images

Зураач Г.Дунбүрээ: Б.Ринчен докторын зөвлөсний дагуу өнөөг хүртэл Улаанбаатар хотыг зурж байна

Б.Бадамзул

Миний сайхан улаанбаатар

2023-10-04


Монгол улсын нийслэл Их хүрээ, Улаанбаатарын сэдвээр дагнан бүтээл туурвидаг Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын зураач Г.Дунбүрээтэй нийслэл хотын тухай ярилцлаа.

1949-1961 оны Улаанбаатар

   Би 1949 онд анх Улаанбаатар хотод орж ирсэн хүн. Тэгэхэд манайх нутгаасаа тэмээн жингээр гараад гурав хоноод энд ирсэн юм. Хайрханы бэл дээр ирж хоноод өглөө үүрээр босоод хөдлөхөд үдээс хойш орж ирдэг. Энэ хөндий чинь явж барагддаггүй хөндий байлаа. Өндөрширээт сум Туул голын цаад талд боловч манайх наад талдаа байсан болохоор гол гатлахгүй наашаа ирдэг. Одоогоор бол 150 км зайтай газар. Хүүхэд юм болохоор мориор явж их ядардаг, ёстой л явж барагдаггүй газар байв. Хотод орж ирэхэд Улаанбаатарын баруун зах нь Төмөр замын шар байшингууд болно. Харин манай ахынх Хуучин циркийн тэнд байсан юм. Тэндээс би 11 дүгээр сургуульд явна. Эцэг надад морь авчраад, хашаан дотор өвс тавиад өгчихсөн. Худгаас ус зөөгөөд морио усалчихна. Нэг ёсондоо Хуучин циркээс 11 дүгээр сургууль руу мориор явдаг байлаа. Сүүлд Чойжин ламын сүмийн баруун урд талд байх дүнзэн байшинтай гуравдугаар арван жилийн сургуульд шилжсэн юм. Тэгээд 1961 онд гуравдугаар сургуулийн хоёр давхар шинэ байр одоогийн буурин дээрээ ашиглалтад ороход тэнд арван жилээ дүүргэв. Тэгэхэд манай сургууль Улаанбаатар хотын хамгийн хойд зах байлаа. Түүнээс хойш байшин барилга байгаагүй юм. Тэгэхэд орон сууц гээд сүйдтэй юм байсангүй. Одоо 25 дугаар эмийн сангийн тэнд ганц хоёр үлдсэн Төмөр замын шар байрнууд хамгийн баруун захын байр болно. Толгойтын таван шарыг сүүлд барьсан юм.

   Манай Улаанбаатарын хамгийн том байшин нь Өндөр хоршоо. Одоо бол Занабазарын музей. Тэгээд ард нь оросуудын барьсан 11 дүгээр аптек байлаа, өөр юу ч байх вэ дээ. Бидний үед нэгдүгээр арван жил, түүний дараагаар зургаа, тав, гуравдугаар арван жил, төмөр замын 21 дүгээр сургууль баригдсан юм. За яахав, Хятадын Элчингийн байрны энд дандаа хятад хүүхэд сурдаг хятад сургууль байсан. Тэр сургууль дээр очно. Одоо бол дизайнерийн сургууль болчихоод байна. Биднийг очихоор өнөөх төмөр сэнжтэй аягандаа цай хийгээд мантуутай өгнө дөө. Гол нь тэр шүү дээ. Таних, танихгүй нь хамаа алга, тэр цай, хоолыг нь идэх гэж их гүйж орно оо. Энэ хавьд дан шургааган хашаа байж дээ. Тухайн үед манайхан барилгын зураг уншиж мэдэхгүй болохоор нэгдүгээр арван жилийн байрыг хойшоо харуулаад барьчихсан юм билээ. Эдгээр барилгаас гадна МУИС, Багшийн дээд, “Туул” ресторан, 25 дугаар дэлгүүр, “Ленин” клуб, “Элдэв Очир”, “Ард” кино театр байлаа. “Ленин” клубт кино их гаргана. Ямар биднийг оруулах биш. Гэхдээ л бид тасалбаргүй дайраад орно. Өнөөх орос авгай нар малгай авч чулуудаад л байна шүү дээ. Ленин 1919 онд Хятадад улаан туг мандуулж буй тухай, Туркийн байлдаантай кинонууд гаргана. Үзсээр байгаад сүүлдээ цээжилчхээд кинотойгоо зэрэг ярьсаар байгаад гарч ирнэ дээ. Одоо энэ ингэж хэлнэ, тэр тэгж хариулна гээд бүр цээжилчихдэг юм.

Хар багаасаа соёлд суралцав

   Манай ах радио хорооны оператор байсан болохоор дүү бид хоёр багаасаа соёлд ойртжээ. Радио, хөгжим сонсоно. Эгч одоогийн “Улаанбаатар” зочид буудлын эндэх зочид буудалд ажиллана. Тэгээд дүү бид хоёрыг аваачиж шөнөжин цагаан хэрэглэл индүүдүүлнэ. Даавууг их мундаг индүүдэж сурсан даа. Эгч маань эхлээд үхэр тэргэнд сонин ачин талбайгаар явж тараадаг байгаад тэр ажлаа больж зочид буудалд орсон гэдэг. Дараа нь манай ахынх Хуучин циркээс нүүж Чойжин ламын сүмийн энд Радио хорооны байранд орлоо. Наана нь Гэгээрлийн яамны байр байсан. Чойжин ламын музей одоо янзаараа л байна. Гэхдээ бид дотогш ямар ордог байсан биш, юугаа мэдэх вэ. Хөлбөмбөг тоглож байгаад хашааг нь давуулаад өшиглөчихнө. Хэдэн махранзыг нь мангас гэж айгаад ордоггүй байж дээ. Шашны музей бидэнд хориотой. Тэвэг өшиглөхийг хүртэл шашных гэж хориод “Бөөр өвтгөнө, феодалын тоглоом” гэнэ шүү. Тэгэхэд биднийг арван жилд байхад нэг сар байна уу, нэг жил байна уу эрэгтэй, эмэгтэйгээр нь хуваав. Нэгдүгээр арван жил дан эмэгтэй, гуравдугаар арван жил дан эрэгтэй сурагчтай. Сургууль тарахаар хонь хурга нийлж байгаа юм шиг хоёр талаасаа нийлнэ дээ.

Юм юм нь хориотой хятад шиянз

   Одоогийн Гэсэр сүмийн урд ХИД-2 дэлгүүрийн буурин дээр хятад шиянз гэж Хятадын соёлын төв байлаа. Тэнд биднийг очуулахыг их хорино. Хорьж байгаагийн учир тэнд хятад дуу дуулж, хятадууд халуун усанд орно. “Буурал бүсгүй” гээд ший янгуу үзүүлнэ, орой болохоор мөрийтэй тоглоно, тамхиа татна, жүжиг тоглоно. Халуун усанд алчуур норгоод шиднэ. Ханзан дээрээ нүцгэн суугаад хамаа намаагүй байна шүү дээ, нус цэрээ хаялаад л. Тэгэхээр биднийг тийш зүглэхийг хориглож байгаа юм. Тэр байтугай “Учиртай гурван толгой” жүжиг үзэхийг хориглодог байлаа. Тэр ямар хоригоор болох биш хүүхдүүд нууцаар үзнэ л дээ. Хятадууд бас наймаа юм гаргана аа. “Туул” ресторанаас Шар дэлгүүр хүртэл дандаа Хятадын гудамж. Ногоо, шийгуа өрөөд тавьчихна. Хоёр гурвуулаа очоод “За, дааяа шийгуа ямар үнэтэй вэ?” гэж асуух мөртлөө салтаан доогуураа нэг шийгуа чулуудангуут арын хүүхэд аваад зугтчихна даа. Улаан сар, еэвэн сар нь болохоор бурамтай еэвэн өгнө. Бас л тэрийг идэж болохгүй гэж хорино, тэгсэн ч иднэ.

Зураач болсон нь

   Гуравдугаар арван жилд ороход зургийн багш Жодов зураг зурах дуртай хүмүүсийг өөртөө дотно дасгав. Тэгээд манийг “Пионерийн ордны зургийн дугуйланд оч” гэхээр нь очиж О.Цэвэгжав багшийн дугуйланд орсон доо. Анх тэр дугуйланд орох гэж яваад бөхийн дугуйланд андуураад орчихож билээ. Би яах вэ, жаахан ноцолддог, биерхүү хүүхэд байж. Тэгээд ч Түвдэндорж гуайг мэдэх биш, “Барилд” гэхээр нь явж ороод тэр том зааланд нь 45 хоног бэлтгэл хийсэн. Түвдэндорж гуай өөрөө дэвээ, шаваа бүх юмаа урд гарч хийгээд л заана шүү дээ. Тэгэхэд Баянмөнх эд нар мөн л арван жилийн хүүхдүүд байсан. Бид чинь үеийн юм. Сүүлдээ би ч өнөөдүүлдээ гар хөлөө хугалуулчих гээд больсон доо. Тэгсэн бөхийн дугуйлангийн яг хажууд зургийн дугуйлан байсан юм билээ. Тэгээд арван жилээ төгсөөд Багшийн дээдийн зураг, хөдөлмөрийн багшийн ангид орж дүүргэсэн өөрийгөө багш л гэж боддог хүн дээ, би. Шугам зурагт их дуртай байсан ч Б.Чогсом, С.Нацагдорж, Дагестаны Ж.Жамиль гэж олон сайхан багш нартайгаа ажиллаад зураг зурах сонирхол илүү болсон юм. Сургууль төгсөхөд биднийг тал тал тийш хуваарилаад Гэгээрлийн яаманд диплом хадгалчихдаг байлаа. Надаас уг нь “Хаана хуваарь авах вэ?” гэж асуусан ч залуу хүний үгийн алдаагаар “Хаа ч яах вэ” гэж хэлээд Хөвсгөлийн Ханхын арван жилд хуваарилагдав. Гэхдээ тийшээ яваагүй. Хоёр хөгшин маань энд байсан учраас тэр. “Туул” рестораны тэнд машин дээрээс лоозон уншиж “Дунбүрээ Хөвсгөлд” гэж сар гаруй зарласан шүү. Сүүлдээ Султан гээд боловсон хүчний хүн намайг “Та орох уу, би орох уу?” гээд ширээнээсээ босоод хаалгаа онгойлгоод зогсчихдог байлаа. “Нэг бол би явж, чи тэр ширээнд суу” гэнэ. Тэгсэн нэг өдөр Урчуудын эвлэлийн хороонд Н.Цүлтэм гуай намайг дуудуулав. Би дипломоо натюрморт заах аргаар хамгаалж. Тэрийг тэр хүн үзээд “Энэ хүн зураг сонирхох нь” гэж бодсон бололтой. Ингээд би Н.Цүлтэм гуайн дагалдан болж тэр хүний алсын хараагаар 1965 оноос Урчуудын эвлэлийн хороонд ажиллалаа. Ханхад очсон бол тамхи татсан, загас барьсан, дархад авгай авсан хүн байх байсан байх аа.

Залуу зураач Г.Дунбүрээ.

Их хүрээний зургаар дагнах болсны учир

   Манай эцэг Дэчингалавын сүмд шавилж байгаад хар болсон хүн байлаа. Хотод орж ирээд Гандангийн дэнжид суудаг болсон юм. Манайхаар хөгшчүүл цуглаж хүрээ хийдийн тухай хууч их хөөрнө. Өглөө намайг хичээлдээ гарахад сууж байсан хөгшчүүл орой хичээлээс тараад ирэхэд яриад л сууж байна. Зүүн хүрээ гэж их ярьдаг нь бүр чихэнд хоногшсон доо. Тэгтэл би ч 1968 онд Барилгын зургийн институтийн хэвлэл чимэглэлийн албанд ажиллав. Тэгсэн Майдар гуайн хуучны хүрээ хийдийн тухай номын зургийн баларсан сохорсныг гүйцээж 45 хоног зурсан даа. Ингээд л миний сонирхол энэ зүгт хандав. Нөгөөтээгүүр би түүх их сонирхдог юм. Мөн Урчуудын эвлэлийн хороонд мундаг хөгшчүүлтэй хамт ажиллаж мөн л түүх хуучны юм хийсэн. Би ч өөрөө бурхан зурах, монгол зургийн талд сонирхолтой байлаа. Анх миний эцэг намайг Ардын зураач Маньбадар гуайн шавь болгосон юм. Тэнд сар гаруй монгол зураг зураад зургаа хаяад алга болоод өгсөн л дөө, би. Тэгж яваад Жодов багшийн хэлснээр ордны дугуйланд явж, улмаар мэргэжлээ сонгосон юм.

   Би Их хүрээ, Улаанбаатарын зургуудаа хөгшчүүлийнхээ ярьсанд түшиглэж зурдаг юм. Залуу байхад тэд “Энд энэ байгаагүй тэр байсан”, “Сэлбэ түүгээр үүгээр ингэж урсдаг байв” гээд хэлээд өгдөг байлаа. Одоо бүгд бурхны оронд явжээ. Би Дамдин, Сэрээтэр ламтай их дотно байж тэднээр Дэчингалавын тухай их яриулна. Сэрээтэр гуайн ах Зүүн хүрээний чамбан байж. Чамбан гэдэг нь цам удирддаг хүн. Намайг сонирхоод асуухад тэд минь “Дунбүрээд бол ярья” гэнэ. Надад ярих дуртай. Би үгийг нь дэмий юманд ярихгүй, бас тэр бүрийг тэмдэглээд авна шүү дээ. Би хүнтэй дэмий яриад өнгөрөхгүй, араас нь дандаа тэмдэглэж авдаг юм. Шашны музейн захирал байхад бол архивт их суусан. Манайхаар жуулчилсан, дипломат явсан улсын зураг, тэмдэглэлийг шүүж түүж үзнэ. Москва, Ленинград, Репин, Эрмитаж, Дорно дахины музей, Н.Рерихийн музей, Чехийн музейн улстай уулзаж фонд, хуучин номын захаар их явна. Би музейгээр явах их дуртай. Мөн номонд л байдаг юмаа зориулна даа. Ганц майжиг гутал авах яах вэ, цаг нь тулахаар болно шүү дээ. Харин фото зураг дарж, тэмдэглэл, түүхийн ном их авдаг. Би сүм хийд зурахаас гадна Эрдэнэт, Дархан, Багануурын уурхай, гуравдугаар хорооллыг барихад намын даалгавраар бүтээн байгуулалтын үеийг нь зурж байлаа. Улаанбаатар хотын 50 жилийн ойгоор Их хүрээ үүссэн үе, Их хүрээ, Улаанбаатарын түүхийн зураг зурж байв. Өнгөрсөн онд надад Нийслэлээс “Хангарьд” одон шагнасан шүү.

Одоогийн МҮОНРТ-ийн суурин дээр оршиж байсан Жаран хаширын суварга.

Зүүн хүрээ

    Би 1986-1991 онд тэр үеийн Шашны музей, одоогийн Богд хааны ордон музейн захирлаар ажиллав. Тэнд ажиллаж байхдаа Данзан, Сэрээтэр, О.Пүрэв зэрэг лут лам нартай уулзаж түүх, хууч сонсдог байсан. Зүүн хүрээний Хуучин цирк бол их дагина Дондогдуламд зориулж 1903 онд барьсан сүм юм билээ. Одоо Дашчойлин хийдийн тэнд дөрөвдүгээр дэлгүүрийн наанатай бий. Би Олноо өргөгдсөний анхдугаар онд Богд хааныг ширээнд залах үеийн зургийг томоор зурсан юм. Богдын шар ордон одоогийн дөрөвдүгээр дэлгүүрийн тэнд байжээ. Харин Драмын театрын суурин дээр Их хүрээний Гаалийн хороо байсан. Түүнийг үндэслээд “Монголтранс” зургийг зурав. Зүүн хүрээний гол юм нь Майдарын сүм. Сүм бариад дотор нь Майдар бурхнаа залжээ. Тэр нь мөн дөрөвдүгээр дэлгүүрийн буурин дээр байсан. Тэндээс урагш “Монгол зоог” болоод ирэхээр тэнд нь Дэчингалавын сүм байжээ. Дундуур нь Зүүн Сэлбийн гол урсана. Пионерийн ордны суурин дээр Шүтээний аймаг байж. Их сургуулийн суурь, Засгийн газрын ордны хойно ордны ямпай хаалгууд байжээ. 1924 онд Р.Ч.Эндрюс ирэхдээ түүнийг үзээд “Ариун хутагтуудын нутаг юм” гэж байсан юм билээ. Дашчойлин хийдийн хажууд Гунгаачойлин гэж хийд байсныг нураачихсан юм. 2000-аад оны эхээр дахин барьсан. Шүтээний аймгийн хана туургыг лам нарын олон цөөны тоогоор майхан шиг багасгадаг, томсгодог байж. Тэнд арван мянган лам хурж байсан юм гэнэ лээ. Цөөн лам бол хумьдаг, олон бол бол тэлдэг тэлүүрэн ханатай байсан гэдэг. Мөн том том зэс тогоо Зүүн хүрээгээр дүүрэн байж. Сэлбэ голын хөвөөгөөр газар ухаад зуух хийчихсэн, дээр нь банз тавьж байгаад бүхэл бүхэл мах, шуудай шуудайгаар нь гурил хийгээд лам нарын хоол хийдэг. Тиймээс тэр хавиар гуйлгачин их байж. Одоо Богд хааны музей дотор байдаг шиг тийм тогоо гудамж бүрт байна. Сүм сүмийн 30 аймаг хоолоо бүгд хийх юм чинь, аргагүй биз. Энэ тухай манай эцэг “Их том тогоо байсан юм. Банди нар хөл нүцгэлчихээд гурилаа зуурдаг байсан” гэж ярьдаг байлаа.

   Зүүн хүрээний нууц бүлгэмийн байшин Бөхийн өргөөний тэр хавьд байжээ. Бөхийн өргөө бол тухайн үеийн Зүүн хүрээний лидерүүд амьдарч байсан газар. Дэмид жанжин тэргүүтэй хүмүүс амьдарч байсан газрыг, Төмрийн заводтай нурааж зах болгосон байна. Тэндээс үлдсэн ганц байшин нь Улаанбаатар хотын музей, түүний баруун талын хэдэн байшин. Түүний хойно нь байдаг намхан байшин бол Дэмид жанжных. Тэнд одоо Вьетнамын Элчин сайдын яам бий байх. Сайн ноён хан Намнансүрэнгийн байр СЭЗИС-ийн ард байсныг нураасан. Одоо мөн л захын урд байх Гоожингийн өндрийг нураах тухай ярьж байх шиг байна даа. Эд бол архитектурын онцгой уран хийцтэй модон байшингууд. Чойжин сүмийн хойд талд байсан хоёр муурын байшин гээд жижиг модон байшингуудыг анх финчүүд барьсан юм билээ. Тэрний ард Амарын байшин, Хэлмэгдлийн хөшөө гэж байсан. Тэрийг мөн финчүүд барьсан. Тухайн үед Хүрээнд худалдааны пүүстэй фин хүмүүс барьж байж. Тэр финландуудад негр эмэгтэй үйлчилдэг байсан гэдэг. Манайхан тухайн үед хар арьстай хүүхэн үзэх гэж их хошуурч очдог байсан байна.

   Мөн Бөмбөгөр ногоон театрыг 1926 онд Унгарын эрдэмтэн Йожеф Гелетагийн зургаар барьжээ. Театрыг 1959 онд шатсаных нь дараа Засгийн газрын ордон барьсан. Тэр театрын гадна талын чимэглэлийн эскизийг Оросын зураач Константин Померанцев хийжээ. К.Померанцев нь Ардын зураач Л.Гаваа гуайн багш юм билээ. Түүний эхнэр Вера Шаршун “Учиртай гурван толгой” жүжгийн тайзны чимэглэлийг хийсэн гэдэг. Й.Гелета тухайн үед боловсон жорлон нэвтрүүлэх гэж ад үзэгдэж явсан юм билээ. Би мөн 1893 онд Монголд орж ирээд Монголын ихэс дээдэстэй нөхөрлөн монгол адууг Хонконг хүргэн зарж байсан Ф.Ларсоны пүүсийг судалж, зургийг нь зурсан. Пүүс нь одоогийн Модны хоёрын тэнд байжээ. Мөн одоогийн МҮОНРТ-ийн суурин дээр Жаран хаширын суврага байсныг 1930-аад оны үед устгасан. Тэр суваргыг 1903 онд арвангуравдугаар далай лам равнайлсан түүхтэй.

Зурсан зургийнхаа ард тайлбар бичсэн байгаа нь.

Их дэлгүүр, Н.Рерихийн байшин, Есөн гудамж...

   Өндөр хоршоо тэр үеийн гоё барилгуудын нэг. Үүдэнд нь яваад орохоор гурван том тольтой, бид чинь хоёр давхарт нь гараад төөрдөг байлаа. Нэг давхар нь дан хүнс, хоёр давхар нь хувцас хунар, нарийн юмтай. Урд талын цонхнууд нь сараалжин бөмбөгөр тортой байсан. Өндөр хоршооны урд “Спартак” гэж хоёр давхар тоосгон зочид буудал байж. Тэрний хоёр давхарт Д.Нацагдорж, Д.Пагмадулам байсан гэдэг. Өндөр хоршоо, “Туул” рестораны хажуугаар урсах Баруун Сэлбийн гол хоёр гүүртэй байсан юм билээ. Одоогийн Барилгачдын соёлын ордны талбайн тэнд нэг гүүр нь байж. Нөгөө гүүрнийх нь хажууд халуун усны газар байна. Өндөр хоршоо, “Ард” кино театрын энд Хятадын шорон байсан. Мөн 1922 онд барьсан цагдаагийн барилга байв.

   Ах нь Есөн гудамжинд арваад жил амьдарлаа. Лениний музейгээс хойшоо байсан юм. Хятадын хороолол юм даа, нэг хаалгаар ороод нөгөө хаалгаар гараад явчихна. Хятадууд орой үдэш даалуу тоглоно, тамхи татна, хүүхнүүд цуглуулна. Тиймээс нэг хашаанаас нөгөө хашаагаар дамжих нууц хаалгуудтай, тэд чинь гудамжаа тойроод явахгүй шүү дээ. Манай нэлээн ганган хүүхнүүд тэр гудманд очно. Одоо хятад байшингуудын үлдэгдэл 32-ын тойргийн тийш байна. Далан хэдэн онд энэ хавийг газарт оруулаад Лениний музей байгуулахад хойшоогоо явсан нь тэр. Хятадууд бол хаа хөөгдсөн ч хамаг юм нь үргэлжлээд яваад байдаг улс. Мөн Николай Рерихийн байшин Жуковын музейн хойд талд бий. 1920-иод онд барьсан тэр байшин одоо түүний музей болсон. 1927 онд Н.Рерих Монголд ирж түүний суусан тэр байшин уг нь Консулын дэнжийн оросуудын барьсан байшин юм. Хүрээнд Оросын хоёр давхар байшингууд байжээ. Хожим Хүүхдийн театр болсон байшинг нэг хэсэг “Октябрь” кино театр гэж нэрлэж байлаа.

   Миний үеийн барилгаас хуучин янзаараа үлдсэн нь “Туул” ресторан, Өндөр хоршоо. Уг нь Д.Симуковын ногоон дээвэртэй байшин байсныг нураасан. Би хуучин барилгуудыг нураахын эсрэг байдаг хүн. Гадна талын хэлбэр нь байгаад дотор талыг нь хадгалж болно шүү дээ. Манайхан заавал нурааж байж сэтгэдэг сонин улсууд л даа. Эхлээд хот хүрээ байгуулахад төвөд хэлбэрийн дуган байсан. Сүүлдээ монголчлоод гэр дуган бариад эхэлсэн. Халзтай, баганатай гэр барих болсон хэрэг. Манай Майдарын сүм төвөд хийцтэй, дээрээ гэр хэлбэртэй дугантай. Ийм юмыг хадгалж, монгол үндэсний уламжлалаа хадгалж авч үлдэх ёстой юм. Монголын уламжлалт архитектур тэр хэвээрээ байх ёстой. Учир нь, монгол хүний оюун ухаанаар бүтсэн учраас тэр санаа хүрээгээ улам тэлж байх учиртай. Ази хийцгүй дөрвөлжин барилгууд одоо их болоод байна шүү дээ.

   Тэр үеийн гол барилга нь Гандан, Өндөр хоршоо, Дэчингалавын сүмүүд, Есөн гудамж, ногоон дээвэртэй Д.Симуковын байшин, Консулын дэнжийн барилга, Элбэг Амгалант гацааны Маймаа хот, 1922 оны Сэргийлэхийн байшин юм. Гандангийн өндөр сүмийг 1911 онд барьжээ.

1930-аад оны үе. Өндөр хоршооны урд морин тэрэг, сүйх тэргээр үйлчилж буй байдал.

Миний дуртай Улаанбаатар

   Драмын театр, Гадаад харилцааны яамны барилгад би их дуртай. Гадаад яамны байшингийн өндөрлөгийг Д.Чойдог гуай соёмбо сийлж хийсэн юм билээ. Зүүн хүрээний 1800 онд барьсан Дэчингалавын сүмийг 1937, 1938 оны үед нураахад алтадсан ганжирыг хуулж аваад Гадаад явдлын яамны орой дахь тэр соёмбыг бүржээ. Энийг надад УГЗ Н.Жамбаа гуай хэлж байсан юм. Социализмын үед Эрдэнэзуу, Амарбаясгалан хийд, Богд хааны ордон музейг нэгтгээд Шашны музей болгосон юм. Би тэнд ажилласнаас гадна Чойжин ламын сүм-ордон музейн эрхлэгчээр ажиллав. Тиймээс би бүгдийг нь мэднэ, мэдэх учраас энэ дурсгалт газруудад дуртай байдаг. Богд хааны ордонд бол Эрдэнэзуугаас авчирсан Занабазарын 21 дарь эх бий. Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Цэрэн-Очир гуай нарын авчирсан эх бүтээл тэр чигээрээ байна. Чойжин ламын музейн дагшнууд мөн л бүгд жинхэнэ эхээрээ байдаг дахин давтагдашгүй бүтээлүүд. Хүрээний гол цөм болох энэ музейд цамын багууд бий. Энийг гаднынхан авах гэдэг байлаа. Яалаа гэж өгөх вэ. Богд хааны ордныг Гомбо шожоон тэргүүтэй Монгол, Хятадын хоёр, гурван зуун урчууд хамтарч барьсан гэдэг. Шожоон гэж чулуучин хүнийг хэлнэ. Жанрайсиг сүмийг барихад манай ээжийн талын авга ах Чүлтэмсүрэн гэдэг хүн улсуудыг удирдуулж бариулсан юм билээ. Миний эцгийн талд шашны улс байсан ч ээжийн талаас тэр Чүлтэмсүрэн гуай Богд хааны дэргэд донир байжээ. Түүний ээж Долгор мөн л Богдын дэргэд хатгамал хийдэг, шүр, сувдыг зүйж урладаг уран хүн байсан гэнэ. Мөн Тавхайбор, түүний гэр бүлийнхэн байна. Тэдний гэрийнхэн Их хүрээний Шүтээний аймгийн зураач, зээгт наамал хийдэг уран, дархан улс байжээ.

Б.Ринчен доктор юу гэж зөвлөв?

   Би 1974 оны нэгэн өдөр Бямбын Ринчен гуайтай уулзаж зөвлөгөө авахаар болов. Хүүхэд байхаасаа л тэр хүний тухай сонсож өссөн би арван жилд байхдаа доктор гэхээр нь эмч гэж л боддог байлаа. Бавгар сахалтай Б.Ринчен гуай Засгийн газрын ордны эндээс хүрэн дээлтэй, тоногтой шар цүнхтэй, өргөн судалтай хүрэн костюмтой чигээрээ Шуудан хороо руу явдаг. Арван жилийн бидний хэдэн хүүхдүүд араас нь хошуураад л дагана. Эргэж нэг харчхаад явна. Биднийг загнахгүй ээ, хөөрхий минь. Бид юугаа ч мэдэхгүй “Доктор явж байна, доктор явж байна” гэцгээгээд л. Хааяа шуудан орохоор сэтгүүлийн нэг их гоё шүүгээнүүдээсээ ном, сэтгүүлээ аваад ялгаад сууж байхтай нь таарна. Сүүлд мянгын дугуй унаад явж байсныг нь бас мэдэх юм. Хожим эрдэмтэн гэдгийг нь мэдэж авав. Урчуудын эвлэлийн хорооны сонин уншлага, лекц болоход өвгөнийг урьдаг. Тэр үед би залуу ч байж. Биднийг жаахан шуугилдахаар дуу нь улам намсана. Тэгэхээр нь бид чимээгүй болно доо. Тийм хүн чинь биднийг загнахгүй. Их зөөлөн дуугаар ярьдаг хүн.

   Би 1974 онд Урчуудын эвлэлийн хороонд ажилладаг, 32, 33 нас хүрч авгай аваад байр суучихсан хүн шүү дээ. Их хүрээний талаар зураг зурах сонирхолтой болоод тэр хүнээс зөвлөгөө авья гэж бодлоо. Бас бодож байгаа юм. Намайг тоох болов уу яах бол, охидууд нь их мундаг юм гэнэ лээ. Хүргэн нь Улс төрийн товчооны Н.Жагварал, охин нь нүдний эмч Нямаа гээд л дотроо баахан айв. Тэгээд нэг өдөр зориг гаргаад утас цохилоо. Утсаа аваад “Ринчен байна. Чи ямар учиртай хүн бэ?” гэж байна. Би ч нэр усаа хэлээд “Ринчен гуай би тантай уулзмаар байх юм аа. Улаанбаатар хотын түүх соёлын юм асууж танаас зөвлөгөө авмаар байна” гэлээ. Тэгсэн “Маргааш есөн цагт манайд морилоод ир” гээд шууд тэгж байна. Ингээд би сандарч эхэлж байгаа юм. Тэгэхэд манай эцэг “Чи их саваагүй хүн шүү. Тэр ном эрдэмтэй хүний цагийг битгий бараарай. Элдэв дэмий юм асуув даа. Б.Ринчен гэдэг их эрдэмтэй хүн юм гэсэн. Архангай явах замдаа хүнтэй дуугарахгүй номоо үзээд л яваад байдаг гэнэ” гэж захьсан даа.

   Тэр үед манайх Ганданд байв. Харин Б.Ринчен гуайнх Их сургуулийн хажуугийн арктай байшингийн урдаасаа хоёр дахь орцонд. Би өглөө долоо гуч гэж гэрээсээ гараад алхлаа. Юухан байх вэ, дороо ирээд Их сургуулийн энүүгээр холхиод байгаа юм. Эрт очсон хүн эрт орохгүй шүү дээ. Цаг яг есөн цагт гурван минут дутуу байхад хаалгыг нь цохилоо. Хаалгаа онгойлгоод “Та дотогшоо морил” гэж байна. Намайг ерөөсөө “Та” л гээд байгаа юм. Тэгсэн миний энэ урлангаас жаахан өрөө байна. Тэнд том хүрэн модон ширээ тавиад, хэдэн сандал зайтай тавьжээ. Би ч суугаад амар мэндийг нь асуулаа. Тэгээд “Би таны “Их нүүдэл”, “Үүрийн туяа”, “Заан залуудай”-г уншсан” гэдгээ хэлэв. Тэрийг тоож байгаа ч юм алга. Модон ширээн дээрээ тэвхийтэл ном хураачихсан байна. Мөн хоёрдугаар хоолны тавган дээр тамхины иш овоорчихжээ. Ахиулаад харсан чинь бүх тамхийг ярайтал тавьчихсан байна. “Казбек”, “Солнце”, “Папирос”, “ВТ” гээд л би ч ийм олон тамхи зэрэг татдаг юм байх даа гэж гайхаж байгаа юм. “Казбек” тамхины хайрцаг дээр хар морьтой давхиж яваа хүний зураг байсан юм. Тэр тамхийг манай нутгийн Гомбожав гуай татдаг байсан болохоор би тэр морьтой хүний зургийг Гомбожав гуайнх гэж боддог байлаа. Харж байсан чинь жоохон асаагаад утааг нь үлээчхээд тавган дээрээ хаячихдаг юм билээ. Тэгээд “За хүүгийн нэр хэн бэ? Ямар хэргээр явж байгаа юм бэ?” гээд асууж байна.

- Чи хэний албат вэ?

- Би Урчуудын эвлэлд ажилладаг.

- Чи Цүлтэмийн албат юм байна. Ямар зураг сонирхдог вэ, хүүхээ?

- Би бодит зураг, монгол зураг сонирхог.

- Монгол зургаас чи хэний зургийг сонирхдог юм бэ дээ?

- Би Маньбадар, Ядамсүрэн гуайн зураг, бурхны зураг сонирхдог.

- Ядамсүрэн чинь цагаан Жамбын будгийг нухаж өссөн хүн шүү дээ гэж байна. Тэгээд надад энэ Улаанбаатар хотыг хүрээлсэн дөрвөн уулын тухай ярьлаа. “Хүүхээ, Богдхан уулын савдаг нь хангарьд, Сонгинохайрхан уулын савдаг хөх өвгөн Базар, Чингэлтэйнх эд баялаг цуглуулдаг гахай, Баянзүрхийнх эд баялаг, эзнээ хамгаалдаг нохой. Тиймээс манай цэргийн байгууламжууд тэнд байдаг юм” гэж ярив. Улаанхуаранг ярьж байна шүү дээ. Тэгээд “Богдхан уулын хангарьд дөрвөн ууландаа эв эеийг хичээхийг бэлгэдэж хадаг барьсан” гэсэн юм. Тэгэхэд би залуу хүний бодлогогүй огцом асуулт тавьж билээ. “Ринчен гуай хангарьд чинь могой барьдаг бил үү?” гэж мэдэмхийрэв. Түүнийг тоож байгаа юм алга. Үргэлжлүүлээд яриад л байв. Тэр үндэслэл дээр би Улаанбаатар хотын түүх, дөрвөн уулын савдгийг зурсан юм. Тэгээд “Дөрвөн уулын дунд хүн чулууны хонхорт Их хүрээ үүссэн. Энд хүн чулуу их байсан. Үүгээр арслан заанууд сүргээрээ явж байсан түүхтэй” гэж ярив. Би түүгээр нь бас зураг зурсан. Богд уул зураад хүргэн Алтангэрэлд нь өгсөн. Би Францад тэднийд очиж байсан юм. Тэр үед Б.Ринчен гуай “Манай хатан Туул Хойд мөсөн далайд цутгадаг” гэж ярьж байгаа юм. Би ч яриаг нь тэмдэглээд л байгаа шүү дээ. Хүн чулууг болохоор Гадаад явдлын яамыг барихад япончууд баруун хойд талын хундааманд нь хийсэн гэж Б.Ринчен гуай хэлсэн юм. Хэрвээ яамыг нураах юм бол хундаамнаас нь гарч ирнэ гэсэн. Мөн би тэр хүний яриагаар “Эрхэм дээд Богд уулс” зураг зурж, үзэсгэлэн гаргасан. Одоо аравдугаар сарын 6-нд найзтайгаа хамтраад энэ үзэсгэлэнгээ дахиад гаргах гэж байна. Монголд Богд нэртэй 89 уул бий. Би 87 дээр нь очсон. Мөн надад Б.Ринчен гуай “Арслантай гүүрний энэ арслан Амгаланбаатар хотод байсныг нүүлгээд Сэлбийн гүүрэн дээр тавьсан” гэж ярьж байв.  

   Би Б.Ринчен гуайг их хүндэтгэдэг юм. Хосгүй эрдэмтэй, олон хэлтэй, өндөр боловсролтой тэр хүнийг шүтдэг. Түүний сургаалыг сонсож энэ зургуудыг зурлаа. Би тэр хүний ярианаас үүдэж судалж, гүн рүү нь орж зурсан юм. Миний урланд Б.Ринчен гуайн гэрэл зураг залаатай бий. Тэр зургийг надад гэрэл зурагчин Р.Гомбожав дурсгасан юм даа.

Б.Ринчен гуайг ийн зуржээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.