10 дахь үеийн туульч У.Зундуй: Хүүхэдгүй айл аавыг залж тууль хайлуулаад үртэй болсон нь ч бий
Муугийн ёс биш
2022-11-24
Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат 10 дахь үеийн туульч Уртнасангийн Зундуйтай урианхай туулийн талаар ярилцлаа.
-Та удам дамжсан туульчдын залгамж халаа юм билээ. Таны туульч удмын талаар яриагаа эхлүүлье?
-Туульч Занын Жилкэр гэж хүн миний өндөр өвөө. Би энэ Жилкэрийн удмын арав дахь үеийн туульч. З.Жилкэр туульч гурван охинтой байсны нэг нь миний эмээ Оролмаа юм. Мөн л тууль ярьдаг хүн байжээ. Тэгээд тууль хайлдаг Баатар гэж хүнтэй суусан. Харин миний аав Баатарын Уртнасан гэж туульч байлаа. Энэ хүний отгон хүү нь би. Аав минь эцэг эхээс ах дүү тавуулаа. Тэдний гурав нь буюу аав, аавын том ах Б.Нацаг, дүү Б.Авирмэд нар тууль хайлдаг байсан. Одоо Нацаг ахын хүү Н.Дамдиндорж сум орондоо дуу хөгжмийн багш хийж, тууль хайлах эрдмээ түгээн дэлгэрүүлж байна. Мөн Авирмэд ахын хүү А.Балдандорж гэж Төрийн өргөмжит туульч, Соёлын гавьяат зүтгэлтэн хүн бий.
-Тууль хайлахыг та хэдэн настайдаа, яаж сурсан бэ?
-Аавыг айлуудаар явж шөнөжин тууль хайлахад нь дагаж явж сонссоор чихэнд хоногшсон. Нас бага байсан болохоор сонсож байгаад унтчихна. Тэгээд сэрэхэд хайлж л байдаг байлаа. Ер нь аавынхаа өвдгийг түшиж хажууд нь суусаар сонсож дасаад сурсан даа. Түүнээс биш яг заалгаагүй. Харж сурсан, өвлөсөн. Тууль хайлахад яаж амьсгаагаа хуваарилж, хоолойгоо шахах вэ гэдэг чухал. Зүгээр л хоолойгоо шахчих юм бол хоолойгоо эвдэнэ. Цэр, цус гарна. Эвгүй шахвал хоолойгоо баллачихдаг учраас энийг сурах хэцүү. Сурч байхад эхэндээ хоолой өвддөг юм. Энэ талаар аав хэлж өгч байсан. Харин туулийн үйл явдал чихэнд хоногшсон учраас багаасаа л өөртөө суулгаж, ааваасаа өвлөж авсан. Арван хэдэн настайгаасаа л тууль яаж хайлахыг мэддэг, гэр зуураа Алтайн магтаалаа хэлж, тууль хайлах гэдэг байлаа. Харин сүүлийн жилүүдэд л уралдаан тэмцээнд орж байна.
-Та ямар ямар тууль хайлдаг вэ. Аавынхаа хайлж байсан туулиудыг та хайлдаг уу?
-Тийм ээ. Аавынхаа хайлж байсан туулиудыг өвлөж явна. Би “Аргил цагаан өвгөн”, “Долоон түмэн настай Дуваар бөх”, “Наран хөвөө хаан” гэдэг гурван тууль хайлдаг. Чадал хүрвэл цаашдаа нэмээд л явахыг бодно. Одоогоор миний хайлаагүй байгаа тууль ч цээжинд бий.
-Ямар учиртай, хэр урт, хэдэн цаг хайлдаг туулиуд вэ?
-Тууль урт, богино янз бүр байна. Хэдхэн цаг, 24 цаг, хэд хоногоор хайлах ч туулиуд бий. Миний энэ туулиуд 24 цаг хайлдаг нь. Мөн туулийг зөөлөн, хатуу гэж ангилна. Тухайлбал, миний хайлдаг хатуу тууль бол “Долоон түмэн настай Дуваар бөх”. Энэ туулийг догшин лус савдагтай газарт хайлдаг. Харин нөгөө хоёр нь зөөлөн тууль. Үр хүүхэд тогтдоггүй айлд “Наран хөвөө хаан”-ыг хайлна. Мөн “Аргил цагаан өвгөн” тууль сайн сайхны бэлгэдэл болдог. Дээр үед хориглосон, хайлж болохгүй гэсэн туулиуд ч бий.
-Та хориглож байсан туулиудаас мэдэх үү?
-Би сайн мэдэхгүй ээ. Харин яагаад хориглосон бэ гэхээр, дээр үед нэг хүн маш догшин хатуу туулийг дутуу хайлжээ. Хатуу туулийг дутуу хайлснаасаа болж бие муудсан тухай ярьдаг байсан. Тэгээд л хориглосон юм билээ. Хайлж чадахгүй бол тууль хэлэх хэрэггүй гэсэн үг.
-Туулийг яаж хайлах ёстой вэ. Бас хэзээ хайлдаг вэ?
-Тууль хайлахын урд заавал Алтайгаа магтана. Аягандаа сүү хийж тавиад, арцаа уугиулаад Алтайн магтаал хэлж лус савдгаа баярлуулах ёстой. Тэгээд ард нь туулиа хайлна. Түүнээс биш, Алтай магтахгүйгээр тууль эхлэхийг тууль хайлах биш гэж үздэг. Туулийг зун хайлдаггүй. Өвөл хайлдаг. Учир нь, анхны бороо орж тэнгэр дуугарсан бол тууль хайлахыг хориглодог юм. Мөн туулийг лусын буултай өдөр хайлдаг. Цээрлэдэг өдөр гэвэл миний хувьд нохой өдөр. Тэр өдөр намайг тууль хайлаад өгөөч гэвэл би “Үгүй” л гэдэг. Аав минь тэгж захисан юм.
-Та түрүүн тууль хайлж сурахад хоолойгоо шахах чухал талаар ярьсан?
-Тууль хайлж сурахын өмнө товшуур тоглож сурах чухал. Товшуурынхаа аянд уярч туулийн үг цаанаасаа цээжинд орж ирнэ. Та надаас туулийн хэдэн үг хэлээд өгөөч гэвэл шууд хэлж чадахгүй. Цээжинд байхгүй. Харин товшуураа дараад эхлэхээр ороод ирдэг. Тууль анх сурч байхад аав “Хоолойгоо ингэж шах, хоолойны өнгө доор байна, цаанаасаа амьсгаагаа ав, хэлж байгаа үгээ зөв хуваарил” гэдэг байсан. Яваандаа хоолой задарна.
-Хэрвээ үр хүүхэд тогтдоггүй айл таныг тууль хайлж өгөхийг гуйвал “Наран хөвөө хаан” туулийг хайлдаг юм байна. Тийм үү?
-Энийг би ааваараа жишээ авч ярья. Ингэсэн тохиолдолд тэр айл гурав хоногийн урд ирээд “Манайд очиж Алтай магтаж, тууль хайлж өгөөч” гэж хэлээд тамхиа өгч төөрүүлнэ. Ингээд урьдаар аавын товшуурыг авч яваад гэртээ аваачиж гурав хонуулдаг юм. Тэгээд гурав хоногийн дараа манайд ирж аавыг залаад туулиа хайлуулдаг байсан. Ийм заншилтай. Аав минь тэр айлд очиж тууль хайлаад үр хүүхэдтэй болсон гэж ярьдаг байхад би бага байсан болохоор нарийн ширийн зүйлийг тогтоож ойлгодоггүй байжээ. Миний хувьд хүмүүс Алтай магтаж өгөхийг хүсвэл очиж хайлдаг.
-Та эцэг эхээс хэдүүлээ вэ. Уртнасан гуайн хүүхдүүдээс та ганцаараа тууль хайлж байна уу?
-Би дээрээ долоон эгч, хоёр ахтай. Арвуулаа юм. Манай том ах Энэбиш тууль хайлдаггүй. Миний бага ах Олдох гэж хүн тууль хайлдаг байсан. Энэ ах минь бурхан болчихсон.
-Та бас хөөмийлдөг гэсэн. Туульчид ер нь хөөмийч байдаг уу, эсвэл та өөрөө дурлаж сурсан уу?
-Ер нь туульчийг хөөмийч гэж болох юм байна. Хоолойгоо шахдаг, маш гүнээс амьсгаагаа гаргадаг учраас хөөмийчтэй ойрхон байдаг юм уу гэж би боддог. Би тийм сайн хөөмийч биш ээ.
-Танд бичмэл тууль өвлөгдөж ирсэн үү?
-Зөвхөн Алтайн магтаал л бичмэл байсан. Би заримдаа манай аав цээжиндээ өчнөөн олон туультай байсан байж яагаад ядаж нэгийг нь энийг цээжил гээд бичээд үлдээчхээгүй юм бол гэж боддог юм. Тэгээд нэхээд бодохоор өөрөө сурчихна даа гэж санадаг байсан юм болов уу ч гэж бодогдоно. Багаасаа л туулийнхаа утгыг ойлгосон болохоор. Товшуурын дуу сонсохоор өөрийн эрхгүй л...
Харин бичмэлээр биш хуурцагт хураасан бичлэг нь надад бий. Манай аав Японы музейд анх хөл тавьж тэнд хайлсан туулийг CD дээр бичсэн нь байгаа. Нэг тууль судлаач япон хүн манайд хэдэн жил ирсэн юм. Сүүлд гэр бүлээрээ манайд ирж байлаа. Тэр хүнийг л дагаж очоод аав Японы музейд тууль хайлсан хэрэг. Аав минь Соёлын тэргүүний ажилтан байсан. Мөн Горный Алтай явж тууль хайлж байсан юм билээ. Төрийн өргөмжит туульч Э.Баатаржав хадаг барьж манай аавд шавь орж байлаа. Тэр үеийнх нь зураг манайд байдаг юм.
-Тийм урт хайлдаг туулийн үгийг солих, мартах тохиолдол гардаг уу?
-Үгийг нь сольж болохгүй. Тууль хайлж байгаад нэг л үг алдвал дараагийн үг, ая хэмнэл нь өөрчлөгдчихнө. Би туулийг бичиж цээжилж сурсан хүн л алддаг байх гэж боддог. Туулийг ном унших шиг ёс суртахуунтай л хайлах хэрэгтэй. Захын нэг хүн барьж аваад хэдэн мөр хэлээд л зогсоогоод байж болдоггүй юм. Бид өөрсдөө ч тууль хайлах тэмцээн уралдаанд орохдоо ямар туулийн аль хэсгийг хайлж болох вэ гэдгээ зөв шийдэх хэрэгтэй. Тухайлбал, богино хугацаанд туулийн хэсгээс хайлахад хүрвэл эхлээд гэр орныг нь төвхнүүлэх ёстой. Энэ нь таван хошуу мал, өргөө гэр доторх тавил, дээвэр, туурга бүгдийг магтах юм.
Туулийн үг хэллэг чухал. Яг тэр хуучин урианхай туульд юу гэдэг байсан яг түүгээр нь тэр хэллэгээр нь бид хэлж, авч үлдэх учиртай. Жишээлбэл, аяга тавгийг айга гэнэ. Тооныг гарайц гэнэ. Бид одоо тууль хайлахдаа тооно гэж болохгүй. Тэгвэл энэ бүхэн мартагдана шүү дээ.
-Урианхай тууль, монгол тууль гэж байна. Ялгаа нь юу вэ?
-Миний харж байгаагаар Алтай магтаал нь ялгаатай байна. Алтай магтаалын бүрэн эх гэж байдаг. Одоо Дамдиндорж ах, Балдандорж ах бид гурав бүрэн эхээр нь магтдаг. Зарим номд “Өглөө нь униартаж байдаг Өдөр нь суунаглаж байдаг” гээд биччихсэн байгаа юм. Тэгэхээр Алтайн магтаалын эхлэлийг хаячхаад дундаас нь эхлүүлсэн байна гэсэн үг. Тэгээд өмнө ярьсан үг хэллэгийн ялгаа бий.
-Таны хүүхдүүд тууль сонирхож байна уу. Тэд 11 дэх үеийн туульчид болох нь?
-Би гурван залуутай. Хамгийн бага нь нэгдүгээр анги. Хоёр том нь жил дараалан гарсан. Тэд нартаа би цагаан дээл, товшууртай бэлдээд өгчихсөн. Бид нар яахав, хэдэн тууль хайлж чадна тэрийгээ хайлаад л явна. Харин туулиа яг тэр үг хэллэгээр нь удмаа таслахгүй, мартагдуулахгүй өвлүүлж үлдээх л чухал. Миний хүсэж байгаа зүйл бол Алтай магтаал, тууль мөнхөд байгаасай гэдэг зүйл. Мэдээж үр хүүхдэдээ өвлүүлнэ. Гэртээ магтаал хэлэхээр бага маань дуурайгаад л байдаг юм. Багаас нь чихэнд нь хоногшиж байгаа байх.
-Таны эмээ Оролмаа гуай туульч байсан. Ер нь туулийг эмэгтэй хүн хайлж болно гэсэн үг үү. Одоо танай удамд өөр эмэгтэй туульч бий юү?
-Тийм, гэхдээ товшуур барьж хайлдаггүй. Манай эмээ товшуур барьж хайлдаггүй, үлгэр болгож хэлдэг байжээ. Хэд хэдэн том тууль мэддэг байсан гэнэ. Манай нэг эгч “Би ярина” л гэдэг юм. Одоохондоо тэгээгүй л байна.
-Ярилцсанд баярлалаа.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (2)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Bayaraa
Saihan uv ulamjlal bna. Ene TV uud,studiud ochij goy nevtruuleg yariltslaga hiimeer
2022-11-27
Хариулах (0) (0)ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.