images

Алтай уулаа түшсэн урианхай түмний ёс

Н.Ариунсайхан

Муугийн ёс биш

2023-01-16


"Муугийн ёс биш" булангийн энэ удаагийн зочноор Ховд аймгийн Дуут сумын уугуул, түүхч, угсаатны зүйч, доктор М.Ганболд уригдлаа. Тэрбээр урианхай түмний түүх соёл, ёс заншлыг олон жил судалж ном, судалгааны бүтээл нэлээдийг туурвисан бөгөөд өдгөө Соёлын өвийн үндэсний төвд биет бус өвийн шинжээчээр ажиллаж байна. duuren.life сайт түүний олон талт судалгаа, баялаг арвин бүтээл туурвилаас уншигч олондоо цаашид ч дэлгэрүүлэн толилуулах болно.         

     Урианхайчууд Алтайн нурууны дунд бүсээс дээш суудаг ард түмэн. Тиймдээ ч Алтай уулаа хамгийн ихээр эрхэмлэн шүтэж тахидаг учраас уулаа тойрсон зан үйл, хорио цээр ихтэй. Үг хэл яриандаа “Алтай минь” гэж хүндэтгэнэ, баясахдаа гунихдаа ч “Алтай минь” гэж уулга алдана.

    Урианхай түмэн жил бүр уул овоогоо тахидаг дээдийн ёстой. Социализмын үед ихэнх нутгуудад овоо тахилга саармагжиж  ирэхэд Алтайн урианхайчуудын дунд оршсоор л ирсэн. Тэд цагаан сарын шинийн нэгний өглөө уулын толгойд ургах нартай уралдан уул овоогоо тахих ёслолыг хот айлаараа гүйцэтгэдэг уламжлалтай. Энэ нь гэр бүлийнхээ хүрээнд хийдэг бөгөөд гэрийнхээ зүүн урд зүгт өндөрлөг газар чулуугаар тусгайлан барьж байгуулсан, 100 см орчим голчтой, дугуй хэлбэртэй, дээрээ гал түлж тахилга үйлдэх зориулалттай тэгш тавцан бүхий босгосон овоо буюу балин дээрээ очиж  Алтайн 13 сан тавьж эргэл мөргөл үйлдэнэ. Үүн дотор нь Хийморийн сан ч багтсан байна. Энэ үйлийг алгасахыг машид цээрлэнэ. Угтаа бол ингэж овоогоо тахиснаараа жилийнхээ цээрийг бүгдийг нь арилгаж байгаа юм. Аливаа өвчин зовлон, үхэл хагацал тохиолдсон ч заавал овоондоо мөргөж, сангаа тавина.

Алтайн нурууны салбар Мөнххайрхан уул

     Цагаан сараар урианхайчууд овоон дээрээ хамгийн түрүүнд золгоно. Гэрийн эзэн, хөгшин аав нь эрэгтэй хүүхдүүдээ авч балин дээрээ гарна. Хамгийн эхний золголтоо ахмадтайгаа хийдэг. Балин дээр гүйцэтгэх ёс нь овоондоо мөргөж, тэнгэр хангайгаас хишиг буян, өгөөж шимээ хайрлахыг хүсэмжлэн тавагтай идээ тэргүүтнээ барин балингаа дахин гурван удаа хурайлан тойрсноор өндөрлөдөг. Балинд гэрийн эзэгтэй нар очих ёсгүй бөгөөд тэд гэрийнхээ гадаа сан тавьж мөргөдөг. Харин нас бие гүйцэж эрд гараагүй охид сэвгэрүүд балинд цугтаа очно. Балинд очих, ирэх замдаа насны эрэмбийг ягштал баримталж явна. Гэрийн эзэн балингаас ирээд гэртээ орж бурхандаа гурвантаа сөгдөж мөргөхөөс гадна сайн морио унаж, саадаг буугаа үүрч зүгээ гарган хийморио сэргээж уул усандаа сан тавьж залбирал үйлддэг ёстой. Малын яс дотроос хамгийн эрхэм яс өвчүү хэмээн хүндэтгэнэ. Учир нь бүх яс доошоо хардаг бол өвчүү ганцаараа дээд тэнгэр лүүгээ харж байдаг. Бүх малын араг ясыг ганц холбож бэхжүүлж байгаа яс хэмээн хүндэлж, бэхжүүлэхийн бэлгэдэл болгон дээдэлнэ.

     Бусад талаараа уул усандаа бохир оруулахгүй, харааж зүхэхгүй, өвс ургамал, ан гөрөөг нь хөндөхгүй гэх мэт нийтлэг зан үйлүүд Монголын бусад угсаатнуудтай ойролцоо. Хамгийн гол нь уулаа тахихыг мартахыг, орхихыг, хэлбэрдэхийг цээрлэнэ.

     Биет бус өвийн хувьд бусад монгол угсаатны бүлгүүдээс ялгарах дөрвөн зүйл бий. Нэгдүгээрт. Тууль хайлахыг уран сайхан гэхээсээ илүүтэй шүтлэг бишрэлийн зориулалттай зан үйл гэж үзнэ, машид хүндэтгэнэ. Туульчийг уриад гэртээ нэг удаа тууль хайлуулж, Алтай магтуулна гэдэг нэг том лам урьж судар уншуулсантай тэнцэх үйл явц. Жишээ нь баян чинээлэг, мал сүрэг ихтэй байхыг хүсвэл  “Баян цагаан өвгөн”, үр хүүхэд олонтой, өнөр өтгөн байхыг хүсвэл “Адил цагаан өвгөн” гэх мэт тусгай зориулалтуудаар тууль хайлуулдаг. Тууль хайлахад эхлээд Алтайгаа магтана, ингэж байж Алтайн эзэн ирнэ. Алтайн эзэн ирээд тэр туульчид туслан тууль цаашаа явна. Урианхайчууд ойролцоогоор 15, 16 тууль хайлдаг. Нэг тууль долоогоос найман мянган мөр шүлэгтэй. Тэгэхээр 10 тууль хайлсан Чойсүрэн, Уртнасан, Авирмэд, Баатаржав, Балданжав нар дунджаар 80-90 мянган мөртэй тууль хайлсан байгаа шүү дээ. Энийг цээжээр хэлнэ гэж байхгүй. Туульч гагцхүү туулийнхаа баатруудыг, үйл явдлыг, газар орныг мэдэж байдаг. Алтайгаа магтаад эхлэхэд үг нь өөрөө орж ирдэг гэсэн үг. 1914 онд туульч Жилкэр “Би товшуураа аваад суухад туулийн баатрууд амилдаг, бурхан надад тусалдаг” гэж хэлсэн байдаг. Тэгэхээр Алтайн эзэн туульчид туслаад хэлүүлдэг байж магадгүй юм. Туульч ямар айлд тууль хайлахаа өөрөө үзэж хараад хэрэгтэй туулийг нь хайлж өгнө. Ийм шүтлэгийн зан үйлийн хэрэглээ аль алинд нь байгаа учраас өнө удаан хугацаанд уламжлагдаж иржээ.

   Хоёрдугаарт. Модон цуур хөгжим. Энэ хөгжмийг үе дамжуулан авч явсаар өнөөгийн монголчуудад хүргэж ирэхэд урианхайчуудын гүйцэтгэсэн үүрэг их. Энэ хөгжмийн зэмсгийг байгаль дэлхийг аргадах, өвчин эмгэгийг зайлуулах, үр хүүхэд гуйх, мал сүрэг өсгөх зэрэг зан үйл дээр ихэвчлэн хэрэглэнэ. Цуурыг мөн туулийн адил эхлээд үлээж аялгуу тавихад Алтайн эзэнтэй холбогддог. Алтай эзнээс юу хэлж, яах ёстойг хэлж өгч байгаагаар  шүтлэгийн зориулалт, хэрэгцээ аль алинд нь бий.

  Гуравдугаарт. Урианхай сурын харваа. Мөн адил шүтлэгийн зориулалттай. Урианхайчууд Цагаан сарын шинийн нэгнээс эхлээд нэг сарын хугацаанд урианхай сурын харваа зохион байгуулна. Айл болгоны өрхийн тэргүүд нэг дор цугларч цомхон наадамлана. Үүнийг  “Будааны сур” гэж нэрлэдэг. Шинийн нэгэнд нэг тухайлсан айл нь бусад 30-40 айл урьж цуглуулан бүх харваачдын шагнал, хоол хүнс, унаж очсон морины өвс тэжээлийг тэр айл даана. Төгсгөлд нь сур харвааны дүнгээ гаргаж шилдгээ шалгаруулна. Ингээд айл айлаар ээлжлэн уралдаанаа зохион байгуулж нэг сар болно. Тэр сурын харвааг дааж харвуулсан айл бүтэн жилийнхээ засал, даллага хийчихлээ гэж ихэд хүндэтгэлтэй хандана. Урианхай сур ч өөрөө язгуур шинжээ хадгалаад үлдчихсэн, чөдөр юм уу, цулбуураа бөөрөнхийлөөд жижиг сур болгоод хийчихнэ.  Сур харвааны талбайг мөс болон газар дээр хоёр янзаар хялбархаан засаад тохижуулчихна. Сүүлийн жилүүдэд ч монгол төрийн наадам урианхай сурын харваагаар эхэлдэг болсон. Наадмын харваанууд дундаас илүү язгуурлаг, эртний зан үйлийн зориулалттай учраас тэр.

   Дөрөвдүгээрт. Уул овоогоо тахин ихэд хүндэтгэнэ. Урианхай хүн нүүдлээр явж байхдаа таарсан зам хөтлийн овоонд мориноосоо буухгүй явж өнгөрөхийг цээрлэнэ. Мөн зуны эхэн сард овоон дээрээ малын ишиг, хурганыхаа имийг аваачиж өлгөнө. Имнэхэд гарсан өчүүхэн арьсыг гэсэн үг. Овооноос өөр газар хаяхыг цээрлэж байгаа хэрэг. Яагаад гэвэл тэр малчин жилд нэг удаа малаа имнээд Алтай эзэндээ очиж хэлж байгаа үйл юм. Утга нь “Таны хайр ивээлээр миний мал ингэж өслөө, би ингэж тэмдэг тавилаа” гэж харуулж баярласнаа илэрхийлж байгаа харилцаа.

Ковер зургийг Ganbold Mungunkhuu фейсбүүк хуудаснаас авав.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.