Монгол хүн Азийнхнаас юугаараа ялгаатай вэ?
Муугийн ёс биш
2023-01-24
Хятад болон Азийн ихэнх оронд билгийн тооллын шинэ жилийн баяр үргэлжилж байна. Манай Монголд ч шар зурхайн тооллоор сар шинээ тэмдэглэж буй хүмүүс цөөнгүй байгаа билээ. Энэ явдалтай шууд хамаагүй боловч өөрт тохиолдсон нэг явдлын талаар манай редактор Д.Бизьяагийн тухайлан бичсэнийг уншигчдадаа толилуулж байна.
Докторантурт сурахаар 2011 онд Өмнөд Солонгосын Дангүүгийн их сургуульд очив. Очмогц сургуульдаа орж хичээлээ сонгох нь зүйн хэрэг. Сонгосон хичээл дотор маань Солонгосын эртний уран зохиол гэж хичээл орсон юм. Энэ хичээлд анх суусан цагаасаа л шантарч эхэллээ. Солонгосын эртний уран зохиол гэхээр тэдний үндэсний хангыл үсэг зохиогдохоос өмнөх үеийн ханзаар гарсан зохиолууд хамаарна. Ялангуяа ханзаар бичсэн “хянга” хэмээх эртний дуулалт шүлэг, түүнийг унших, тайлж ойлгох гэдэг надад амаргүй даваа байв. Оюутан ахуйдаа сурсан хэдэн ханз маань үүний хаана ч хүрэхгүй, ихэнх нь ч мартагдаж. Манай ангид тав зургаан хятад оюутан, нэг монгол нь би, үлдсэн нь бүгд солонгосууд. Хятадууд ханзаа мэдэхгүй гэх биш, би л баларч байлаа. Нэг өдөр хичээл эхлэнгүүт багш гадаад оюутнуудаар нөгөө дуулалт шүлгээ уншуулж гарав. Миний ээлж ирэхэд яаж ч хичээсэн, түг таг гээд нэг л явж өгдөггүй ээ. Заримыг нь баримжаагаар тааж буудахад онохоосоо алдах нь их юм. Гэтэл багш нэр дуудаж ирээд, их л таагүй янзаар “Энэ хятад оюутнууд зүгээр уншаад байхад чи яагаад чадахгүй байна?” гэв. Би ч учраа хэллээ. “Оюутан байхдаа овоо хэдэн ханз сурсан. Хэрэглэхгүй болохоор ихэнх нь мартагдаж. Цаашид хичээе, уучлаарай багш аа”. Гэтэл багш бүр мэл гайхсан янзтай болж “Оюутан байхдаа гэнэ ээ? Танайд чинь бүр багаасаа ханз хэрэглэдэггүй юм уу? Ханзны соёлтой улс биш үү?” гэнэ. Би хэлэв. “Манай Монгол бол ханзны соёлтой орон биш. Өөрийн гэсэн бичиг үсэгтэй. Ханз суръя гэвэл хятад хэлний сургуульд орж байж л сурна” гэхчлэн баахан тайлбарлаад эцэст нь багшийгаа Монголыг ханзны соёлтой гэж ойлгож ирсэнд нь гайхаж байгаагаа эвтэйхэн гэгч нь хэлж орхилоо. Тэгтэл багшийн хэлэх нь ”Танай орныг ханзны соёлын хүрээнд багтдаг гэж би буруу бодож явж. Тэгвэл энэ эртний ханз бичвэр уншихад чамд хэцүү байх нь аргагүй. Харин ч гайгүй уншсан байна” болоод явчих нь тэр. Ангийнхан намайг эхлээд өрөвдсөн янзтай харж байсан бол яваандаа гайхаж байгаа нь илт болж ирдэг юм. Завсарлагаанаар ангийн зарим нөхөд “Чи бүр хожуу ханз сурсан гэхэд сайн байна. Насаараа сурч байгаа бид хүртэл яаж түгдчиж байгааг харж байгаа биз дээ” гэж билээ. Ер нь солонгос, хятад хүмүүс Азийн бүх орныг ханзны соёлтой гэж ойлгодог бололтой санагдсан. Харин манай Монгол бол огт өөр, Цагаан сар нь хүртэл тэднийхээс нэг сарын зөрүүтэй болдог гэдгийг чадах ядахаараа тайлбарлаж өгсөн, ойлгосоон.
Нүүр зургийг: BBC
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.