images

Хувь өгөх ёс

Б.Бадамзул

Муугийн ёс биш

2022-10-20


     Монголчуудын хувь өгөх ёс нь эртний ан агнуурын үеийн “хувь сар”-ын тайлгын ёслолоос үүдэлтэй хэмээн судлаачид үздэг байна. Улмаар эцгийн өмчөөс хувь таслан өгөх мэтээр өргөжин тэлсний ул мөр “Монголын нууц товчоо”-нд олонтаа таардаг аж. Тухайлбал, хувь гэх үг “Монголын нууц товчоо”-нд 15 удаа гарснаас 10 нь бидний мэдэх хувь хүртээх ёстой давхацжээ. Мөн хэнээс хэнд юугаар хувь өгч байгааг шинжлэхэд өөрийн өмчийн гэр, мал, идээ ундаа, олз, албат иргэдээсээ төрсөн хөвүүн, ах дүү нартаа хуваан өгч байжээ.

     Орчин үед монголчууд хуримлаж буй хүү, охиндоо хөрөнгөнөөсөө хувь тасалж өгөхөөс гадна цагаан сар, найр хуримын идээ будаанаас ах дүү, хамаатан садан, зочин гийчинд хувь хүртээдэг. Энэ ёс социализмын үед ямар байсан талаар ШУА-ын Түүхийн хүрээлэнгийн 1964 онд Архангай аймгийн Чулуут, Тариат сумдад хийсэн хээрийн судалгааны тайланд “Сараас жилийн дотор хүргэн хүү хүүхэнтэйгээ бүтэн хонины махтай айлчилна. Энэ үед хүүхэндээ өмчийн малыг тасдаж өгнө” гэсэн байна. Мөн 1982 онд Говь-Алтай аймгийн Тонхил сумын иргэн 82 настай Сүхноолтуур гуай “Шинийн нэгэнд ... хүүхдүүддээ хувь гэж бөөрөнхий тос, нэг нэг боов өгдөг. Хотондоо золгоод авга, нагац ахындаа очиж золгоно. Аав ээжийн бэлэг гээд нэг хадагтай, ууц, дал, шилт сээр чанаж очно” гэж ярьсныг хээрийн судалгааны тайланд мөн тэмдэглэжээ.

Эх сурвалж: С.Дулам, “Монгол соёл иргэншил судлал” ном. Улаанбаатар. 2020 он.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.