images

Вьетнам улсад Монголын аялал жуулчлалыг сурталчлав

Ж.Ариунгэрэл

Дэлхий дүүрэн монголчууд

2024-04-08


   Вьетнамын хамгийн олон хүнтэй Хо Ши Мин хотод Монголыг танилцуулах “Go Mongolia 2024” өдөрлөг өнгөрөгч 4-7-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Вьетнамын жуулчдыг Монголд татах, Монголын түүх, соёл урлаг, ёс заншил, аялал жуулчлал, байгалийн онцлогийг тус улсын иргэдэд таниулах зорилготой уг арга хэмжээг манай Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын холбоо хамтран зохион байгуулсан бөгөөд Монголын аялал жуулчлалын 10, Вьетнамын 40 гаруй компани оролцжээ. Өдөрлөгийн үеэр Монголын ардын урлагийн тоглолт, үндэсний хоолны танилцуулга зохион байгуулсан бол МИАТ компани ирэх 11 дүгээр сараас эхлэн Улаанбаатар-Хо Ши Мин чиглэлд шууд нислэг хийхээр бэлтгэж буйгаа зарласан байна. Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрөгч 11 дүгээр сард тус улсад айлчлахдаа хоёр орны иргэдийг харилцан визээс чөлөөлөх хэлэлцээрт гарын үсэг зурсан нь энэ оны гуравдугаар сараас эхлэн хэрэгжсэн юм. 2002 онд Вьетнам улсаас Монголд 1500 жуулчин ирж байсан бол 2023 онд энэ тоо 2000 болсныг Хо Ши Мин хотод суугаа Монгол улсын өргөмжит консул Нгуен Хуан Хан өдөрлөгийн үеэр танилцуулжээ. Харин Вьетнам улсад 2002 онд Монголоос 2000 гаруй жуулчин очсон бол өнгөрсөн онд даруй 15 мянга болж нэмэгдсэн байна.       

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.