А.Урангоо: Би хүн чанартай, хүний юмыг хайрладаг, шуналгүй залуусыг ажилд авдаг
Бид ингэж эхэлсэн
2024-06-18
“UA Properties” үл хөдлөх хөрөнгийн зуучлагч компанийн үүсгэн байгуулагч, захирал А.Урангоо МҮОНР-ийн Оройн хөтөлбөрт Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр өгсөн ярилцлагыг уншигчдадаа хүргэж байна.
- Сайн байна уу. Та өөрийгөө хэн гэж танилцуулахыг хүсдэг вэ?
- Би 38 настай. Хоёр компани удирдаж ажиллуулдаг. Хоёр хүүхэд, нөхөртэйгээ амьдардаг. Ер нь олон дүрд, олон нугачаа дунд амьдарч явна. Ажил дээр сайн дарга, ээжийнхээ хажууд сайн охин, хүүхдүүдийнхээ дэргэд сайн ээж, эхнэр, олон нийтэд нөлөөлөгч гэх зэргээр олон дүрд хувирч тэр хэрээрээ их хариуцлага дунд амьдарч байна. Гэхдээ бидний үеийн залуус, тэр тусмаа гадаадад сурч төгссөн, хөдөлмөрийн насны, амьдралын идэвхтэй хүмүүс бүгд л сайн сайхан амьдралын төлөө өөр өөрийнхөөрөө зүтгэж байгаа. Ингээд зүтгэж байгааг маань хүмүүс “Амжилттай явна” гэж харж, үнэлдэг бололтой. Хувиараа бизнес эрхлээд арваад жил болсны дараа хүн бол яах аргагүй өөрийнхөө ертөнцийг салбартаа бүтээж, гарааны бизнес нь дунд шатных болж ахидаг юм байна. Энэ нь л монголчуудад, миний үеийнхэнд таалагдаж “Амжилт” гэж дүгнүүлээд, тэр нь компанид орлого ашиг болон орж манайд ажиллаж байгаа хүмүүсийн өгсөх замнал, салбарынхаа үлгэр дуурайлал болоод ирэхээр хүн ажилдаа их дуртай болж, бүр илүү урам зориг авдаг юм байна. Тэгэхээр залуухан монгол эмэгтэй Монгол улсдаа үл хөдлөх хөрөнгийн салбарт сайхан ажиллаж амьдарч байна даа гэж өөрийгөө тодорхойлъё доо.
- Таны ажлаас жирийн хүн заавал мэдэх ёстой зүйл юу вэ?
- Бид яг амьдрал дээр боловсролдоо мөнгө зардаггүй. Эрүүл мэнддээ ч тэгж их мөнгө зардаггүй. Үр хүүхдэдээ ч зарцуулдаггүй. Тэгсэн мөртлөө үл хөдлөх хөрөнгөд маш их мөнгө зардаг байхгүй юу. Хамгийн үнэтэй, өвлөх хөрөнгө. Гэтэл энэ нь Монголын эдийн засгийн байдалтай хоршоод эхэлсэн. Төгрөгийн ханшийн уналт, барилгын нийлүүлэлт гэсээр үл хөдлөх хөрөнгө арилжааны хэрэгсэл болчихсон. Нэг ёсондоо бартер солилцооноос том үнийн дүн бүхий бүтээгдэхүүн болж хувирчээ. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэвэл нэгдүгээрт, бидний амьдралдаа хамгийн их мөнгө зардаг бүтээгдэхүүн үл хөдлөх хөрөнгө болж таарч байна. Хоёрдугаарт, энэ нь бизнесийн хувьд том үнийн дүнтэй арилжааны эрх зүй болчихож. Зүгээр л нэг хүн байр сонгох шийдвэр биш болчихсон. Эрэлт, нийлүүлэлт, зах зээл ихэссэн байна. Манай хотын төлөвлөгөө муутай байгаа нь ямар ч иргэн шийдвэр гаргахад хэцүү нөхцөл байдал үүсгэчихсэн. Тиймээс бид таны тэгж их бодож бодож амьдралдаа гаргах гэж буй үнэтэй шийдвэрийг зөвлөж, зааж, чиглүүлэхэд тусалдаг. Тэнд байгаа нууц, гоё хэлэлцээрүүдийг гаргаж ирдэг. Үүний үр дүнд бид тодорхой мэдээлэл түгээсэн, тэрний төлөө ажилласан, итгэл олсон, жагсаалт цуглуулсан, тэрнийхээ ганц, хоёр хувийг зуучлалын хөлс болгож авдаг. Энэ ажлыг одоогоос аравхан жилийн өмнө гадаад хүмүүс хийдэг байлаа. Монголд үл хөдлөх хөрөнгийн зуучлалын компани гэхээр дандаа л гадных байсан. Яагаад Монголд монгол хүнд байр зарах ажлыг гадны хүмүүс хийгээд байсан юм бэ? Би гадаадад төгсөж ирсэн монгол охин болохоор энийг өөрөө Монголдоо хийчихье, ядаж орлого ашиг нь монгол хүндээ үлдэг гэж зорьсон. Одоо ч гэсэн энэ зах зээл дээр олон улсын нэртэй гадны компаниуд ажиллаж байгаа. Харин манай компанийн бүх гүйлгээ, татвар Монголдоо, та бүхний манай компанид төлсөн шимтгэл монгол залуу гэр бүлийг дэмжиж хөрөнгө болж үлддэг. Энэ ажлыг монголчилж хийгээд олон улсын компаниудтай алалцаад л явж байна.
- Танай байгууллагад олон залуус ажилладаг юм байна. Хэчнээн залуус байна? Тэдний зан чанар, онцлог? Залуус танд хэр их итгэл найдвар төрүүлдэг вэ?
- Удирдагч бүрийн, ялангуяа бизнес эрхлэгч болгоны арга барил бизнесийн салбар бүрд шал өөр. Манайд ч бас ондоо. Одоо “UA Properties” албан ёсны эрхтэй таван салбартай. Банк бус санхүүгийн байгууллагуудад тусгай зөвшөөрөл олгодог шиг үл хөдлөхийн салбарт тийм зөвшөөрөл өгдөг болчихсон. Яг тэр шаардлагын дагуу ажилладаг болоод одоо 46 орчим хүн ажиллуулж байна. Манай салбарын ажлын арга барил их өөр. Бусад салбарт настай, туршлагатай гэдэг бол манай салбар маш хэцүү, тогтвор суурьшил багатай, нэг ажилтан нэг компанид гурван жилээс дээш хугацаанд ажиллана гэдэг хэцүү. Ажилчдын нас ч өөр. Намайг бизнесээ эхлүүлж байхад үнэндээ үлгэр дуурайлал авчих ганц ч компани байгаагүй. Би яг энэ компани шиг хөгжүүлчих юм сан, эднийх ийм юм хийж байна би бас ингэчих юм сан гэдэг зүйл ширхэг ч байхгүй. Өнөөдөр би сарын 15 тэрбум төгрөгийн эргэлттэй компани удирдаж байна. Энэ бол Монголын том компаниудын сарын эргэлтийн дүн. Энэ тал дээр даруухан байдаг. Бид юу зарж байна гэхээр тэр мөнгийг эргэлдүүлдэг. Яг энийг мэдрээд сууж байгаа өнцгөөсөө өөрийгөө харахаар нэлээд туршлагатай бизнесмэн ч юм шиг санагддаг. Гэхдээ салбарын онцлог гэдэг юм байдаг юм уу даа. Маш сайн борлуулалтын машинууд бэлтгэж байна гэж дүгнэе.
- Тэр борлуулалтын машинууд ямар зан чанартай байвал зүгээр вэ?
- Хүн чанаргүй, шуналтай хүнийг авч болдоггүй. Өөртөө байгаа бүх хөрөнгөө дотроо бод доо. Хэнд итгэж заруулах вэ, хэнд зарах вэ, зарсан мөнгөөрөө юу хийх вэ гэдэг бол маш том асуудал. Үр хүүхдэдээ өвлүүлнэ гээд бодохоор их хэцүү. Тийм болохоор энэ салбарт хүнийг бэлтгэхээс өөр арга байхгүй. Би сайн хүмүүсийг ажилд авдаг. Хүний юмыг хайрладаг, зарим юманд татгалзаж, буулт хийж, ашгаа хувааж чаддаг хүмүүсийг авч ажиллуулна уу гэхээс биш улаан мөнгөний асуудалтай хүмүүсийг авчих юм бол тэд юу ч хамаагүй хийнэ, юу ч хамаагүй борлуулна. Манай компанид маш гоё эмэгтэйчүүд, загварын одод ажилд оръё гэж ирдэг. Хүнийг нь л харж байж ажилд авна. Хувь хүний хандлага зөв байгаад манай багт нэг цул болбол бид цаашаа юуг ч хийж чадна. Өөр нэг анзаардаг юм бий. Тэр нь мөрөөдөлтэй байх ёстой. Би энэ компанийн хаалгаар алхаад ороод ирсэн бол ойрын нэг жилийн эдийн засгийн хүсэл зорилготой байж таарна. Жишээлбэл, 30 сая төгрөгийн автомашинтай болчих юм сан, 20 сая төгрөгнийхөө өрийг дарчих юм сан гэх зэргээр бодоод үзэхээр хүний нэг жилийн хүсэл 100 сая дотор байдаг. Тэрийг нь 12 сард хуваахаар нэг хариу гарна аа даа. Дунджаар долоо найман сая төгрөг, за тэгээд идэж уух хоёр сая төгрөг нэмээд 10 сая төгрөг л болно. “За, энэ мөнгийг хоёулаа яаж сар бүр олох вэ? Хоёулаа жилийн дотор биелүүлчихье. Тэгэх зуураа л байр заръя” гэж ярилцдаг. Ингээд ярилцахаар энд ажиллаж байгаа хүмүүсээс хүний байрыг өндөр үнэтэй зараад мөнгө унагаая гэсэн сэтгэл үнэртдэггүй, гардаггүй. Би 11 жил энэ салбарт ажиллаж байна. Сэтгэл зөв болохоор ажил зөв явдаг гэж боддог. Манай компанийн соёл, онцлог нь энэ. Энд ажиллаж байгаа хүмүүс таны байрыг зарж ашиг олъё гэж биш өөрийнхөө мөрөөдлийг биелүүлье гэж бодож байгаа.
- Энэ их ажлын дунд өөрийнхөө дуртай зүйлийг орхигдуулахгүй байх аргаасаа хуваалцаач?
- Бид социализмаас зах зээлийн нийгэмд шилжсэн болохоор махруу ажилладаг соёлтой. Би зүгээр л байр зардаг хүн. Гэхдээ одоо цахим сүлжээнд юм оруулж байна, зөвлөгөө өгч байна, сонгуулийн ажилд ч оролцож байна. Тэгсэн мөртлөө би гадаадад унтангаа, тоглонгоо борлуулалт хийдэг. Ажлыг гоё хийж болдог. Бид зүгээр л аливаа юмны тухай буруу ойлголттой. Яг үнэндээ эхнэр байх ч хэцүү шүү дээ. Ядаж гоё юм харангаа гэрийн ажлаа хийж болно. Би дандаа айлаар орж орон байр харж явдаг болохоор тэр олон гэрийн эзэгтэй нараас суралцдаг. Туршлагыг хүн өөрөө бүтээдэг, худалдаж авдаггүй. Хамтран ажилладаг хүмүүсээ гоё ажиллуулахыг хүсдэг. Хаашаа ч явсан дагуулаад явахыг хичээдэг. Энэ компаниас гоё зүйл л мэдрээсэй гэж хүсдэг. Амралтанд явлаа гэхэд, хоол идлээ гэхэд хамгийн үнэтэйг, хамгийн гоёыг сонгодог. Тэр болгоноос хүн сайхныг мэдрээд хамтдаа хөгжиж, урам зориг авна. Би өөрөө ч, компанийнхаа хүмүүсийг ч гоё байлгахыг хичээдэг.
- Та түрүүн хоёр компани удирддаг гэж хэлсэн. Нэг нь “UA Properties” гэдгийг бид мэддэг. Нөгөө нь юу вэ?
- Би арван жил бизнес эрхэлчхээд саяхан маш гоё зөвлөх үйлчилгээ авлаа. Манай компани дээр ирээд “Ийм их ажил хийж байж яагаад ганцхан компанитай байгаа юм бэ. Чамайг их онгироо хүүхэн гэж бодсон ямар даруухан юм бэ” гэсэн. “UA Properties” компанийг задалбал бараг таван компани болно. Ганц компанитай байж групп гэж нэрлэдэг, багш биш байж багш гэж ярьдагт би дургүй. Манайх хотын төвд хэд хэдэн барилгад хөрөнгө оруулалт хийсэн хөрөнгө оруулалтын компани. Үнийн дүнг нь сонсвол Монголын дундаж компанитай дүйнэ. Өнгөрсөн хугацаанд байрны хажуугаар машин зарж байсан. Сар бүр хоёр тэрбум төгрөгийн автомашин борлуулдаг. Байрны бартерт ороод ирсэн юм чинь гээд хэлэлгүй яваад байсан чинь данс тооцоо салгаж яах аргагүй тусдаа болох шаардлага тулгарсан. Тэгэхээр нь энэ жил хөрөнгө оруулалтын сан үүсгэлээ. Манай компанид итгэж хөрөнгө оруулдаг хүмүүс бий. Тэднийг нэгтгэж албан ёсны болгох хэрэгтэй болсон. Энэ салбарт олон юм өрнөж байна. 100 сая төгрөгтэй бол банкинд хадгалуулах биш үл хөдлөх хөрөнгө болгоод тэрийгээ зараад эргэлдүүлээд явдаг хүмүүс байгаа. Энд ченжийн сэтгэхгүй байхгүй. Тийм болохоор хүний 50, 100 сая төгрөгийг авчхаад зүгээр суугаад байж болохгүй. Эрэлт нийлүүлэлтээ дагаад компани маань задарсан. Хүн надад хэдэн их наядын үнэлгээтэй барилгаа даатгачихаар яах аргагүй барилгын материалын салбар руу орохоос өөр арга байдаггүй. Тэр барилгыг гоё тохижуулахаас өөр аргагүй болно. Ингээд интерьерийн компанитай болов. Ирээдүйд бид metaverse ашиглана. Тиймээс IT салбарын компанитай болчихсон. Ингэсээр би тав, зургаан компанитай болчихож байгаа юм. Энэ талаар би ерөөсөө ярьдаггүй юм байна лээ. “Би байр зардаг хүн” гээд л яваад байдаг. Гэхдээ би гайхуулж, онгирч ярьж байгаа юм биш шүү. Ажил амжуулаад явахаар илүү олон боломж гарч ирээд, ажил нэмэгдээд, өөрөө хөгжөөд, туршлагажиж байгаа болохоор нээлттэй ярьж байгаа юм шүү.
- Та ямар хүмүүжлээр өссөн бэ?
- Таван шард нэг хоёр өрөө байрнаас ээж, аав хоёрын амьдрал эхэлсэн. Би бол бие биедээ асар их хайртай хоёр хүний хайрын дундаас хүсэж хүлээж гарсан анхны хүүхэд, анхны ач. Аав минь Ховд аймгийн Дөргөн сумын малчны хүү, ээж маань багш, спортын мастер, сэхээтэн хүний хүүхэд. Би хоёр сэргэлэн хүний хүүхэд. Үнэнийг харж өссөн. Амьдралын төлөө яаж тэмцдэгийг харсан. Аав ээж хоёр минь нэг, хоёр, гурав, дөрвөн өрөө байр гэж явсаар амины орон сууцтай болж байлаа. Олон төрлийн бизнес эрхлээд шатаж дампуурч байхыг нь, ээж юм оёод аав зах дээр зардаг байсныг санаж байна. Яах аргагүй ийм зүйл харж өссөн болохоор энэнээс өөр амьдрал юу ч мэдэхгүй. Хүн юм хийгээд тэр хөдөлмөрөө буцаагаад зарах ёстой юм байна, арилжаа наймаа хийх ёстой юм байна гэдгийг би өөрөө хүсэлгүйгээр хар аяндаа сурчихсан. “Ариун” гэдэг бол ээжийн эрхэлдэг бизнес. Аав бол маш сэргэлэн хүн байсан. Олон арилжаа наймаа эрхэлсэн тэр хүний жижиг хувилбар нь би. Олонтойгоо, нэр хүндтэй, сайн үйлс их хийдэг, нутаг орон гэхээр амиа тавьдаг, хоншоортой гоё бизнес хийдэг, сайхан дуулдаг залуу байсныг олон хүн хэлдэг. Даанч миний аав эрт бурхан болсон. 2012 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж явлаа. Харин ээж маань бүх юмны ард байдаг, чамбай бизнесмэн. Хорин хэдэн жил үйлдвэр эрхэлчхээд нэг ч сонинд ярилцлага өгч үзээгүй. Ээжийг хүн хараад танихгүй. Одоо хэдэн арван тэрбумаар үнэлэгдэх хэмжээний бизнестэй, ээжийг минь хүмүүс мэдэхгүй. Би ийм л хосын хүүхэд, дороо нэг дүүтэй. Ээж, аав хоёр намайг АНУ-д, дүүг Хятадад арван жилийн сургуульд явуулахаар шийдсэн. Эрт бие даалгасан. Маш уйгагүй хичээл, дугуйланд суулгаж, өөрсдийнхөө амьдралаар зөв үлгэр дуурайлал үзүүлжээ. Яг үнэндээ бид энэнээс нь суралцсан. Хүмүүс болохоор “Өө, чи угаасаа хөрөнгөтэй айлын хүүхэд болохоор ээж аав чинь чиний бизнест тусалчихдаг байлгүй” гэдэг. Гэвч тэдний хэлдгээс яг эсрэгээрээ. Ээж аавын эзэмшдэг компани, үл хөдлөх хөрөнгө миний нэр дээр байдаггүй. Манай ээж энэ тал дээр надад хатуу хандсан шиг байгаа юм. Ээж өөрөө бизнесийн хатуу замыг туулсан болохоор, сөрж боссон болохоор би одоо хүртэл ээжээсээ хүүтэй зээл авдаг хэвээрээ. Би бүх ээжүүдийг ийм байдаг гэж бодсон, үгүй юм билээ. Яг л бизнесийн зарчмаар явдаг. “UA Properties”, “Хөгжил трэйд” компаниуд дундаа гэрээтэй, түүнийхээ дагуу л ажиллана. Би ч энэнд баярладаг. Охиноо ингэж л хүмүүжүүлнэ гэж боддог. Мөнгө авсан бол буцаагаад хүүтэй нь өгөх ёстой. Энэ бол маш шударга зарчим, бизнес хийдэг гэр бүлийн хүмүүжил. Гэхдээ ээж, аав хоёр маань яах аргагүй хүүхдүүдээ сайн сургуульд сургасан. Би Колорадогийн их сургуульд, дүү Хятадын санхүү, эдийн засгийн их сургуульд сурч ирээд мөр мөрөө хөөгөөд явж байна.
- Таныг цахим орчинд дагадаг, танихгүй хэрнээ хийж байгаад тань итгэдэг хүмүүс бий. Хүний итгэл олох, даах тухайд та юу хэлэх вэ?
- Ямар сонин асуулт вэ. Ажлын онцлог л доо. Нүд рүү харахаас эхэлнэ. Амьдралынхаа цорын ганц хөрөнгийг зарах гээд, эсвэл өрөнд баригдчихсан, гадагшаа явах гээд, өвчин зовлон тохиогоод, гэр бүл салах гээд ирнэ. Хүн ер нь байраа аз жаргалтайгаар заруулдаггүй. Энэ ажлыг хийж байхдаа хүмүүсийг ойлгож мэдэрч сайн мууг үзэж байна. Би Монголдоо ирж амьдраад арван жил болохдоо гэр бүлтэй, таван компанитай болсноос гадна гурван удаа унтуулгатай мэс засалд орсон. Компани маань хоёр ч удаа хоёр гурав салав. Таван салбар компанитай болж, ажлынхаа дундуур хоёр хүүхэд төрүүлж, хэдэн зуун сая төгрөгний өр дарж, хэдэн зуун саяыг богино хугацаанд олж амжилт гэдгийг мэдэрч үзлээ. Сэтгэл гутралд орж, тэрийгээ давж үзэв. Энэ арван жилд юу эсийг туулав. Хүмүүс цахим сүлжээнд байдаг гоё охин гэж хардаг. Гэтэл би энэ ярьсан болгоныг давсан, туулсан болохоор аливааг үнэлэх үнэлэмж, харах өнцөг өөр болжээ. Хэдэн зуун сая төгрөгний өр дарна, богино хугацаанд олно гэдэг шандас шаарддаг. Зөвхөн үүгээр хүн өөр болох боломжтой. Өнгөө алдалгүй өнөөдрийг хүртэл явж сэтгэл зүйгээ анагааж чадсан. Би зуугаад кг нэмж хассан. Бие махбодь, сэтгэл зүй, амьдрал, амбиц, нэр хүнд гээд бүх зүйлийг ингээд үзчихээр итгэл үнэмшил тогтчихож байгаа юм. Энэ бүхнийг би ил зарладаггүй ч надаас үнэртдэг болохоор хүмүүс итгэдэг, дагадаг юм болов уу. Нэг л Урангоо харагдаж байгаа ч цаана нь зөндөө Урангоо байгаа. Байр зарах гэж айлуудад ороод эхнэр нөхрүүдтэй уулзаад ямар мундаг эмэгтэйчүүд, хүмүүс байдгийг олж хараад бахархдаг. Тиймээс ч би даруухан болсон. Өмнө нь бол “Би гайгүй яваад байна даа” гэж боддог үе байсан ч тэрийг өнгөрөөсөн.
- Эмэгтэйчүүдийн ихэнхэд нь сэтгэл зүйн асуудал тулгамддаг. Энэ талын сургалт, көүч ч гэж өчнөөн байна. Гэхдээ та сэтгэл зүйгээ яаж хамгаалахыг зөвлөх вэ?
- Дэлхийд хамгийн амжилттай яваа маркетинг бол гоо сайхны бүтээгдэхүүнийх байдаг. Бүх эмэгтэйчүүд энэ нөлөөнд өртдөг. Үүнтэй адил эмэгтэй хүний сэтгэл зүйг янз бүрийн маркетингаар удирдах олон арга бий. Монголд эмэгтэй хүн сэтгэл зүйн хувьд сайхан байх ямар ч боломжгүй гэж би хардаг. Хөөрхөн шаналчихсан, тэрийгээ хувь тавилан гээд бодчихсон, тэгснээ хүнд буруугаа өгөхгүй миний л амьдрал ийм юм байлгүй, би л ингэх ёстой юм байлгүй гээд тэрэндээ итгэчихсэн байдаг. Гэтэл хувь тавилан тийм байдаггүй. Зүгээр л юмсын тухай бидний буруу ойлголт. Тиймээс энийг засах хэрэгтэй. Жишээлбэл, ямар хүмүүс амжилтгүй байдаг гээч. “Туркийн виз гардаггүй, хэцүү гэсэн” гэдэг ийм ойлголттой болчихоороо тэр хүн Туркийн виз рүү дайрахаа больчихож байгаа юм. “Үл хөдлөх хөрөнгийн салбар хэцүү гэсэн” гэж сонсоод тэрийг хийж үзээгүй байж итгэчихдэг. Толгойдоо байгаа олон буруу ойлголтоос өөрийгөө чөлөөлж чаддаггүй.
Хүний сэтгэл зүйн тогтвортой үе шат гэж байдаг. Доошоогоо бол сэтгэл гутрал, дээшээгээ бол өгсөх шатны сэтгэл зүй гэж байгаа юм. Өнөө үед дэлхийн хөгжингүй орны иргэд өгсөх шатны сэтгэл зүй дээрээ ажилладаг болчихсон. Монголд одоохондоо сэтгэл гутралаас гарах гэдэг дээр явж байна. Бид сэтгэл зүйгээрээ амжилттай байх боломжтой. Энийг хийж чадаж байгаа улс бол хэлтэй устай, сэтгэл зүйн асуудлаа даваад гарчихсан, үүнийг ойлгодог болсон нөлөөлөгч нар л байна уу гэхээс биш мэргэжлийн сэтгэл зүйчид гутрал, эмгэг дээр явж байх шиг санагдсан. Би тэднийг шүүмжлэх эрх бүхий хүн биш л дээ, миний харсан юм л энэ. Тэгэхээр эмэгтэйчүүд өөрийгөө сайн ажиглаад одоо ингэж амьдарч байгаа минь ерөөсөө ийм биш шүү гэдэг асар том итгэл найдвараа өөрөөсөө олж аваад сэтгэл зүйн эрүүл мэнд дээрээ сайн ажиллах хэрэгтэй. Надад ч бас шаналдаг, нойргүйддэг, сэтгэлээр гутардаг, өөрийгөө итгэлээр хөглөдөг, давдаг, даралт ихэсдэг үе байгаа. Тэгээд миний олсон гарц шийдэл бол буруу ойлголтуудаа тархинаасаа авч хаях. Мөн өөрийгөө амраах аргаа олох. Яаж ийж байгаад бүтэн нойртой хонох ёстой юм байна. Үр хүүхдүүдээ маш сайн яриулж сургах ёстой. Ярьдаг хүмүүс сэтгэл зүйн асуудал багатай байдаг. Яг юу болсон юм гээд яриулаад тэр асуудлыг мартуулж болно. Өөрийг нь мэдээгүй байхад ярилцаад эмчилж болно. Би эргэн тойрныхоо хүмүүсийн зовлонг сонсоод сэтгэлийг нь чөлөөлөх ажлыг өөрийн мэдэлгүй хийдэг болчихсон. Халуун усанд хэвтэж, сайн унтаж, муу бодлыг удаан бодохгүй байх гэдэг чухал. Сэтгэл зүйн тухай ном, сэтгүүл, подкастыг алгасалгүй үзэж далд ухамсартаа хийж байх хэрэгтэй. Дээрээс нь би эмэгтэй хүмүүсийг өөрөө мөнгө олоосой гэж их боддог. Эмэгтэй хүн мөнгөтэй болчихвол олон асуудлаа шийднэ. Үсээ янзлуулаад, загвараас хоцрохгүй хувцаслаад, хүүхдээ ганц цаг асрагчаар харуулах мөнгөтэй болчихоороо олон асуудлыг шийдэж чадна. Хамгийн хөөрхөн нь, эмэгтэй хүн хүүхдэдээ мөнгөө зарцуулдаг. Тийм болохоор борлуулалт хийх аргыг заагаад ч болов эмэгтэйчүүдээ сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаардаг, мөнгөтэй болгох тал дээр уриалах, нөлөөлөхийг хичээдэг.
- Арилжаа наймааг яаж эхлүүлэх вэ?
- 1990-ээд онд цахим сүлжээ хөгжөөгүй байхад 3,4 дүгээр хороололд байрлал сайтай лангуутай болоод урдаас бараа авчраад нэмүү өртөг шингээж зараад эргэлтийн хөрөнгөө босгож болно. Харин 2024 онд бол “Нарантуул” зах дээр болон 3,4 дүгээр хороололд лангуу хэрэггүй. Таны зах зээл гар утсан дотор чинь байна. Хэдхэн сая хүн амтай, ямар ч бизнес эхэлсэн хэд гуравхан компанитай өрсөлдөх байхад юуг нь бодоод байдаг юм бэ. Ийм өрсөлдөөнгүй, ийм боломжтой зах зээл байхад тэнд хувь тавиландаа гутраад сууж байж болохгүй. Хүн юу гэж бодох бол гэж бодоод байх шаардлагагүй. Хэн чамайг өдрийнхөө 100 мянган бодол дотор хавчуулах юм бэ. Арилжаа наймаа хийгээд мөнгөний эргэлтэд орох ёстой. Тэгж байж хүн алдана, ононо, шантарна, ашиг олно, дампуурна. Энэ үйл явцыг давахгүйгээр хэзээ ч бизнесмэн болохгүй. Бага багаар мөнгөтэй болоод ирэхээр хүн үржүүлэхийг л бодно. Хэн ч үрээд дуусгахыг бодохгүй. Эмч ур чадвараа зараад цалин авч байгаа шиг би байр зараад мөнгө олж байна. Ингээд бодохоор хүн бүр арилжаа наймааны эргэлтэд байдаг. Өмссөн хувцас, эргэн тойрны тавилга гээд бүх юмыг бид худалдаж авсан. Өөрсдөө ч мэдэлгүй худалдаа арилжаа руу орчихсон байдаг. Тийм болохоор хийх юмаа дуугүй л хий. Энийг бодох хэрэггүй. Чиний наймаачин байх хэнд ч хамаагүй. Чи мөнгө гэдэг юмыг олдог, үрдэг бол угаасаа л худалдаа наймааны эргэлтэд орж байгаа. Хэн нэгэн ингэж хэлж өгөхгүй болохоор хүмүүс нөгөө л нэг буруу ойлголттойгоо яваад байдаг.
- Ямар хүн юм борлуулж чаддаг вэ?
- Монголд яриа хөөрөө сайтай хүнийг юм сайн борлуулна гээд байдаг. Энэ бас л нэг буруу ойлголт. Чин сэтгэлтэй, хүний юмыг хайрладаг, мэдрэмжтэй хүн л борлуулж чадна. Гадагшаа явахаар хүний тэр буруу ойлголтууд маш сайн засардаг. Монголд болохгүй гэж бодсон бүх юмаа гадаадад очоод болж байгааг харахаар сэтгэхүй нь задардаг. Тиймээс бид буруу ойлголтуудыг анзаарч сурах хэрэгтэй.
- Та цагийг яаж үр дүнтэй ашигладаг вэ? Тэр аргаасаа хуваалцаач.
- Цаг ашиглаж сурахад энүүхэндээ гэж хэлэхэд цагийн менежмент, хувь хүний замнал төлөвлөх сургалт ямар ч шаардлагагүй. Өөрийгөө ачаалалтай байлгахаар амь тэмцээд бүгдийг нь хийдэг. Өөрийгөө ачаалалтай байлгаж үзээгүй байж цаг төлөвлөлт хийнэ гээд дэвтэр дээр цаг тэмдэглээд суух дэмий. Өөрийгөө нэг шахаад үзэхгүй юу. Нэг өдөр олон юм хийнэ гэж бодоод өөрийгөө ачааллаад хэдийг нь амжуулснаа хараад өөрийнхөө боломж чадамжийг үнэлээд үз. Мөнгөгүй байж үз. Мөнгөтэй байх гээд хүн өөрөө хичээнэ. Тэрнээс биш хэдэн ном уншаад, хүнээр хэлүүлээд сурахгүй.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (1)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Bayaraa
Urangoo iin companiar neleen heden Jil uulchluulj bna, asuudal garsangui. Sain hamt olon, sain leader shuu
2024-06-19
Хариулах (1) (0)ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.