images

“The MongolZ” багийн авсан шагнал нэг сая долларт дөхөж очив

Ж.Ариунгэрэл

Дэлхий дүүрэн монголчууд

2024-11-04


   Германы Берлин хотод өчигдөр өндөрлөсөн “Counter-Strike 2” тоглоомын "Thunderpick World Championship 2024″ тэмцээнд Монголын “The MongolZ” баг түрүүлж 500 мянган долларын эзэн боллоо. 10 дугаар сарын 22-нд эхэлсэн тэмцээний хэсгийн тоглолтууд онлайнаар болсон бол шөвгийн дөрөвт шалгарсан багуудын тоглолт Берлин хотын “LVL Dome” ордонд 3-ны өдөр эхэлсэн юм. Улмаар “The MongolZ” баг аваргын төлөө Норвегийн “Heroic” багтай өрсөлдөн хожиж, тэмцээний шагналын сан болох нэг сая долларын тэн хагас буюу 500 мянган долларыг авахаар болсон байна. Харин хоёрдугаар байрт орсон “Heroic” баг 150 мянга, гуравдугаар байр эзэлсэн Францын 3DMAX баг 70 мянга, дөрөвдүгээр байрт орсон Данийн OG баг 50 мянган доллар хүртжээ. Цахим спортын liquipedia.net сайтын мэдээллийн сангаас үзвэл “The MongolZ” баг 2024 онд янз бүрийн шагналын сантай есөн тэмцээнд түрүүлж, дөрвөн тэмцээнд хоёрдугаар байр, бусад 20 шахам тэмцээнд гурав ба түүнээс доогуур байр эзэлснээр нийтдээ 486.347 долларын шагнал хүртсэн байна. Энэ тэмцээний шагналыг оруулан тооцвол тэдний энэ жилийн шагналын мөнгө ийнхүү бараг нэг сая доллар болж байна. Харин өнгөрсөн жил тэдний авсан шагнал 59.838 доллар, 2022 онд 9600 доллар байжээ. “The MongolZ” баг нэг эмэгтэй, дөрвөн эрэгтэй, нийт таван хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд багийн ахлагч нь Б.Гарьдмагнай, дасгалжуулагч нь Б.Эрдэнэдалай юм.  

   Сонирхуулахад, энэ тэмцээний аваргын төлөө тоглоод “The MongolZ” багт хожигдсон Норвегийн “Heroic” багийн хүртсэн шагнал 2024 онд нийтдээ 499.000, 2023 онд 775.000 доллар болжээ. Тэгвэл дэлхийд чансаагаараа тэргүүлдэг Германы G2 баг энэ онд нийт нэг сая 281 мянган доллар, 2023 онд нэг сая 103 мянган доллар хүртсэн байна.  

Гэрэл зургийн эх сурвалж: www.betus.com.pa

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.