэ Акиэ монгол дээлээр гоёсон төдийгүй “Миний бие 2013, 2015 онд нөхрийнхөө хамт танай улсад ирж, Монголын цэлмэг тэнгэр, элэгсэг ард түмний халуун дулаан сэтгэлтэй танилцсан билээ. 2013 онд нөхөртэйгөө хамт ширтсэн тэр их одод түгсэн тэнгэр өнөөг хүртэл сэтгэлд минь тодхон байдаг” хэмээн ярьсан юм. Өдгөө тэрбээр Японы Нийгмийн хөгжлийг дэмжих сангийн тэргүүний үүрэг гүйцэтгэж, нөхрийнхөө үйл хэргийг үргэлжлүүлэн олон улсад идэвхтэй ажиллаж байна.
Харин Сонгинохайрхан дүүрэг, Изүнокүни хотын найрамдалт харилцааны 10 жилийн ойн ёслол наймдугаар сарын 2-нд болно. Тус хотын зүгээс баярын бэлэг болгон өнгөрөгч сарын 17-нд манай улс руу галын насосны болон түргэн тусламжийн автомашин бэлэг болгон илгээсэн билээ. Хоёр автомашин Хятадын Тяньжин хотын боомтоор дамжин долоодугаар сарын эхээр Монголд ирнэ хэмээн тухайн үед мэдээлж байсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.