Буриад, халимаг бүсгүйчүүд Москвад монгол үндэстний хөгжим тоглоно
Дэлхий дүүрэн монголчууд
2024-10-22
Оросын Буриад, Халимагийн үндэсний хөгжимчин бүсгүйчүүдийн тоглолт Москва хотод болох гэж байна. Москвагийн Тверская гудамжин дахь Орос-Зөвлөлтийн алдартай төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Александр Гольденвейзерийн гэр музейд ирэх сарын 3-нд болох уг тоглолтод Буриадын морин хуурч Анастасия Бубеева, Халимагийн ёочин хөгжимчин Оксана Немгирова нар оролцох бөгөөд монгол үндэстний хөгжмийн зэмсэг морин хуур, ёочин, халимаг домбр, төмөр хуураар тоглох аж. “Тал нутгийн аялгуу” хөтөлбөрийн танилцуулгад “Морин хуур тэргүүтэй монгол үндэстний хөгжмийн зэмсгийн шидэт аялгуу нүүдэлчин ахуйн дүр зураг, тэдгээр хөгжимчдийн төрөлх нутаг уул тал, говь, хангайн үзэмжит байгалийг магтан дуулах болно” хэмээн бичжээ.
Олон улсын хөгжмийн хэд хэдэн уралдааны шагналт Анастасия Бубеева нь Улаан-Үд хотын П.И.Чайковскийн нэрэмжит урлагийн коллежийг дүүргэсэн, одоо Москва хотын Гнесины нэрэмжит Оросын хөгжмийн академид суралцаж буй бөгөөд Улаан-Үд хотын “Баярт” морин хуурын студийн багш юм. Оксана Немгирова нь мөн олон улсын хөгжмийн уралдаануудаас шагнал хүртсэн, халимаг домбр хөгжмийн багшаас гадна үндэсний хувцасны брэнд хөгжүүлэгч ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.