Өвөр монгол дасгалжуулагч Алтангадасын шавь Олимпод түрүүллээ
Анд нөхдийн мэдээ
2024-08-05
Хятадын тамирчин Ян Жяюй наймдугаар сарын 1-нд болсон Олимпын эмэгтэйчүүдийн спорт алхааны 20 километрийн төрөлд 1:25:54 цагийн амжилтаар түрүүлсэн билээ. Ингэснээр тэрбээр Хятадын энэ төрлийн ес, Парисын Олимпын 11 дэх алтан медалийг авсан юм. Ян Жяюй 1996 онд Өвөр Монголын Үхай хотод төрсөн бөгөөд 2010 онд спорт алхаагаар хичээллэж эхлээд хожим мэргэжлийн дасгалжуулагч Алтангадасын удирдлагад бэлтгэл хийдэг болсон байна. Түүнийг Парисын Олимпод ялсны дараа өвөр монгол дасгалжуулагч Алтангадас “Ян Жяюй уйгагүй бэлтгэл хийгч төдий бус бурхнаас заяасан тамирчин” гэжээ. Алтангадас нь Өвөр Монголын бүсийн шигшээ багийн дасгалжуулагч, 2004 оны Афины Олимпын спорт алхааны 50 км-ын төрөлд 10 дугаар байр эзэлсэн тамирчин юм. Тэрбээр 1984 оны нэгдүгээр сарын 27-нд Өвөр Монголын Байшинт (Тунляо) хотын Хүрээ хошуунд төрсөн байна. Байшинт хот нь хуучнаар Жирэм аймгийн төв юм. Алтангадас анх 2000 онд Хятадын УАШТ-д орж 2002 онд улсын шигшээ багийн тамирчин болжээ. Улмаар 2004 онд Олимпод оролцсоноос гадна Германы Наумбург хотод болсон Дэлхийн цомын тэмцээнд тавдугаар байр эзэлсэн бол 2006 онд Мексикийн Тлалнэпантла хотод болсон “Challenger International” тэмцээнд 50 км замыг 3:58:25 цагт туулж түрүүлсэн алдарт тамирчин юм. 2005 оны Хятадын наадамд 3:40:23 цагт барианд орсон нь түүний хувийн дээд амжилт ажээ. Олимпын аваргыг төрүүлсэн дасгалжуулагчийн өөр нэг шавь, өдгөө 24 настай Жан Яао 10 км зайн спорт алхааны төрлөөр ДАШТ-д хоёр удаа түрүүлсэн юм. Жан Яао мөн л Үхай хотод төрж өссөн нэгэн аж. Сонирхуулахад, Олимпын шинэ аварга Ян Жяюй нь дэлхийн дээд амжилтыг эзэмшигч юм. Тэрбээр 2021 оны Хятадын спорт алхааны УАШТ-ий 20 км зайд уралдаж 1:23:49 цагт барианд орсноор дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ. Мөн 2017 онд Лондон хотноо болсон ДАШТ-ий аварга юм. Цахим орчинд идэвхтэй байж, өдөр тутмын амьдралынхаа талаар шүтэн бишрэгчидтэйгээ хуваалцдаг байсан Ян Жяюй 2018 оноос хойш бэлтгэлийнхээ бичлэгийг тасралтгүй нийтэлдэг болсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.