images

Чулуун сийлбэрч О.Хүүбаатар: Цагаан шүрээр 18 см өндөр хөөрөг хийсэн

Н.Ариунсайхан

Соёл эрдэнэ

2023-09-05


Өмнөговь аймгийн уламжлалт гар урчуудын холбооны гишүүн,  гурав дахь үеийн сийлбэрч, зураач Оюунчимэгийн Хүүбаатартай бүтээл туурвилынх нь талаар ярилцлаа.

- Сайн байна уу. Та хэзээнээс чулуун сийлбэр хийж эхэлсэн бэ?

- Би 2009 онд МУБИС-ийг Дүрслэх урлагийн технологийн багшаар суралцаж төгссөн. Үүний дараагаас өвөө, авга ах дүү нараасаа сийлбэр хийх ухаанд суралцсан. Энэ талын онолын мэдлэг, сууриа их сургуульдаа хангалттай тавьсан гэж боддог. Харин чулуун урлалаар практикт суралцаж, бүтээл туурвисан минь нийт 13 жил болсон байна. Миний өвөө Урлагийн гавьяат зүтгэлтэн А.Довчиндаваа хэмээх барималч, сийлбэрчин, уран зураач хүн байсан.

- Өвөөгийнхөө талаар ярьж өгөөч. Ямар бүтээлүүд туурвиж байсан юм бол?

- Өвөө маань баргилт чулуугаар хонины бэлчээртээ малынхаа хошууг эргүүлэх зуураа сийлбэр хийдэг хүн байсан. Говийн онцлог байдлыг харуулсан хонин гүрвэл, яст мэлхий, тэмээ зэргийг чулуун дээр сийлбэрлээд жуулчдад зардаг байсан гэсэн. Тэр үед автомат багаж гэж байх биш. Гар багажаар л үзээд байсан байгаа юм. Өвөөг хийсэн сийлбэрүүдээ гаргаж үзүүлэхэд нь “Ямар уйгагүй, гоё хийгээ вэ” гээд л биширдэг байлаа. Тэндээс л  их юм харж, заалгаж байсан. Авга ах нараасаа ч гэсэн зарим зүйлээ асууна. Өмнөговь аймгийн угтах, үдэх хаалган дээр байгаа хоёр тэмээ, хоёр буурын эх загварыг нь өвөө минь гаргасан. Тэр нь аймгийн төвдөө бий. Монгол орныхоо 21 аймгийг тойрч дуусаад Өвөр Монголд очиж олон ч бүтээлээ хийсэн байдаг. Манай ах дүү нараас дөрвөөс тав нь сийлбэр, баримал хийдэг. Би ч мөн тэднийг дагаад баримал хийх гэж оролддог. Гэхдээ сийлбэр дээр тулгуурлаж олон жил бүтээлээ хийсэн байна. Өвөө маань 1962-1992 оныг хүртэл Өмнөговь аймгийн урчуудын эвлэлийн салбарт зураач, барималчаар ажиллаж байсан. Энэ хугацаанд "Буурын ноцолдоон", "Битүүний шөнө", "Угалз", "Говийн намар" уран зураг, "Эмнэг сургалт", "Саальчин", "Уурхайчин" баримал, "Улсын баатар Т.Бор", "Партизан Хасбаатар", "Д.Сүхбаатар" зэрэг хөргийг урлан бүтээсэн байдаг. Хамгийн анх Гурвантэс сумын давсны үйлдвэрт ажиллаж байхдаа К.Марксын хөрөг зургаар Оюутан залуучуудын анхдугаар их наадамд оролцож авьяас билиг нь тодорсон гэж ярьдаг.

- Та “Нүүдэлчин” өв соёлын наадамд ямар бүтээлээ танилцуулахаар авчирсан бэ?

- Миний хувьд энэ жилийн “Нүүдэлчин” наадамд анх удаа оролцож 10 гаруй төрлийн бүтээлээ танилцууллаа. Дан чулуугаар сийлбэрлэсэн бүтээлүүд маань гэвэл том жижиг нийлээд 100 ширхэг. Эднээсээ заримыг нь сонирхуулья. “Тэнгэрийн ташуур” хэмээх монгол луу, нар сарыг бэлгэдэн дүрсэлсэн бүтээл энэ байна. Өнгөрсөн долоодугаар сард Өмнөговь аймагт болсон “Gobi Art” үзэсгэлэн уралдаанд зориулж хийгээд тэргүүн байранд шалгарч байлаа. Гагцхүү Өмнийн говь нутгаас гардаг цагаан шүр чулуугаар хийсэн бүтээл л дээ. Энэ чулуугаар бас би “Есөн заан” хэмээх үнэ цэнтэй бүтээлээ сийлбэрлэсэн. Зүгээр ч нэг заан эгнүүлээд хийчихье гэж бодоогүй юм. Алт, мөнгө, шүр, ган, тана, номин, оюу, зэс, сувд гээд монгол түмнийхээ хүндэтгэн дээдэлдэг есөн эрдэнийн чулууг зааныхаа толгойд буй бадамлянхуа цэцгийн суурин дээр хийсэн юм. Мөн цагаан шүр чулуугаараа найман морины сийлбэртэй, ноён сэврээ хийцийн мөнгөлгөөтэй гурван ширхэг аяга хийсэн нь энэ байна. Амны тойрог нь найман см, 4.5 лан мөнгө орсон аяга.

Чулуун сийлбэрч О.Хүүбаатарын “Нүүдэлчин” наадамд авчирсан бүтээлүүд.

- Та голчлон ямар чулуугаар сийлбэр хийдэг вэ. Чулуугаар сийлбэр хийхэд олон чулуунаас сонгож шилдэг байх?

- Дэлхий дээр олон төрлийн шүр байдгаас гагцхүү цагаан шүр чулуугаар сийлбэр хийхэд тун тохиромжтой. Хатуулгын хувьд мана чулуунаас арай зөөлөн ч баргилт чулуунаас хатуу. Байгаль дээрээ бол шавар юутай хээтэйгээ холилдсон бөөрөнхий хэлбэртэй л эд байж байдаг. Өмнөговьд цагаан шүр, хар мана, баргилт чулуу түгээмэл. Нутгийн хүмүүс эдгээр чулууг зохих хэмжээгээр олборлоод удаж байгаа юм билээ. Би тэднээс худалдаж авдаг. Баргилт чулуу бол Өмнөговийн Сэврэй суманд голчлон байдаг юм билээ. Сувенир, бэлэг дурсгалын зүйл хийхэд зөөлөн, сийлбэрийг гар багажаар гаргасан ч болдог. Харин баарангийн хар мана бол хатуулаг нь дээд, олдоц ховор. Хүмүүс хар хаштай андуурдаг. Манан төрлийн чулуун дээр сийлбэр хийхэд олон сар, хоногийн хөдөлмөр шаарддаг учраас цахилгаан багаж буюу алмазан хошуу ашиглаж л эд болгодог.

- Таны хамгийн хайртай бүтээл гэвэл юуг нэрлэх вэ?

- Хөөрөгнүүдээс гэвэл гурван луу ороолгон сийлбэрлэсэн их гарын хар манан хөөрөг хийж байсан юм. 14 хоног ноцолдсон санаж байна. Хүний захиалгаар хийсэн учир одоо эзэндээ очсон.

- Таны бүтээлүүд чулуунаас эцсийн бүтээгдэхүүн болох хүртлээ ямар үе шатыг дамждаг вэ?

- Хамгийн түрүүнд байгалиас ирсэн чулуугаа үзэж ан цавыг нь арилгана. Хагарал, цав, нүхгүй болтол нь засч янзалсны дараа чулууныхаа хэлбэр хэмжээг харж байгаад ямар хөөрөг хийхээ шийднэ. Сийлбэртэй хөөрөг хийхдээ эхлээд маш сайн зургаа гаргах хэрэгтэй. Тэгээд аль болох хэлбэрийг нь алдагдуулахгүй хөөрөгний хэвээ гаргаж авна. Үүний дараа  гадна талыг нь өнгөлж дуусгаад дотрыг нь ухаад мөн л өнгөлнө. Ингэхдээ усаараа ойр ойрхон норгоод зүлгээд байна. Дотор өнгөлгөө сайн хийсэн хөөрөгний хананд тамхи наалддаггүй гэдэг. Тэгээд л хамгийн сүүлд толгойг нь хийж халба, нуухыг нь хийдэг дээ. Орчин цагт бол алмазан түрхэцтэй хошуугаар сийлбэр хийдэг болсон ч өдөржин түүнийгээ бариад суучихаар гар бадайрна, яс янгинадаг. Ер нь сийлбэрийн явцад чулуу эмтэрвэл ахиад л бүх зүйлээ эхнээс нь хийнэ. Мод бол наачихаж болдог. Хэчнээн буруу хийлээ ч алт, мөнгийг дахин хайлаад аргалчихаж болно. Чулуу бол тийм биш учраас маш болгоомжтой, нарийн ажиллагаа шаарддаг. Ер нь уйгагүй хүн уул нүхэлнэ гэдэг. Үүнтэй адил хөөрөг урлана гэдэг бол тууштай хүний ажил.

- Нэг хөөрөг хийхэд дунджаар хэдий хэр хугацаа зарцуулж байна вэ?

- Чулууны хатуулгаасаа хамаараад янз бүр хугацаа зарцуулдаг. Хатуулаг ихтэй чулуу бол нэлээд удаан барьж сууна. Байгалийн чулуунаас эхлээд эцсийн бүтээгдэхүүн болох хүртлээ дунджаар 14 хоног зарцуулдаг. Баргилт чулууг хутгаар сийлж болдог. Харин хар мана чулууг өндөр эргэлттэй алмазан багажаар хийдэг учраас байнга усаар чийглэж нарийн сийлбэрийг тодотгож байх хэрэгтэй.

- Та өөр хийж байсан сонин бүтээлүүдээсээ ярьж өгөөч?

- Би 2016 онд Монголын хамгийн томд тооцогдох цагаан шүрэн хөөргийг хийж байсан юм. Хүнд учраас хоёр хүн гартаа бариад хөөрөглөх боломжгүй. Харахад нүд баясгам сайхан эд л дээ. Есөн луу сийлбэртэй, 18 см өндөртэй, 57 мм диаметртэй байлаа. Тухайн үедээ “Мөнгөн завьяа” дэлгүүрийн хүнд үнэ тохироод өгч байсан. Тэр хөөргөөс минь өөр том цагаан шүрэн хөөрөг хийгдсэн эсэхийг мэдэхгүй байна. Хэрэглээнд түгээмэл байдаг хөөрөгний хамгийн том нь 33-34 мм диаметртэй байдаг бол хамгийн бага нь 18-20 мм  амны диамертэй байдаг.

- Та сийлбэртээ ихэвчлэн юуг дүрсэлдэг вэ?

- Сийлбэрийг гар аргаар хийдэг учраас ерөөс дахин давтагдагдаггүй. Адилхан дөрвөн хүчтэний сийлбэртэй хоёр хөөрөг байсан ч жижиг деталь, зураас нь ялгаатай л байдаг. Би бол ихэвчлэн морь, тамга тэмдэг, үүл, хээ, арслан, мод, дөрвөн хүчтэнийг бүтээлдээ сийлбэрлэдэг. Сийлбэрч хүн гарын ур дүйгээс гадна нүдний ураа ч шингээх хэрэгтэй санагддаг. Тэгж байж үнэ цэнтэй бүтээл төрдөг.

- Ярилцсанд баярлалаа.

О.Хүүбаатарын урласан 18 см өндөртэй цагаан шүрэн хөрөг.

 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.