Сири улсад Хүлэгү хааны тухай 30 ангитай кино бүтээж байжээ
Дэлхий дүүрэн монголчууд
2025-02-12
Ойрх Дорнодын томоохон улсын нэг Сирид одоогоос 23 жилийн өмнө буюу 2002 онд Чингис хааны ач, Ил хаант улсын анхны хаан Хүлэгүгийн тухай телевизийн цуврал кино бүтээж байжээ. 2002 он нь ерөнхийлөгч Башар Асад эцгийн халааг авч засгийн эрхэнд гараад удаагүй, тус улсын нийгэм-улс төрийн амьдрал харьцангуй тайван байсан үе юм. 2000-аад он бол Сирийн киноны цэцэглэлтийн үе бөгөөд Арабын ертөнцөд асар их амжилт олсон “Bab аl-Hara” (The Neighbourhood's Gate) хэмээх телевизийн цуврал 2006 онд бүтээгджээ.
30 ангитай цуврал Чингис хаан өөрийн ач Хубилай, Хүлэгү нарыг монгол ёсоор сургаж ерөөн зэвсэг бариулж буйгаар эхэлж байна. Улмаар Хүлэгү Чингис хааны гар дор хүмүүжсээр өвөөгийнхөө нас нөгчихтэй зэрэгцэн цэрэг захирах болсон, хатан буулгасан, анхны аян дайнд явсан, Хятадад байлдсан, Хубилайн даалгавраар баруун зүгт дайлаар аялсан үйл явдал үргэлжилсээр 11-23 дугаар анги зөвхөн Багдадад морилсноос эхлээд, энэ хотыг байлдан эзэлсэн 20 гаруй хоногийн үйл явдал, тэр дундаа Абассидын улсын халиф аль Мустасимтай олон удаа элч солилцсоныг харуулжээ. Дараагийн ангиудад Хүлэгү Багдадыг аваад цааш аялж Сирийг дайлсан, тухайлбал Алеппог авсан, монголчуудын эсрэг Египетийн мамлюкууд цэрэг хөдөлгөж буй үйл явдал гарч байна. Хүлэгүгийн амьдралын бусад талыг уран сайхны аргаар харуулсан олон үйл явдал кинонд гарах бөгөөд Кутуй хатныг авахдаа нөхрийг нь хөнөөж байж авсан, эгчдээ хорлогдох гэж байснаа сэрэмжилж мэдээд түүний аминд хүрсэн, нэг хүү нь амиа егүүтгэж байгаа, Багдадыг дайрахгүй гэж халифт амлаад хэлсэн үгнээсээ буцаж буй, хүү Абахадаа хатуу хандан шоронд хүртэл хийсэн, хөл хүнд хатан нь ураг зулбасанд хилэгнэн амийг нь хөнөөх (сүүлчийн анги) зэргийн нэлээд нь түүхэн үнэнээс зөрүүтэй, санаанаас зохиосон шинжтэй байх аж. Бүхэлдээ энэ кинонд Хүлэгү хааныг харгис догшин байлдан дагуулагч хэмээн үзүүлэх, сөрөг талаас нь товойлгон харуулахыг зорьжээ.
Киног палестин гаралтай найруулагч Басиль аль-Хатиб бүтээсэн байна. Нидерландад төрсөн тэрбээр Сирид 1963 оноос амьдарсан, Москвагийн Кино урлагийн дээд сургуулийг (ВГИК) 1987 онд найруулагчийн мэргэжлээр дүүргэсэн аж. Өдгөө 63 настай Басиль аль-Хатиб богино хэмжээний, телевизийн, уран сайхны 40 шахам кино бүтээсэн бөгөөд одоо Кувейтэд телевизийн ээлжит цувралаа бүтээж байна. “Хүлэгү” киноны гол дүр буюу Хүлэгү хаанд Сирийн театр, киноны нэртэй жүжигчин Айман Зэйдан тогложээ. Йорданд театрын сургууль төгссөн А.Зэйдан 50 шахам кинонд дүр бүтээснээс 1985 онд дэлгэцнээ гарсан “Аhlam al-Madina” (Dreams of the City) кино нь Берлиний кино наадмын шагналыг хүртэж байв. Киног хэдий хугацаанд, ямар сувгаар хэчнээн хүн үзсэн, үзэгчид болон шүүмжлэгчид хэрхэн хүлээж авсан гэх мэтийн мэдээлэл тодорхойгүй байна. Харин кино сонирхогчдын олон нийтийн сүлжээнд энэ киног Иракийн удирдагч Саддам Хуссейн маш сонирхож үзсэн хэмээн бичсэн буй нь сонирхолтой юм.
Зураг дээр: "Хүлэгү" (Holako) киноны постер.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.