images

“Ургана”-тай танилцав


 Гэр ахуй, гоо сайхны бүтээгдэхүүнээрээ Монголын зах зээлд хэдийнэ танигдсан “Ургана” брэндийг бий болгосон хүн нь ес дэхь үеийн маарамба, Хүний гавьяат эмч П.Баатар билээ. Монголчууд түүнийг 2002 оноос уламжлалт анагаах ухааны эмнэлэг эрхэлж буйн зэрэгцээ эм тан, эрүүл мэндийн цай үйлдвэрлэдэг хоёр ч компанийг үүсгэн байгуулсан гэдгээр нь сайн мэднэ. Тэгвэл уламжлалт анагаах ухааны эмч хүн гоо сайхан, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн хийхээр сэдсэн нь сонин юм. Үүний учрыг сонирхвол, тухайн үед П.Баатар эмчийг зорьж ирдэг хүмүүсийн дунд үс нь унадаг хүн олноороо байжээ. Хорт хавдар, элдэв өвчинд шаналсан хүмүүс биеэ эмнүүлэн эрүүл саруул болж авдаг ч, үс нь унадаг хүмүүс тэр хэвээрээ л буцдаг, үүнээсээ болж сэтгэл санаа нь ч төдийлөн сайжирдаггүйг эмч бээр анзаарсан байна. Үс нь ургавал хүмүүсийн сэтгэлзүйд эергээр нөлөөлж, өвчнөөс ангижрах явц дагаад хурдсах юм байна гэдгийг эмч ойлгожээ. Улмаар 2015 онд үсний тоник бүтээсэн нь анхны бүтээгдэхүүн нь болсон бөгөөд “Ургана” гэдэг нэрийн учир ч ийм ажээ. "Ургана" тоникийг гардан бүтээсэн хүн нь П.Баатар эмчийн охин Б.Чанцалдулам юм. Анх эмийн ургамлаа тэрбээр өөрөө түүж цуглуулан, хатааж бэлтгээд туршилтыг нь гардан хийдэг байв. Олон ч туршилтын ард гарч. Бүтээгдэхүүнээ нэгд, монгол хүний онцлогт тохирсон, хоёрт, уламжлал анагаах ухаанд суурилсан байлгахыг зорьж байлаа. Мөн Монголын уламжлалт арга ухааны ололтыг орчин үеийн дэвшилтэт технологитой хослуулсан бүтээгдэхүүн бий болгохоор шамдсан нь өдгөө та бидний гарт хүрээд буй “Ургана” брэнд билээ. Компани маш хурдан тэлж өргөжин богино хугацаанд олонд танигдсан нь монгол хүнд Монголынх нь юм дутагдаж байсныг харуулах мэт байв. Үс арчилгааны бүтээгдэхүүнүүдээ гэхэд л хуучны монгол жороос санаа авч халгай, ганга, арц, чөдөр өвс, далан түрүү зэрэг ургамлаар хийжээ. Монгол хатад, эмэгтэйчүүдийн үсний ширхэг бүдүүн, бат бөх, урт, гялалзсан байсны нууц эдгээр ургамлыг хэрэглэж байсанд бий гэдэг.

Үйлдвэрийн савлагааны хэсэг.

Тахилтын үйлдвэрт очив

   Анх 2022 онд нийслэлийн Баянгол дүүргийн “Алтай” хотхонд үйлдвэрийн байр нээн ажиллаж эхэлсэн тус компани удалгүй нийслэлийн төвөөс зайдуу бас нэг байртай болжээ. Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын гэр хороолол дунд барьсан энэ үйлдвэртэй бид газар дээр нь танилцахаар зорьж очсон юм. Биднийг үйлдвэрийн нярав Оюунтунгалаг утсаар замчилсаар халуун дотноор угтан авлаа. Оюунтунгалаг энэ үйлдвэрт анх байгуулагдсан цагаас нь хойш ажиллаж буй бөгөөд түүхий эд, агуулах хариуцсан нярвын ажлыг хариуцаж байна.

   Үйлдвэрийн дарга, нэг технологич, нэг нярав, дөрвөн жор найруулагч, найман савлагч, нэг жолооч, нийт 16 хүнтэй энэ үйлдвэрийн ажил өглөөний найман цагт эхэлдэг. Өглөө хамгийн түрүүнд технологич заавраа өгснөөр ажил эхэлнэ. Тухайн өдөр ямар бүтээгдэхүүн хийх, ямар түүхий эд ямар хэмжээтэй орохыг нэг бүрчлэн нарийн тодорхой бичиж өгдөг аж. Харин жор найруулагчид тэдгээр зааврыг яс баримтлан бүтээгдэхүүнээ хийнэ. Биднийг очиход тэд чацарганатай гарын тос найруулж бэлдсэнээ танилцуулав. Жор найруулах өрөөнд 500, 100, 200 литрийн сав тус бүр нэг, нэг тосны тогоо бий. Тосны тогоонд нь ангижруулагч, гарын тос, шүдний оогоо хийдэг бол литрийн тогоонд шингэн саван, шал угаагчаа найруулна. “500 литрийн тогоонд яг одоо ургамлын гаралтай шингэн саван найруулахаар хийсэн байна” гэж Оюунтунгалаг бидэнд мэдээллээ. Энэ үеэр жор найруулагч Өлзийбатын ярьсныг үзвэл тэрбээр есөн сарын өмнө энд ажилд оржээ. Үйлдвэр ажиллаж эхэлснээс хойш хамт байсан өөрөөсөө олон дүү залуучуудыг тэрбээр “Миний сургагч багш нар бол энэ залуус юм” хэмээн бахархаж байна. Улмаар “Дөнгөж сая заавраа авлаа. Өнөөдөр нохойн хошуутай гарын тос хийнэ. Эхний ээлжинд усан орцоо бэлтгэх гэж байна. Энэ нь найрлагад орох ургамлаа усанд хийж найруулна гэсэн үг. Тосон орцуудыг нь арай холиогүй байна. Нохойн хошуу бол хүний эрүүл мэндэд маш их тустай ургамал. Орц, найрлага, технологийн шинжтэй зүйлүүдийн талаар үүнээс илүү ярьж болохгүй журамтай” гэв.

Үйлдвэрийн нярав Оюунтунгалаг.

Халгай тарьдаг үйлдвэр

   Өнөөдрийн хийх бүтээгдэхүүнүүдийн түүхий эдэд юу юу зонхилж байгааг Оюунтунгалагаас асуухад “Буталсан аарц, ээзгий, цагаан гаа, башир цэцэг, хус модны нүүрс, ганга, халгай, чөдөр өвс, одой далан түрүү, арц, жамц давс” гэж хариулав. Ер нь эдний өдөр тутмын үйлдвэрлэлд дээрх түүхий эдүүд зонхилдог гэнэ. Үйлдвэрийнхэн зарим бүтээгдэхүүнийхээ орц, найрлагыг Хөдөө аж ахуйн их сургуулийн багш, судлаачидтай хамтран гаргаж авдаг байна. Тухайлбал, шүдний оонд ордог хус модны нүүрсийг тэнд боловсруулан үйлдвэрт нийлүүлдэг аж. Мөн гадаадын эрдэмтдээс ч заавар, зөвлөмж авах нь бий гэнэ.

   Оюунтунгалаг нярав бүтээгдэхүүний найрлагад ордог башир цэцгийг бидэнд үнэртүүлж, амтлуулаад “Башир цэцэг шүдний ооны гол орц болдог юм. Өдөрт нэгийг дангаар нь хүлхэхэд хоолойн өвдөлтөд сайн. Монголчууд энэ цэцгийг хоол хүнсэндээ ч түгээмэл хэрэглэдэг байсан. Манайх бол шүдний оонд хийж эхлээд жил гаруй болж байна. Олон улсад бол өч төчнөөн бүтээгдэхүүний найрлагад байгаа байх” гэж ярилаа.

   “Ургана” үйлдвэр аарц, сүүгээ Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Төв аймгийн арваад малчин өрхөөс, эмийн ургамлаа ойн нөхөрлөлүүдээс авч байна. Бас өөрсдөө одой далан түрүү, халгай, ганга тарьж нөөцөө бэлдэнэ. Жилдээ 1.5-2 тонн халгай, 500 тонн арц, хоёр тонн ганга хурааж авдаг гэнэ. “Манайх өдөрт 700-1400 ширхэг оо, 1500-2000 ширхэг саван үйлдвэрлэх хүчин чадалтай. Өдөртөө 2000-2500 ширхэг бүтээгдэхүүн гаргах нормтой. Нөгөө үйлдвэр маань манайхыг бодвол хүчин чадал өндөр, өдөрт 4000-6000 ширхэгийг гаргана. Эндхийн ажил арай нарийн чимхлүүр учраас тооны хувьд ийм ялгаатай байгаа юм” хэмээн үйлдвэрийн дарга Ч.Болормаа бидэнд ярив.

   “Ургана” үйлдвэр бүтээгдэхүүнийхээ савлагаанд пластик, хуванцар хэрэглэдэггүй. Эрүүл амьдралыг эрхэмлэх, байгаль орчиндоо ээлтэй байх үүднээс 98 хувийн улаанбуудайн сүрлээр хийсэн, хоёр жил болоод газрын хөрсөнд 100 хувь задардаг материалаар хийсэн сав ашиглаж байна. “Хэрэглээд дуусахаар савыг нь нэрийн барааны дэлгүүрт авчирч өгч болно, эсвэл өөрт ашигтай байдлаар хэрэглээд хаяхад байгальд ямар ч хор хөнөөлгүй” хэмээн үйлдвэрийнхэн ам бардам өгүүллээ. 

Лабораторийн шинжилгээний хэсэг.

Онцлох бүтээгдэхүүн-аарцтай шүдний оо

 “Ургана”-гийн бас нэг онцлох бүтээгдэхүүн бол аарцтай шүдний оо аж. Аарц хүний шүдийг бат бөх болгодог нь олон судалгаагаар нотлогдсон юм. Археологийн малтлагаар олдсон хүний араг ясны яснуудаас хамгийн бөх нь шүд байжээ гэсэн сонирхолтой дүгнэлт гарсан байдаг. Импортоор орж ирдэг оонуудад шохой чулуунаас мөнгөн ус ашиглан гаргаж авсан кальци орлуулагч түгээмэл байдаг. Энэ нь хүний ходоодонд хор нөлөөтэй аж. Шүдний ооны найрлага дахь бодисуудын нэлээд нь ходоодонд ордгийг бид мэднэ. Тэгвэл эдний үйлдвэрлэдэг оон дахь нэг чухал орц нь аарц бөгөөд дээр нь бусад олон ургамал, түүхий эд, тухайлбал жамц давс хольдог байна.

   “Ургана” мөн шарх угаагч гаргаад нэг жил гаруй болжээ. Өнгөрсөн хугацаанд олон эмнэлэг энэ бүтээгдэхүүнийх нь байнгын хэрэглэгч болоод байгаа аж. Үүгээр мөн ор хөнжлийн даавуу угаавал ариутгалын өндөр үр дүн үзүүлдэг гэнэ. Бас гарын саванг 250 мл, 500 мл, нэг литрийн савлагаатайгаар ургамлын гаралтай, бактерийн эсрэг гэсэн хоёр төрлөөр хийж байгаа бол халгайгаар шампунь, ангижруулагч, үсний тос зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа аж.

Бэлэн  болсон бүтээгдэхүүн өрөх хэсэг.

Анхилуун үйлдвэрийнхэн ажлаа тасалдаггүй

  Гэр ахуйн гол хэрэглээ болсон аяга таваг угаагч шингэн, угаалгын нунтаг, гарын саван хийдэг үйлдвэр гэхэд үнэр нь нэн таатай юм. Хамар цоргисон хурц биш ургамлын анхилуун үнэртэй аж. Өдөр тутамдаа эмийн ургамал харж, барьж, үнэрлэж байдаг ажилчдын хувьд эрүүл мэндээ давхар тэтгэдэг мэт санагдав. Ажилчдын ихэнх нь гэр ойр учраас өглөө эрт ирээд орой харихаа ч мэдэхгүй бужигнацгаадаг гэнэ. Тэр хэрээр нэгэндээ дасаж, ах дүүс мэт болжээ. Утаа, түгжрэлийн зовлонгүй учраас ажилдаа стрессгүй байдгаа тэд хэлж байв. Бүр “Чөлөө авдаг, шалтгаангүйгээр ажлаа тасалдаг хүн байдаггүй” гэлээ. Үйлдвэрт янз бүрийн л мэргэжлийн хүмүүс байх аж. Түрүүхэн бидэнтэй ярилцсан жор баригч Өлзийбат гэхэд шашны сургуульд суралцаж байсан, энгэрээсээ эрх салгадаггүй нэгэн бол нярав Оюунтунгалаг орчуулагч мэргэжилтэй ч нярвын ажлаа торохгүй хийдэг гэнэ.

Хятадад бүтээгдэхүүн экспортолно

   “Ургана” компани өнгөрсөн долоон жилийн хугацаанд даруй 60 шахам нэр төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн гар дээр тавиад байгаа аж. Улирал тутам шинэ бүтээгдэхүүн гарган үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаа бөгөөд цаашид ч олон монгол брэнд гаргахаар төлөвлөж, судалж буйгаа үйлдвэрийн дарга Ч.Болормаа итгэлтэй хэлж байна. Анх үйлдвэр, оффис, борлуулалтын ажилтнууд нь нийлээд 30 хүрэхгүй байсан тус компани одоо нийт 70 хүнтэй болжээ. Үйлдвэрийн хүчин чадал ч анхныхаасаа 2-3 дахин нэмэгдэж, 60 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн хийдэг болжээ. Компанийн хамгийн өндөр гүйлгээтэй бүтээгдэхүүн бол хужиртай аяга тавга угаагч. Сард 20 мянган ширхэг борлуулагддаг.  Хамгийн сүүлд эднийх сэвх, нөсөө толбо задлах, арьс цайруулах адууны эхэстэй, ингэний сүүтэй нүүрний салфеткан маск гаргажээ. Дэлгүүрүүд дэх борлуулалтын үзүүлэлтийг харахад энэ маск хэрэглэгчдийн хүсэн хүлээсэн бүтээгдэхүүн мөн байж хэмээн дүгнэснээ үйлдвэрийн удирдлага бидэнд хэлэн юм.

   Дотоодын зах зээлд хүрээгээ эрчимтэй тэлж буй “Ургана” брэнд гадаадад бүтээгдэхүүнээ гаргахад ойрхон байна. Тэд одоогоор 12 нэр төрлийн бүтээгдэхүүнээ Хятадын зах зээлд борлуулахаар барааны тэмдэгтээ бүртгүүлээд байгаа аж. Хилийн чанадад бүтээгдэхүүн экспортолно гэдэг маш их хөдөлмөр, цаг хугацаа шаардах ажил ч монгол брэндээ дэлхийд таниулах нь тэдний алсын хараа хэмээн “Ургана” брэндийн хамт олон бидэнд өгүүлсэн юм.

Зарим нэр төрлийн бүтээгдэхүүнүүд.

Нүүр зураг дээр: Үйлдвэрийн дарга Ч.Болормаа. 

 

 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.