Монгол найрагч Македонийн тайзнаа буриад дээлтэй гарав
Дэлхий дүүрэн монголчууд
2024-08-23
Хойд Македони улсын Струга хотод болж буй олон улсын яруу найргийн наадамд Монгол улсаас “Болор цом”-ын шагналт яруу найрагч Д.Галсансүх оролцож байгаа билээ. Тэрбээр өнөөдөр үдэшлэгийн тайзнаа гарч “Нүүдэлчдийг номхруулахуй” шүлгээ уншсан байна. Д.Галсансүх тайзнаа буриад дээл хувцастай гарсан бөгөөд тэрбээр Хэнтий аймгийн Дадал сумын уугуул юм. Г.Мэнд-Ооёо нарын Монголын хэд хэдэн найрагч өмнө нь оролцож байсан уг наадамд Д.Галсансүх хоёр дахь удаагаа уригдан оролцож буй нь энэ юм. Гадаадын яруу найрагчдаас өнөөдөр Шведийн Бэнгт Бэрг, Германы Анна Хоффман, Туркийн Гөкченүр Гэлэбиоглу нар шүлгээ уншсан байна.
“Стругагийн яруу найргийн үдэш” хэмээх энэ наадам анх 1961 онд болж Македонийн шүлэгчид оролцож байсан бол 1966 оноос гадаадын яруу найрагчдыг оролцуулдаг болжээ. Наадмын 63 жилийн түүхэнд Зөвлөлт-Америкийн яруу найрагч, Нобелийн шагналт Иосиф Бродский, Чилийн Пабло Неруда, Английн Уинстон Одэн, Америкийн Аллен Гинзбэрг, Оросын Булат Окужава нарын алдартай яруу найрагчид оролцон тэргүүн шагналыг хүртэж байв. Энэ удаагийн наадам харааны бэрхшээлтэй хүмүүст зориулан Луи Брайлийн зохиосон брайль үсгийн 200 жилийн ойг тохиолдуулан “Гоо сайхныг тэмтрэхүй” сэдвийн дор болж байгаа юм. Наадмын дундуур Македони улсад суух Монгол улсын өргөмжит консул Н.Лийтэв хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд зориулсан уран зургийн үзэсгэлэнгээ нийтэд толилуулж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.