images

“New York Times” сонин монгол дуучны цомгийг 2023 оны шилдэг 10-т багтаав

Ж.Ариунгэрэл

Дэлхий дүүрэн монголчууд

2023-12-22


   Америкийн томоохон сонинууд уламжлал ёсоор салбар салбарын өнгөрсөн оны алдаа, оноог дүгнэн шилдэг сайн гэж үзсэнээ зарлаж байгаагийн дотор хөгжмийн салбар мөн багтаж байгаа нь мэдээж. Тэгвэл өнөө цагийн хамгийн нөлөө бүхий хоёр сонин Америкийн хөгжмийн салбарын өнгөрсөн оны шилдгүүдийг хэрхэн үзэж байгаагаа танилцуулсны дотор Монголын залуу жааз дуучны цомог багтжээ. Юуны түрүүнд “New York Times” сонин “2023 оны шилдэг 10 жааз цомог”-ийг зарласанд Монголын дуучин Энжи буюу Э.Энхжаргалын цомог орсон байна. Германы Мюнхэн хотод суралцаж буй түүний гурав дахь цомог “Улаан” (Ulaan) өнгөрсөн долоодугаар сард гарсан бөгөөд Энжийг монгол уртын дууны өвөрмөц эгшгийг жааз хөгжмийн хөг аялгуутай чадамгай хослуулдаг хэмээн тус сонины хөгжмийн тоймч Жованни Руссонелло бичжээ. Тэгвэл “The Washington Post” сонин мөн “2023 оны шилдэг 10 цомог” шалгаруулсныхаа нэгдүгээрт “Улаан” цомгийг нэрлэсэн байна. Тус сонины хөгжмийн шүүмжлэгч Крис Ричардс цомгийн тухай бичихдээ “Ер бусын түүх, ер бусын хөгжим” хэмээгээд, монгол гэрт төрж өссөн Э.Энхжаргал Германы жааз хөгжмийн хөтөлбөрт хамрагдаж Мюнхэнд уригдахаасаа өмнө хөгжмийн багш байсныг нь дурджээ. Улмаар дуучны замналаа эхлүүлж бөмбөрчин Билли Харттай хамтран анхны цомгоо гаргасан гэх мэт уран бүтээлийн амьдралынх нь намтрыг товчхон өгүүлсэн байна. “Улаан” цомогтоо Энжи Бразилын бөмбөрчин, кларнет хөгжимчинтэй хамтарснаар дуунууд нь ер бусын сонирхолтой болсон хэмээн шүүмжлэгч дүгнэжээ.

  Э.Энхжаргалын жааз дуучны замнал Улаанбаатар дахь Германы “Гётэ” институтын, хөгжмийн авьяастнуудыг нээн илрүүлэх хөтөлбөрөөс эхэлсэн юм. Монголд жааз хөгжимчдийг бэлтгэх, тэднийг дэлхийн тайзнаа гаргах зорилт тавин 2014 оноос хойш манай улсад ажиллахдаа сургалтын энэ хөтөлбөрийг гардан хэрэгжүүлсэн Германы жааз хөгжимчин Мартин Цэнкерийн анхны шавь нарын нэг нь Э.Энхжаргал юм. Тэрбээр 2017 онд анхны “Монгол дуу”, улмаар 2022 онд “Урсгал” цомгоо гаргасан бол “Зүүд”, “Тайвшрал”, “Тэмээн дээрээс наран ойрхон” зэрэг 10 дуутай “Улаан” цомгоо Мюнхэний “Squama Recordings” студид бичүүлэн өнгөрөгч долоодугаар сард гаргажээ.   

   Дэлхийн жааз хөгжмийн ертөнцөд тэрбээр өнөөдөр хэдийнэ шинэ танил төдийгүй ихээхэн сонирхол татсан уран бүтээлч болсон бөгөөд анхны цомгоо гаргаснаас хойшх хугацаанд, ялангуяа гурав дахь цомог нь сонирхогч, судлаачдын анхаарлыг ихээр татсан 2023 онд түүний уран бүтээлийн талаарх шүүмж Америк, Европын томоохон хэвлэлүүдэд олонтаа гарсан билээ.      

      Гэрэл зураг:  “Улаан” цомогт зориулан Ханнэ Кауничикийн авсан зураг. 2023 он.          

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.