“Чингис хаан” музейд буй олны мэддэггүй нэгэн гайхамшиг
Миний сайхан улаанбаатар
2023-07-11
Археологийн олдворт тулгуурлан бүтээсэн эртний монгол хөгжмийн зэмсгийн "Хаан найрал" хэмээх хөгжмийн чуулга “Чингис хаан” музейн дэргэд байгуулагдсаныг монголчууд төдийлөн мэдээгүй байх. Тэгвэл чуулгын удирдаач Р.Ганбат, Төрийн шагналт хөгжмийн зохиолч, доктор С.Соронзонболд, эртний хөгжмийг эгшиглүүлэгч залуус бидэнд чуулгынхаа тухай баялаг яриа дэлгэснээс гадна музейн бөмбөгөр орой ямар учиртайг тайлбарлан өгүүлэв. Ингээд уншигч та бүхэндээ наадмын энэ өдрүүдэд “Миний сайхан Улаанбаатар” булангаараа бидний сайн мэддэг ч мэддэггүй, гэхдээ хүн бүрд үүд нь нээлттэй түүх соёлын их өргөө “Чингис хаан” музейн дотор ямар гайхамшиг оршин буйг танилцуулж байна.
“Хаан найрал” чуулгын хамт олонтой “Чингис хаан” музейн бөмбөгөр орой доторх байгалийн акустик өрөөнд уулзав. Гаднаас нь харахад монгол малгайн хэлбэртэй тэр бөмбөгөр дотор ямар нэг хөгжмийн зэмсгээр тоглож, хэн нэгэн үг хэлэхэд ямар ч микрофон хэрэггүй. Эртний Грекийн дугуй амфитеатрт микрофон гэж байгаагүйтэй ижил дууны долгионы хугарал үүсгэдэггүй, өнцөггүй энэ өргөөнд удирдаач Р.Ганбатын хэлснээр тун удахгүй Японы 124 кг цэвэр алтаар Италид урласан Чингис хааны хөшөөг зална. Төрийн ордны өмнөх хөшөөтэй яг ижил, өндрөөшөө долоон метр хүрэх нүсэр том алтан хөшөөг тэр өргөөнд оруулж дэргэд нь гурван их хар сүлд, есөн хөлт цагаан тугаа залснаар Төрийн ёслол хүндэтгэлийн их өргөө болох учиртай юм.
Байгалийн акустик орчин бүхий энэ өрөө болон хурлын их танхимд “Чингис хаан” музейн дэргэдэх “Хаан найрал” чуулгыг байгуулагч Төрийн шагналт хөгжмийн зохиолч, доктор С.Соронзонболд, чуулгын удирдаач Р.Ганбат нартай ярилцлаа. Тус чуулгын бүрэлдэхүүнд ихэвчлэн Монгол улсын консерваторид сурч байгаа залуус багтжээ. 17-23 насны залуу уран бүтээлчдээс бүрдсэн “Хаан найрал” чуулгын шижигнэсэн залуусын ес нь эртний зэмсгээр хөгжимдөгчид, нэг нь дуучин, мөн ес нь бүжигчин аж. Тэдний ахмад нь болох МУК-ийг шанзчин мэргэжлээр өнгөрсөн жил төгссөн 23 настай эртний бийваа (пийпаа) хөгжимчин Э.Сарангоо дүү нараа удирддаг. Анх хорин хэдүүлээ байсан ч цөөрсөөр есөн хөгжимчин үлдсэн тул нэг хөгжимчин 2-3 эртний хөгжим тоглож сурчээ.
“Хаан найрал” чуулгынхан төд удахгүй анхны тоглолтоороо албан ёсоор нээлтээ хийх гэж буй талаар удирдаач нь ярив. Чуулгын хөгжимчид эртний хөгжмөө тоглож сурах гэж хоёр жилийн турш юуны өмнө хөгжмийнхөө түүх гарвалыг судалж, эрдэмтдийн дайтай эрэл хайгуул хийжээ. Тиймээс “Хөгжимчин хүүхдүүд энэ хугацаанд шинэ хөгжим, шинэ ертөнцтэй танилцсан” хэмээн Р.Ганбат хэллээ. Тэд шанз, лимбэ, морин хуур, ёочин, ятга зэрэг өнөө цагт танигдсан хөгжмүүдийг олон жил тоглож мэргэшсэн улс боловч “Хаан найрал” чуулгад тоглож буй зэмсгүүд нь бүгд шинэ. Учир нь, тэд хувис, бийваа, скиф ятга, тэр бүү хэл дэлхий даяараа мартсан эртний зэмсгүүдээр ч хөгжимддөг ажээ.
- Чуулгадаа байдаг эртний хөгжмүүдээс манай уншигчдад танилцуулаач?
- Манай эриний өмнөх V-IV зуунд буюу 3500 гаруй жилийн өмнө тоглож байсан скиф ятга олдсон нь ОХУ-ын Ленинград хотын Угсаатны музейд хадгалагдаж буй. Харин манай хөгжим урлаачид тэр ятгыг хэмжээ дамжаа, юутай хээтэй нь дуурайлган хийгээд тоглож байна. Манай чуулгад буй 21 төрлийн 38 эртний хөгжмийн зэмсэг дотор монголчуудын Төрийн их есөн бэлгэдэлд багтдаг хоёр хөгжмийн зэмсэг мөн бий. Түүний нэг нь их хэнгэрэг, нөгөө нь хатан улаан бүрээ юм. Энэ хоёр хөгжим “Хаан найрал” чуулгад эгшиглэж байна.
“Хаан найрал” чуулга Монголын их хаадын өргөөнд тоглож байсан ордны найрал хөгжмийг тэр үед ямар байснаар нь орчин цагт авчирчээ. Энэ тухай удирдаач бээр “Манайд ордны найрал хөгжмийн нэгээхэн хэсэг болох 21 төрлийн 38 хөгжмийн зэмсэг бий. Бид тэр хөгжмийн нэг хэсгийг өнөөдрийн монгол хөгжим урлаачийн ур ухаанаар, Монголд ургасан модоор, монгол малын үс ноос, арьс ширээр, Монгол нутгийн шавраар сэргээн бүтээгээд тоглож сурцгааж байна. Энд Хятадад үйлдвэрлэсэн нэг ширхэг ч хөгжим үгүй” гэв. Тэд мөн эртний хөгжмүүдээр эртний аялгууг дуугаргадаг байна. Судлаач, археологичид Лигдэн хутагт хааны ордонд тоглодог байсан ордны найрал хөгжмийн бүтээлийн эхийг олсныг С.Соронзонболд багш сэргээн найруулж “Хаан найрал”-ын бүтээл болгосон нь тэр юм.
Бидний ярилцаж буй өрөөнд Монголын гурван том хаан, Юань улсын үе залгамжилсан хаад, түүний хатдын зураг байлаа. Иймээс С.Соронзонболд гуай Юань гүрэнд хоёр алдартай хөгжмийн зохиолч байсан тухай яриа дэлгэв. “Тэр хоёр хөгжмийн зохиолчийн нэг нь их өндөр хэргэмтэй. Есөнтөмөр хааны үед тэргүүн дэд сайд хийж байжээ. Тэр хүний зохиосон хөгжмүүдээс өнөөдөр 19 нь уламжлагдан ирсэнийг Хятадын ардын уламжлалт хөгжим хэмээн урд хөршид өнөөг хүртэл тоглосоор ирсэн байна. Хубилай хааны 800 жилийн ойгоор олон улсын эрдэмтэд арван боть ном гаргасанд энэ тухай бичсэн байх юм. Гэхдээ хөгжмийн зохиолчийн бүтээл сайхан л бол аль ч улсын хөгжимчин тоглож байдаг. Тэгэхээр эртний монголчуудын бүтээсэн хөгжим хаана ч үлдэх бололцоотой. Иймээс “Хаан найрал” чуулга монголчуудын ордны хөгжмийг сэргээн босгох буюу эртний язгуур өвөө дахин босгох зорилготой” хэмээн ярилаа.
- Монголчууд эртнээсээ хөгжмийг хүндэтгэн дээдэлдэг байсан бололтой?
- Монголчууд эртнээсээ хаан хуур, хатан ятга гэдэг. Хадны зурган дээр ядарсан өвгөн хуурчийг хууртай нь зураад үлдээсэн нь бий. Тэгэхээр тэр хадан дээр зурахаас өмнө хуур бий болжээ. Дэлхий дахинд адууг хэзээ гаршуулсан тэр үеэс л хуур хөгжмөө хийж, түүнийгээ хаданд сийлэн үлдээсэн байна. Харин яагаад тэрийг сийлээд үлдээчхэв гэхээр тэр хүн үнэ хүндтэй, тодорхой үүрэг гүйцэтгэсэн, гавьяатай хүн байх нь. Тиймээс л ямар нэг аргаар дүрслээд үлдээжээ. Бодоод үзвэл эртний хаад хатдын хөрөг зураг төдийгөөс өдий хүртэл хадгалагдаад ирсэн байхад мань шиг жирийн иргэдийн тэр үеийн хөрөг одоо алга шүү дээ. Мөн булшнаас дандаа хөгжим гарч ирдэг. Одоо бол бурхан болоочоо хөгжимтэй нь оршуулахгүй шүү дээ. Гэтэл эрт үед бурхан болоочоо оршуулахдаа хөгжим болоод бусад эд зүйлийг дагалдуулан хойлоглосон байгаа нь тэр хүн хөгжимчин байсны нотолгоо. Хөгжмөөрөө дуу хуур үүсгэж өөрсдийгөө цэнгээхээс гадна бусдыг аргадаж байдаг хөгжимчин хүнийг л хөгжимтэй нь оршуулна биз дээ. Бид тэр археологийн олдвор бүхий хөгжмийн зэмсгүүдийг яг дуурайлган хийхийн аргагүй. Жишээ нь, Алтай ятгыг ганцхан модоор ер зүйж наалгүй хийжээ. Ийм юмыг бид хуучин янзаар нь сэргээж чадахгүй нь ойлгомжтой. Хэдий тийм ч гэлээ бид монголчуудын хөгжмөө хүндэлж байсан ёсыг сэргээж байна. Монголчуудын хамгийн их хүндлэн биширдэг байсан юм хөгжмийн зэмсэг гэдэг. Хамгийн түрүүнд хөгжмөө залдаг, хөгжим нь хөгжимчнөөсөө илүү хүндтэй шахам байжээ. Хүннүгийн үеийн булшнаас икэл хуур гарч ирж байна. Хүннүгээс өмнөх үеийн скиф ятга хүртэл гараад ирж байна. Булганы Шороон бумбагарын булшнаас бишгүүр үлээж, хөгжим тоглож буй хүмүүсийн дүрс гараад ирлээ. Энэ мэтээр энд тэндээс хөгжмийн олдвор олдож буйд нэг учир байна аа. Бид гадаадын хөгжмийг нутагшуулаад яг монгол юм шиг болгож чадлаа. Драмын театр гэвэл энэ манайх л гэж одоогийн залуус сэтгэнэ. Дуурь ч мөн адил. Гэтэл тэр бол гадаадын хаадын ордны хөгжим юм. Тиймээс “Хаан найрал” монгол хаадынхаа язгуур хөгжмийг хөгжүүлж байна. Үүнийг “Чингис хаан” музейн захирал академич, эрдэмтэн хүн мэдээд дэмжиж байгаа нь тохиолдлын хэрэг биш. С.Чулуун академич “Хаан найрал” гэж чуулгыг маань нэрлэсэн юм.
- Эртний хөгжмийн зэмсгээр эртний хөгжмийн бүтээлийг тоглоно гэлээ. Ямар хөгжим тоглох вэ?
- Чуулгатай, эртний хөгжимтэй боллоо, “Одоо юу тоглох вэ?” гэдэг асуулт гарч ирсэн. “Эртний сайхан” дууг эсвэл Монголын шилдгүүд болох Н.Жанцанноров, Б.Шарав багш нарын хийсэн “Өүлэн эх”, “Бөртэ хатан” зэрэг хөгжмүүдийг тоглох уу? Гэтэл тэр нь монгол зохирлоор биш европ юм болох гээд байдаг. Тиймээс бид Лигдэн хутагт хааны ордны дуу хөгжмийн ноотны судалгааг хийж, тэрийгээ найруулсан. Монгол юмнаасаа авсан гэсэн үг. Жинхэнэ монгол юм хаана байдаг вэ гэвэл хөдөө байдаг. Одоо киноны найруулагчид монгол төрхтэй охин, залуу хайдаг болсон байна шүү дээ. Түүн шиг эрлийзжээгүй, хулгайлагдаагүй үлдсэн монгол хөгжмүүд бий. Тэр бол уртын дуу, хөөмий, морин хуурын татлага, Алтайн магтаал, гийнгоо, бөхийн цол юм. Бид энэнээсээ л хөгжмөө авсан. Бөхийн цолны дуудлага огт эрлийзжээгүй шүү дээ. Түүнийг хип хоп маягтай болгож болох л байсан.
Лигдэн хутагт хааны ордонд тоглож байсан алтан үсгээр бичээстэй ноотыг хятадууд хадгалж байна. Тэр юмыг судалж хадгалаад манай юмыг бидэнд хүргээд ирсэн Хятадын эрдэмтэн судлаачдад бид баярлах хэрэгтэй. Тэрийг бидэнд авчирч өгсөн өвөр монголчууддаа маш их талархах хэрэгтэй.
- Та нарын тоглож буй эртний хөгжмийн бүтээлүүд ямар сонсогддог вэ?
- “Хаан найрал” чуулгын хөгжмүүдийг археологийн олдвор, эртний зураг хараад дуурайлгаж хийсэн. Хөгжим нь эртнийх, ая нь эзэн Чингис хаанаас Лигдэн хутагт хаан хүртэл ордонд нь тоглосон бүтээлүүд. Энэ хөгжмийг сонссон хүмүүс одоогийн монголоороо сэтгээд өөр юм гэж магад. Гэхдээ бид тэрийг зохиогоогүй. Эрт үед ямар байсан тэр хэвээрээ дуугарна. Тэр үед дэлхийн талыг эзэлсэн Их Монгол, Юань гүрний дуу одоогийн энэ хавтгайн бус дэлхийн хэмжээний байсан байж таарна. Энэтхэгийн хойг, Хятад, Солонгос, Перс, Орос, Европыг хамарсан нутагтай том эзэнт гүрний аялгууг одоогийнхтой харьцуулан өөрийнхөөрөө бодож болохгүй. Тэр хэмжээгээр олон үндэстэн байсан учраас өөр сонсогдож магадгүй.
"Хаан найрал" чуулгын хөгжимчид удирдаач Р.Ганбатын хамт.
“Хаан найрал” чуулгынхан энэ долдугаар сарын 15-нд “Язгууртан өв” нэртэй тоглолтоо хийхээр болжээ. Энэ тоглолтын нэрийг зүгээр нэг өгөөгүй аж. Учир нь, тэд өвөг дээдсийнхээ юмыг судлаад гаргаж ирж байгаа учраас “Язгууртан өв” гэж нэрлэсэн байна. Нөгөөтээгүүр эрт үед ятга тоглож байсан бүсгүй дор хаяж тайж, түүнээс дээш угсаатай байжээ. Мөн хөгжимчин хүн өндөр дэг жаяг мөрддөг байсныг өгүүлэх нэгэн түүхийг удирдаач Р.Ганбат ярив. Тэрбээр “Ордны ятгачин бүсгүй ордны гаднах залууд дурлажээ. Залуу нь “Чи сайхан хөгжимддөг гэсэн. Над үзүүлж болох уу?” гэхэд нь бүсгүй хөгжмөө нууцаар авч гарч тоглож үзүүлээд буцах замдаа баригдаж, цаазаар авхуулсан гэдэг” хэмээгээд ““Хаан найрал” чуулга бол зөвхөн хөгжим тоглодог газар бус эртний хөгжмийн музей юм” гэв.
Эртний хөгжмийн музей “Хаан найрал”
400 жилийн өмнөх хөгжмийг тоглоно гэдэг соёлт хүн төрөлхтөнд 400 жилийн өмнөх амьдралыг үзүүлэхтэй агаар нэг. Тиймээс “Хаан найрал” чуулгын хөгжимчин Скифийн үеийн ятгыг тоглож байгаа бол тэр үеийн хувцсыг, XIII зууны хувис, бийвааг тоглодог бол тэр үеийн олдвороос гарч ирсэнтэй адил хувцас зүүсгэл өмсдөг байна. Учир нь, өнөөгийн монгол хувцасны загварыг европжуулж, өнөөгийн үндэсний найрал хөгжмийг Өрнийн симфони найрал хөгжмийн бүтцийг харж зохиож байгаа нь бидний юм биш учраас тэд өөрсдийнхөө юмыг өнөөгийн монголчууд болоод дэлхийн соёлт ертөнцөд таниулах зорилготой ажээ. Ийм учиртай болохоор хувцсаа хүртэл учиртай сонгож чуулгын хөгжимчид өөрсдөө амьд музей болжээ. Мөн тэд газарт завилан сууж хөгжмөө тоглодог. Тэдний хэн нь ч сандал дээр суухгүй бөгөөд чавхдаст, товшуур хөгжимчид хиймэл хумс огт ашигладаггүй. Тэд бүх хөгжмөө байгалийн ёсоор нь, үнэн зөвөөр нь тоглодог.
Ингээд чуулгын удирдаач Р.Ганбатаас эртний хөгжмүүдээ олж авчхаад дуугаргахад ямар бэрхшээл тулгарсныг асуулаа. Тэрбээр “Нэг сар хөгжим маань дуугараагүй. Хүүхдүүд маань сайхан ноот биччихсэн, бүх юм зөв байдаг. Тоглох гэхээр хөгжим маань дуугардаггүй. Тэгсэн манай нэг хүү үндсэн хөгөөр нь тоглох ёстойг олж анзаарсан юм. Бид орчин үеийн хөгөөр тоглоод дуугарахгүй байсан юм билээ. Тэгээд хөгийг нь гурван шат доошлуулж үндсэн хөгөө олсон. Жишээ нь шанзыг соль, ре ноотоор хөглөж эхэлдэгтэй адил соль ноотоос эхэлсэн. Ингэтэл манай эртний бүх хөгжим дуугараад эхэлсэн. Өөрөөр хэлбэл, бид үндсэн язгуур өнгөө алдчихсан байж. Хөгжмийн зэмсэг биднээс ухаалаг байна шүү дээ. Өрнийн хөгжмийн хөгөөр дуугарахгүй өөрийнхөө үндсэн монгол хөгөөр л дуугарч байна. Энэ бол манай үндэсний хөгжим өөрийн гэсэн араншин, өнгө төрхтэй байгаагийнх” хэмээн хариуллаа.
Лигдэн хутагт хааны хөгжмийн нэг амьд чанар нь ямар ч хүнд сонсгосон бай өмнө нь сонсож байсан юм шиг дотно санагддаг гэнэ. Монгол хүн болохоор тэгж санагддаг байж болох ч нэг л удаа сонсоход тэр хүний сэтгэлд хүрдэг нь манай эртний хөгжмийн язгуур шинж чанарын бодит байдал гэдгийг “Хаан найрал” чуулгынхан дуу нэгтэй хэлж байна. Тэд эртний хөгжмөөр эртний аязыг бидэнд сонсгохоор хоёр жилийг үдэхдээ гурван минутын хөгжим тоглох гэж хоёр жил, эртний нэг дууг сэргээн дуулах гэж тав, зургаан сарыг зарцуулжээ. Эртний дууны уран бүтээл хятад, монгол, манж хэлээр олдсноос чуулгын дуучин хүү монголоор нь дуулж байгаа аж. Тэр дууг сэргээн дуулахад их хугацаа орсны шалтгаан үг нь хэцүүгээс гадна тухайн дууны утга санааг бүрэн ойлгож, тэрийгээ түмэнд хүргэх нь үнэхээр амаргүй хөдөлмөр аж. Эцэст нь Р.Ганбат “Залуус маань өнөөдрийн хөгжимчин, маргаашийн эрдэмтэд гэж би үздэг. Шавь нараараа үргэлж бахархдаг, тэдэндээ итгэдэг. Манай хүүхдүүд өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэдэг бус өөрөө судалж олсноо өөрөө бүтээл болгодог бүтээлч хүүхдүүд” гэлээ. “Хаан найрал” чуулгыг байгуулсан С.Соронзонболд, Р.Ганбат нар 20-30 жил хөгжимдсөн туршлагатай хөгжимчдийг сонгоогүйн учир энэ аж. Шинэ залуу хүүхдүүд өөрсдөө тоглох хөгжмөө судална, сурна. Тэгээд хожмоо өөрийнхөө тоглодог хөгжмөөр эрдмийн зэрэг хамгаална, дэлхийд таниулна, ихийг олж нээнэ. Тэд Монголын эртний хөгжмийн гарамгай судлаачид болно. Энэ алс ирээдүйг холч ухаанаар олж харсан нь өдгөө үр шимээ өгчээ. Ингээд уншигч та бүхнийг эртний хөгжимчин залуустай уулзуулж байна. Тэд өөр өөрсдийн хөгжмийн нарийн нандин учрыг танилцуулав. Таны урьд хэзээ ч сонсож байгаагүй хөгжим гарч ирэх вий.
Бийваа хөгжимчин Э.Сарангоо: Хувь тохиолоор бийваа хөгжимчин болсон
МЭ II зууны Лю Си-гийн "Ши мин" эх сурвалжид мэдээлснээр “Маш сайн бийваа хөгжимчин хүннү хүн Хятадад очиж тоглосноор тус улсад дэлгэрсэн” гэжээ. Бийваа (пийпаа) гэдэг нь орчин цагийн хятад судлаачдын судалснаар хятад үг биш бөгөөд Цинь улсын үед хэрэглэж байсан гэж тэмдэглэжээ. Тэгэхээр энэ хөгжим бол яалт ч үгүй монгол хөгжим болж таарч байна. Би 2017 онд анх энэ хөгжмийг тоглож сурсан. Тэгэхэд Хөххотоос Сүфүда гэдэг хятад хөгжимчин багш ирж сургалт хийж байсан. Миний үндсэн мэргэжил шанзчин. Тухайн үед дөрвөн утастай бийваа хөгжмийг таван хуруугаараа тоглохыг хараад сонирхох болсон юм. Гэтэл их сургуулиа төгсчихөөд “Одоо яах вэ?” гээд байж байхад Р.Ганбат багш “Хаан найрал” чуулгад орохыг санал болгож энд ирэхэд бийваа байсан нь хувь тохиол гэж би боддог. Өмнө нь миний тоглож байсан хятад пийпаа, монгол хүний хийсэн монгол бийваа хоёр өөр байсан. Түүнийг дуугаргах өөр, бас хэцүү. Бийваа хөгжим нь лийр шиг хэлбэртэй, дөрвөн утастай. Завилж суугаад хөгжмөө барихад цаанаасаа тэгж зориулагдсан юм шиг эвтэйхэн байдаг. Гэтэл сандал дээр суугаад барихад доош гулгаад тогтдоггүй юм. Энэ хөгжмийг баруун гарынхаа таван хуруугаар тоглохын хамт зүүн гарынхаа эрхий хуруугаар хөгжмөө араас нь түлхэж бариад нөгөө дөрвөөр нь тоглодог. Манай монголчууд бийваа хөгжмийг орчин үеийн гитар шиг нэлээд доор барьдаг байж. Хятадууд бийвааг босоо барьж тоглодог учраас анх түүгээр нь сурчхаад монгол бийваа барьсан чинь болохгүй байсан юм. Манай эртний олдворуудаас морьтой хүн бийваа тоглож буй зураг гарч ирсэн. Мөн “Цогт тайж” киноны гучаад минутын хэсэгт ордонд нь бийваа хөгжимчид тоглож байгаа хэсэг хальт гардаг. Хүмүүс тэрийг Youtube-ээс хайж олоод харж болно.
Мөн манайд байдаг эртний ятга хөгжмүүдийг танилцуулах нь зүйн хэрэг гэж би бодож байна. Төрийн ятга нь орчин үеийн ятгатай төстэй, хийц нарийхан, мяндсан 12 утастай, дуугаралт бөглүү, бусад хөгжимтэй нийлэхээрээ гоё зохирдог. Хүлэгү хааны ордны босоо ятга гэж бий. Энэ босоо ятгыг хөгжимчин бариад морин дээр тоглоод явдаг. Манай хамгийн эртний хөгжим болох скиф ятга усан онгоц, завь шиг хэлбэртэй, таван утастай, ширэн цартай. Скиф ятга бол манай хамгийн эртний бөгөөд хамгийн гоё дуугардаг хөгжим. Мөн Ховд аймгийн Манхан, Чандмань сумын зааг Жаргалант хайрхан уулын Нүхэн хадны оршуулгаас олдсон Алтай ятга хөгжим бий. Мөн ширэн цартай. Манайд байгаа Алтай ятга яг олдвороороо учраас дуугаралт, хийц нь өөр.
Бийваачин Э.Сарангоо.
Хувис хөгжимчин Ч.Онон: Хувис бол Юань гүрний үеийн үндэсний хөгжим
Миний хөгжим Юань гүрний үеийн Монголын үндэсний хөгжмийн их найралд багтсан гайхалтай хөгжмийн зэмсэг. Хувис хөгжим бийваа хөгжимтэй төстэй лийр шиг хэлбэртэй, ишийг нь илэм модоор, царыг нь могойн арьсаар хийсэн байдаг. Хөглөгөө нь дөрвөн чангалууртай, хэмжээ нь хоёр тохой, долоон ямх. Өнгө нь өвөрмөц сонсголонтой. Товшуур хөгжимтэй төстэй сонсогддог. Дуу бүжигт зориулсан шударч тоглодог хөгжим. Анх ойлгоход хэцүү байсан ч урт хугацааны судалгааны үндсэн дээр тоглож сурсан.
Хувис хөгжимчин Ч.Онон.
Хашгираа их дуут хатан улаан бүрээчин Ч.Тэмүүжин: Жил ноцолдож байж хөгжмөө дуугаргаж сурав
Дээр үед дайснуудаа дарахын өмнө хашгираа их дуут хатан улаан бүрээ үлээж дайснуудаа манаргаж явсан түүхтэй. Үлээнгүүт тэнгэрт мянган луу донгодсон юм шиг хүчтэй дуугардаг гэж ярьдаг. Би ардын бишгүүр хөгжим тоглодог ч анх бүрээгээ тоглож сурахад их хэцүү байсан. Зуудаг хөгжим тоглож байсан хүн дээрээ бурзантай хөгжим тоглох эвгүй юм билээ. Жил ноцолдсоны эцэст одоо л улаан бүрээ маань дуугарч эхэлж байна. Эрт цагт хараа ихт хар сүлдний дор энэ хөгжмийг тахидаг байсан гэдэг. Нэр хүндтэй энэ хөгжмийг жирийн үед амыг нь дээш харуулж тавих ёстой.
Хашгираа их дуут хатан улаан бүрээчин Ч.Тэмүүжин.
Янчир хөгжимчин А.Уранбилэг: Янчир хөгжмийн утас шагайн нааран дээр байдаг
Янчир хөгжим нь ёочинтой төстэй хоёр цохиураар тоглодог. Би ёочинчин мэргэжилтэй учраас янчир тоглож сурахдаа ёочинтой харьцуулж байлаа. Ёочин нь олон утастай бол янчир нь тэгш өнцөгт хэлбэртэй, шагайн нааран дээр долоон төмөр утастай, хоёр талдаа 14 хөгтэй хөгжим. Анх цөөн утастай болохоор ёочингоос хялбар авсаархан санагдаж байсан ч тоглоход сэтгэлгээ их шаарддаг. Энэ нь бидний тоглодог хөгжим сүнслэг байдагтай холбоотой. Илүү цөөн утастай хөгжмөөр тэр сүнслэг хөгжмийг тоглоход сэтгэлгээ, ур ухаан шаарддаг юм. Мөн би “Хаан найрал” чуулгадаа их, бага хэнгэрэг тоглодог. Энэ нь цохивор хөгжим бөгөөд Төрийн их есөн бэлгэдэлд багтдаг. Миний үндсэн мэргэжил ёочин учраас цохивор хөгжимд багтдаг их хэнгэргийг тоглож сурах дөхөм байлаа. Их хэнгэрэг яг л тэнгэр дуугарч байгаа юм шиг дуугардаг. Тиймээс муу муухай юмыг зайлуулдаг гэж үздэг. Тоглоход хөгжимчнөөс бяр их шаарддаг хөгжим.
Янчир хөгжимчин А.Уранбилэг.
Бийваа хөгжимчин Б.Сод-Эрдэнэ: Янжинлхам бурхны өвөр дээр бийваа бий
Урлагийн бурхан Янжинлхам бийваа хөгжим барьсан байдаг. Хүмүүс энэ хөгжмийг сонирхвол Янжинлхам бурхныг төсөөлж болно. Би шанз хөгжмийн мэргэжлээр есөн жил хичээллэж байгаа. Одоо МУК-ийн гуравдугаар курст орно. Эртний хөгжмийн ноотыг харахад энгийн боловч тоглохоор дуугарч өгдөггүй тал бий. Би 2022 оны дөрөвдүгээр сард ОХУ-д уралдаанд ороод ирсэн юм. Тэгэхэд бийваачин Сарангоо эгч “Манай чуулгад бийваа хөгжим тоглох хүн хэрэгтэй байна. Чи чадах уу” гээд утсаар ярихад нь “Чадна, чадна” гээд ирсэн дээ. Би үнэхээр бийваа тоглож сурахыг хүсдэг байсан юм.
Бийваачин Б.Сод-Эрдэнэ.
Нумт хөгжимчин Б.Мөнхням: Арслан, хун, матар, могой хуур Архангай аймагт бий гэдэг
Нумт хөгжимд ганц морин хуур бус түүнтэй төстэй олон хөгжим багтана. Тухайлбал, Баруун Монголд икэл хуур гэж бий. Тэгэхээр икэл, цоор, арслан, шанаган, ширэн царт хуурыг би тоглодог. Шанаган хуурыг төв Халхад их тоглодог байсан гэдэг. Мөн төв Халхын нутгуудад арслан, луу, матар хуур хөгжмүүд мэр сэр байдаг гэсэн. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Дэчингалав гэж хүнд эх хувь нь бий. Шанаган хуур нь морин хуур шиг толгойгүй, чандмань эрдэнийн дүрстэй, дугуй цартай. Эрт үед малчид айрагныхаа хутгуурыг чавхдас татаж хийдэг байсан гэдэг. Хуураа толгой дээр нь дүрсэлсэн амьтныхаа нэрээр нэрлэдэг байсан учраас хун, матар, арслан хуур гэж байжээ. Икэл, арслан, хун, луу, матар хуур эхэндээ нумгүй товшуур хөгжим байж байгаад хожим хөгжөөд нумтай болсон гэдэг. Эдгээр хуурууд морин хууртай төстэй боловч хоорондоо бага зэрэг ялгаатай дуугарна. Өмнө нь багшийн ярьсанчлан их доогуур татаж дуугаргадаг. Арслан хуурыг Зая гэгээнтэн ордондоо тоглуулж байсан, тоглооч нь Нацагхай гэдэг хүн байсан түүхтэй.
Нумт хөгжимчин Б.Мөнхням.
Лимбэ, шовшуур хөгжимчин С.Сүхбат: Ясан шовшуурыг малын чөмгөөр хийдэг
Би лимбийг МУК-т 11 жил сурч байна. Харин “Хаан найрал” чуулгад тоглож буй ясан шовшуур нь лимбэтэй дуугаралт, барилт тавил нь ижил. Ясан шовшуур нь мал амьтны шагайн чөмөгний хоёр үзүүрийг огтолж бүдүүн үзүүрийн ирмэгийг дээш доош харсан трапец хэлбэртэй хийгээд гурван нүх гаргасан байдаг. Исгэрээ шүгэл шиг дуугардаг бөгөөд эртний хүмүүс ан авд гарахдаа дохио өгөхөд ашиглаж байжээ. Ясан шовшуурыг хөгжмийн эхлэл, холбоос хэсэгт ихэвчлэн тоглодог. Чанга үлээвэл шувууны шигширгээ шиг сонсогддог.
Шовшуур хөгжимчин С.Сүхбат.
Хөөмийч, хатан улаан бүрээч, хурган чихч, цуурч Г.Амартүвшин: Чуулгад хөөмийчин хэрэгтэй байсан учраас өөрөө оролдож сурсан
Би МУК-ийн эвэр бүрээний ангийн нэгдүгээр курсийн оюутан. Түрүү жилийн гуравдугаар сард “Хаан найрал” чуулгад орж ирсэн. Хурган чих нь хонь хурганы чих шиг харагддаг шавар хөгжим юм. Эхдээ гологдсон хурга ишгийг эхэд нь амлуулж, авхуулахад хэрэглэдэг. Хөдөө очиж хурга авхуулж туршиж үзсэн. Үнэхээр голсон хурга, ишгээ авдаг юм билээ. Одоо үед энэ хөгжим боловсронгуй болоод үүнд зориулсан бүтээл гарах болсон. Тухайлбал, “Хөсөгтөн” хамтлагийн “Шөнө дундын наран” хурган чих хөгжмийн бүтээл юм. Мөн багш “Чуулгад маань хөөмийч хэрэгтэй” гэсэн учраас өөрөө сонирхлоороо сурч эхэлсэн. Жилийн өмнөөс хөөмийлж, өөрийн гэсэн эртний манерыг олж авахаар шамдаж байна.
Хөөмийч, хатан улаан бүрээч Г.Амартүвшин.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.