images

Хятадын хамгийн алдартай эмэгтэй боксчныг өвөр монгол дасгалжуулагч төрүүлжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-09-30


   Өвөр Монголын Улаанхад буюу Чифэн хотын Онниуд хошууны Шинэ сүмд нутагтай, боксын дасгалжуулагч Хаданбаатарын шавь өнгөрөгч Парисын Олимпоос алтан медаль авчээ. Иймд Өвөр Монголын боксын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Хаданбаатарыг "Solongonews” сайт сурвалжилсан байна. Түүний шавь Ли Чянь Парисын Олимпын эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд алтан медаль хүртсэн юм. Тэрбээр 2016 оны Рио де Жанейрогийн Олимпын хүрэл, 2020 оны Токиогийн Олимпын мөнгөн медалийг хүртсэн тул Олимпын иж бүрэн медальтан болсон аж. Хятадын Хөнань мужаас гаралтай ч тэрбээр Өвөр Монголын Олимпын анхны алт, мөнгө, хүрэл медалийг авчирсан тамирчин гэгддэг байна. Учир нь, тэрбээр 2001 онд гэрийнхэнтэйгээ Ордос хотод нүүж ирсэн бөгөөд сагсан бөмбөгийн багийн хамгаалагчаар тоглодог охиныг 2007 онд Хаданбаатар дасгалжуулагч Өвөр Монголын боксын шигшээ багт урьж боксчин болгожээ. Өдгөө Ли Чянь Олимпын гурван наадамд дараалан амжилт гаргаж, алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн дэлхийн цор ганц эмэгтэй боксчин болоод байгаа юм.

   Олимпын аваргыг төрүүлсэн дасгалжуулагч Хаданбаатар нь 1991-2005 оны хооронд тамирчин байжээ. Зодог тайлсныхаа дараа 2006 онд дасгалжуулагчаар ажиллах болсноор 1988 онд байгуулагдсан Өвөр Монголын боксын холбооны анхны ерөнхий дасгалжуулагч болсон байна. Тамирчин байх хугацаандаа тэрбээр Хятадын болон ААШТ-ны аварга болсон бөгөөд 2004 оны Афины Олимпод оролцжээ. Тэрбээр шавь нар нь Олимп, ДАШТ, ААШТ, УАШТ-ий бүхий л медалийг авсан тухай ярьсан юм. Сонирхуулахад, өнгөрөгч Парисын Олимпын наадмаас Өвөр Монголын спорт алхааны дасгалжуулагч, Афины Олимпод оролцож аравдугаар байр эзэлсэн Алтангадасын шавь Ян Жяюй алтан медаль хүртсэн тухай бид өмнө нь мэдээлсэн билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.