images

Буриад анчин таван жилд 125 чоно агнажээ

Ж.Ариунгэрэл

Дэлхий дүүрэн монголчууд

2024-04-10


   ОХУ-ын Буриад улсын Баргужин аймгийн анчин Цыренжап Доржиев сүүлийн таван жилд 125 чоно агнасан тухайгаа “Буряад үнэн” сонины сурвалжлагчид ярьжээ. Буриадад сүүлийн үед чоно элбэгшсэн бөгөөд нутгийн малчид Ц.Доржиевт ихээхэн талархдаг тухай тэрбээр өгүүлсэн байна. Ц.Доржиев Буриадын Хурамхаан аймагт байдаг Зэрэгийн дархан цаазат газрын захирлаар гуч гаруй жил ажиллаад тэтгэвэрт гарснаасаа хойш чоно агнаж эхэлсэн гэнэ. Тухайн үед уг нутагт чоно элбэгшиж малд халдах нь түгээмэл болсны зэрэгцээ чонын тоо толгойг зохицуулах төрийн байгууллагын хүчин чармайлт үр дүнд хүрэхгүй байсан тул тэрбээр өөрөө агнах болжээ. Ц.Доржиев чонын анд ихэвчлэн ганцаараа явж, жилдээ 25-30 чоно авладаг байна. Буриадад жилдээ ойролцоогоор 500 чоно агнадаг боловч Өвөр Байгалын хязгаар, Монгол улсаас чоно нүүдэллэн ирэх нь ихэссэн тул тоо толгой нь сүүлийн жилүүдэд эрс өссөн юм. Улсын төсөвт нэг чоно агнасны урамшуулалд 8000 рублиэр бодож жил бүр дөрвөн сая рублийн зардал суулгадаг байсныг өнгөрсөн жил мэдэгдэхүйц нэмэгдүүлсэн байна. 2023 онд тус улсад 2323 толгой саарал чоно тоологдсон юм. ОХУ-д Буриадаас гадна Уулын Алтай, Тува, Киров муж, Пермийн хязгаар, Карелийн БНУ-д энэ амьтан элбэг бөгөөд чонын сайн анчид олон байхаас гадна чоно агнасны урамшууллаар амьжиргаагаа залгуулдаг хүмүүс ч байдаг байна.      

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.