Монголчууд Унгарын нийслэлд буузны газар нээжээ
Дэлхий дүүрэн монголчууд
2024-10-22
Унгарт амьдардаг монгол залуучууд нийслэл Будапешт хотод буузны кафе нээсэн нь үйлчлүүлэгчид ихтэй байгаа талаар тус улс дахь манай эх сурвалж мэдээллээ. Будапешт хотын Дохаани гудамжинд нэг сарын өмнө нээгдсэн “Ganbuuz” нэртэй энэ кафед үхэр, хонь, гахай, тахианы мах болон ногоотой нийт зургаан төрлийн энгийн хийгээд мантуун бууз, пирожки, “Нийслэл”, байцааны зэрэг дөрвөн төрлийн салатаар үйлчлэхээс гадна сүүтэй цайгаар үнэгүй дайлдаг байна. Есөн ширхэг бууз, салаттай авбал 4590 форинт болох бөгөөд энэ нь монгол мөнгөнд шилжүүлбэл ойролцоогоор 46 мянган төгрөг болох юм. “Ganbuuz” нь Будапешт хотод ажиллаж буй монгол хоолны хоёр дахь газар болж байна. Эхнийх нь болох “Mongolian Yurt Budapest” ресторан нь өнгөрсөн оны нэгдүгээр сард нээгджээ. Монгол гэрийн хэлбэрээр зохиомжлон, нүүдэлчний соёлын олон талыг тусгасан орчин бүхий энэ ресторан бүх төрлийн монгол хоолоор үйлчлэхээс гадна Унгарт амьдардаг монголчуудын хүүхдийн даахь үргээх ёслол, насны найр, бэр гуйх ёслол, төрсөн өдөр, хурим найр, баярын үйл ажиллагааг хүлээн авч зохион байгуулдаг байна.
Гэрэл зургийн эх сурвалж: Mongolian Dad in Hungary Фэйсбүүк хуудас.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.