images

Дээр мөргөх ёс

Д.Бизьяа

Муугийн ёс биш

2022-10-28


     Нүүдэлчин монголчууд эх байгалиа шүтэн дээдэлж, байгаль дэлхий цаанаа эзэнтэй гэж үздэг эртний шүтлэгийн зан үйлийн нэг нь уул овоо тахих зан юм. Алтайн урианхайчууд овоо тахихыг “Дээр мөргөх” гэнэ. Баруун Алтайд нутаглан суудаг урианхай нарын үзлээр бол Алтайд 13 оргил байдаг ажээ. Арван гурван Алтай гэж хэлдэг нь ч ийм учиртай. Тэдгээр арван гурван оргилыг төлөөлсөн нэгэн том овооноос 4 зүг сацруулсан гурав гурван бага овоо байх бөгөөд эд нийлээд Алтайн арван гурван овоо болдог. Энэхүү 13 овоо нь тэнгэр лусын 13 оромж гэсэн үг юм. Алтайн арван гурван овоо нь Ноён овоо, Хаан  овоо, Буга овоо, Бор овоо, Цагаан овоо, Гүрвэлт овоо, Заг овоо, Хаадын овоо, Сангийн овоо, Өндөр овоо, Харуул овоо болно.

   Овоонд өглөө ирсэн хүн овооноос дутуу, өдөр ирсэн хүн овооны дэргэд, үдээс хойш ирсэн хүн овоо өнгөрч буудаг заншилтай. Уламжлал ёсоороо Алтайн урианхайн баруун амбаны 4 хошуу нэгдэж Булган голын Сэрүүн нуурын Улаан толгойн овоог тахиж ирсэн бөгөөд Урианхайн долоон хошуу нэгдэж жилд нэг удаа Эзэрлэг уулын овоог тахиж “дээр мөргөдөг” байжээ. Энэхүү заншил өнөөг хүртэл уламжлагдан ирж Ховд, Баян-Өлгийн урианхай нар уул овоогоо тахиж дээр мөргөсөөр байна. Дээр мөргөхдөө Алтайн 13 овоонд зориулж сан тавина. Энэхүү 13 сан нь алсын аяны, зугаацлын, гэр орны, дэлхийд оршигчдын, гэрийн онгон тэнгэрийн, гал голомтын, идээ ундааны, амьсгалын, эд зүйлийн, адуу малын, айлын үүдний, анд нөхөрлөлийн, уул хангайгаар явахын гэж хуваагдана.

Ц.Бөхөө “Түүх бүтээлцсэн ард түмэн минь” номоос

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.