images

“Momade” компанийн захирал Л.Бадамцэцэг: Хоёр жилийн хугацаанд 800 ээж 520 сая төгрөгийн үйлчилгээ үзүүлж чадсан

Б.Бадамзул

Бид ингэж эхэлсэн

2023-05-01


Жирэмсний амралттай байгаа ээжүүдэд гэрээсээ ажиллаж орлого олох боломжийг нээсэн “Momade” агентлагийн захирал Л.Бадамцэцэгтэй бизнесийнх нь талаар ярилцлаа. Энэ ажлыг эхлүүлэхээсээ өмнө долоон өөр бизнес хийж, тэр бүрээсээ туршлагажсан тэрбээр “Mongol HD” телевизийн “Шарк танк” нэвтрүүлгийн дөрөвдүгээр сарын дугаарт орсон билээ.

Долоо буудуулсан чоно

     Би Солонгост ажиллаж байгаад 2009 онд эх орондоо ирсэн юм. Дөнгөж ирэнгүүтээ хамгийн анх амталсан махны үйлдвэр хийж үзлээ. Тэр нь “Монгол бүлгүги” гэдэг нэртэй. Махаа бүлгүги соусаар амтлаад дэлгүүрт бэлэн зарах санаатай. Тэр үед Монголд ийм юм байгаагүй. Одоо бол дэлгүүрт зөндөө бий. Тэгээд аятайхан сав баглаа боодолтой юм хийчхээд “Номин” сүлжээ дэлгүүрийн салбаруудаар өгөв өө. Нэг өдөр махаа зарагдсан эсэхийг шалгаад үзсэн чинь байдаггүй. Тэгэхээр нь зарагдаад дуусчихаж гэж бодоод, жигтэйхэн баярлаад явж байтал бялуун дунд байж байсан. Монголд анхдагч юм хийхээр бүтээгдэхүүнээ таниулах, хэрэглэгчээ сургах гэж хэцүү ажил байдаг юм билээ. Дараа нь бүлгүгитэй цуйван гэж хийгээд тэрийгээ хүргэлтээр тараах гэж үзэв. Тэр үед бас л одоогийн “Ноён пицца” эд нар шиг хүргэлтийн хоол байгаагүй. Хүн хоол захиалахаар нь хүргээд очихоор “Авахаа болилоо” гэх нь элбэг байлаа. Хүргэлтийн үйлчилгээ авах соёл тэр үед байгаагүй гэх юм уу даа. Би ч өөрөө зах зээлээ мэдрэхгүй, мэдлэг, туршлагагүй, тэнд болж байсан юм чинь энд ч болно гэсэн дэврүүн сэтгэлээр юм хийх гэж их үзсэн. Тэгж явсаар долоон удаа дампуурсан хүн дээ.

     Хүргэлтийн хоолны дараа гоо сайхны салон нээлээ. Гэхдээ түрээслэх байршлаа сайн судлаагүйгээс болж дампуурсан юм. Уг нь их гоё салон байсан юм аа. Дотор тохижилт нь гоё, түрээсийн үнэ нь боломжийн болохоор их л баяртай явлаа. Тэгсэн өдрийн цагаар ер хүн орж ирэхгүй мөртөө шөнө болохоор л хаалга үүд эвдэрчхээд байх юм. Тэгсэн чинь шөнийн цагаар массаж хийдэг тийм газар түрээслэчихсэн байж билээ. Тэр үед “TV8” телевизийн “Толь” мэдээллийн хөтөлбөрөөр хүртэл гараад хүмүүс мэддэг болчихсон тийм тодорхой газрыг судалгаа хийгээгүйгээс болоод түрээсэлчихсэн байсан даа.

     Тэрний дараа онлайн дэлгүүр ажиллуулах гэж үзэв. Монголд байхгүй, бас л шинэ. Дотор нэг юм яваад байгаа болохоор хийж чадна л гэж бодоод байсан хэрэг. Ингээд аанай л бүтэлгүйтэв. Үүний дараа телевизийн нэвтрүүлэг хийх гэж үзсэн. Гэр бүлийн, эхнэр нөхрийн бэлгийн харилцааны боловсрол олгох, тухайн цаг үедээ л шинэлэг нэвтрүүлэг байв. Хэн ч ярьдаггүй чухал сэдвээр есөн дугаар бэлтгэсэн юм. Тэгээд найм дахь дугаараас нь ивээн тэтгэгчээ олов оо. Тэгсэн тэр ганц дугаарынхаа мөнгийг нэвтрүүлэг хамтарч хийсэн студийнхээ залуутай булаацалдаад больсон. Хамтрагчаа буруу сонгосон байхгүй юу. Юм хийе гэсэн санаа нь гоё мөртлөө тэр санааны цаана ийм ийм чухал зүйл байж байж л бизнес амьтай явна гэдгийг тухай тухайн тэр явцдаа мэдэж аваад байгаа юм.

     Нэвтрүүлэг бүтэлгүйтсэний дараа зургаан настай хүүхдүүд нэгдүгээр ангид ордог болсон үе таарсан юм. Тэгэхээр нь зургаан настнуудыг сургуульд бэлтгэх хөтөлбөр гэж гаргалаа. Тэр хөтөлбөрийг хийхээс өмнө хүүхдийн авиа засах сургалт гэж хийсэн. Хүүхдүүд р, л үсгийг бөөрөнхий хэлдгээсээ болж ичээд өөрийгөө илэрхийлж чаддагүй. Тэрнээсээ болоод хичээлдээ сайн оролцож чаддаггүй учраас асуудал ерөөсөө энэ юм байна гэж бодсон. Энэ асуудлыг СУИС-ийн тайзны ярианы багш нар л засаж чадна. Ингээд тайзны ярианы багш нараар энэ хүүхдүүдэд хичээл оруулбал болох нь гэж үзээд нэг мундаг хүнтэй хамтарсан юм. Тэгтэл нөгөө хүн маань биднийгээ хаяад тэр сургалтаа өөрөө ганцаараа хийгээд явчихсан. Ингээд л туршлагагүйтээд байлаа. Тэр хооронд кино зураг авалтын багтай ч ажиллаж үзсэн дээ.

     Ингээд хамгийн сүүлд гэрэл зургийн студи ажиллууллаа. Тэр нь Монголд анх удаа жирэмсний болон нярайн зураг авсан студи. Одоо бол олон студи ийм зураг авч байна. Тэр студиэ 2013 онд байгуулаад өөр ажлын хажуугаар үлгэн салган чирээд явдаг байсан юм. Дараа жил нь ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “2014-2018 он бол төрөлтийн цонх үе” гэж зарлангуут нь зургийн студиэ идэвхжүүлье гэж шийдсэн. Энэ студи маань надад өгөөжөө өгсөн шүү. Олон алдсан хүн чинь статистик мэдээ баримтад суурилдаг болж байгаа юм. Нөгөө талаасаа ийм студи Монголдоо анхдагч байсны нөлөө ч бий. Ингэж л би гэрэл зургийн зорилтот зах зээлдээ чиглэж ажилласан даа. Энэ бизнес намайг олон асуудлаас гаргаж, хөл дээр минь босгосон. Харин энэ бизнес маань бол дампуураагүй шүү. Зүгээр сайн дураараа шахам 2019 онд больсон юм. Ер нь эрч нь сулраад ирсэн юм. Тэгээд ч энэ ажлаа больё гээд бодчихсон байлаа. Хамт ажиллаж байсан найман залуу маань өөр өөрийн студи байгуулаад тусдаа гарчихсан байхад би өөрийнхөө сургасан дүү нарын хоолыг булаацалдаад байгаа юм шиг. Реклам тавихаар тийшээ битгий яваарай, наашаа ирээрэй гээд байгаа юм шиг санагддаг байсан. Тэгээд л өөр юм хийе гэж санасан даа.

     Гэтэл яг тэр үед “Чингис”, “Самурай” бондын төлөлт хийгдэнэ гэж зарласан юм. Тэгэхээр нь одоо хийх шинэ бизнес маань гадаад валютаар мөнгө олдог байх хэрэгтэй гэж бодсон. 2022 оноос бондын төлөлт хийгээд ирэхээр гадаад валютын ханш өсөх юм байна, хэрвээ валют, түүхий эдтэй холбоотой юм хийвэл ханшийн өсөлтөд алуулах юм байна, эсрэгээр нь валют олдог бизнес хийвэл ашиг олох юм байна гэж бодсон. Долоо буудуулсан чоно гэдэг шиг юманд ул суурьтай ханддаг болж байгаа юм.

Солонгос продюсерүүд санаа өгөв

     Өмнөд Солонгост амьдарч байсан болохоор тэр улсын телевизүүд Монголд ирж баримтат кино хийхэд Монгол талын ерөнхий зохион байгуулагчаар хэд хэд ажилласан юм. Цаг ямагт л мөнгөний хэрэг гардаг болохоор өнөөх бизнесүүдийнхээ хажуугаар ийм ажил хийгээд явсан хэрэг. Овоо хэдэн төгрөг ч олно. Тэгэхэд Солонгосын хэд хэдэн продюсер надад нэг юм хэлсэн. Гадаадад очоод зураг авалт хийхэд ийм зохион байгуулалтын үйлчилгээ үзүүлдэг компаниуд байдаг гэж. Тэр нь нисээд очиход тосож авах машин, зочид буудал, зураг авалтын хана, гэрэл бүх юмыг нь бэлэн болгочихсон байдаг. Зохиолоо түрүүлээд явуулчхаар тэр зургийг чинь тэнд, энэ зургийг чинь энд авна гээд зураг авалтын газар, байршлыг хүртэл тодорхой болгоод өгчихдөг юм байна. Тэгээд надад “Ийм газар байдаг юм аа, чи тийм юм хийгээч” гэж байсан. “Хэдий чи ийм ажил хийгээд байгаа ч компани биш болохоор интернэтээр хайхаар гарч ирэхгүй юм. Бид захиалгаа яаж өгөхөө мэдэхгүй байна” гэж хэлсэн. Харин тэднийг надад ийм санал хэлж байхад миний санаанд виртуал туслахын үйлчилгээ их орж ирдэг байлаа. Их гоё юм байна, зардал мөнгө бага орох нь гэж бодогддог байв. Харин солонгос продюсерүүдийн санааг хэрэгжүүлэхэд мөнгө их орно. Зураг авалтын кран түрээсэлнэ, том баг бүрдүүлнэ гэх зэргээр зардал өндөр л дөө. Гэхдээ энэ хоёр санааг А, Б хувилбар болгож судалсан. Тэгсэн цар тахал гараад А хувилбар боломжгүй болоод шууд Б хувилбар руугаа зоригтой орсон доо. Тэр үедээ баг бүрдүүлэх хэрэгтэй болоод өөртэйгөө адилхан гэртээ сууж байгаа хүмүүсийг сонгож эхлүүлсэн.

Ээж шиг нөмөр байсангүй

     “Momade”-ийг 2020 онд эхлүүлж байхад над дээр магтаал бороо шиг асгардаг байлаа. Гэхдээ гэр бүлийн хувьд байдал үнэхээр хүнд байсан. Зургаан сарын дотор л миний амьдрал орвонгоороо эргэсэн юм. Нялх хүүхэдтэй, аав хэвтэрт, ээж хорт хавдартай гээд оношлогдчихсон. Тэгээд удалгүй аав минь нас барж, түүнээс 50 хоногийн дараа ээж минь бурхан болсон. 2020 оны Цагаан сараар над шиг баян хүн байгаагүй. Тэр үед би аавтай, ээжтэй, дөрөв дэх хүүхдээ тээж байгаа, маш аз жаргалтай, виртуал туслахын агентлагийн анхны хичээл, сургалтуудаа ороод эхэлчихсэн байлаа. “Momade”-ийн алс ирээдүйг маш томоор зураглаад харчихсан, тэрийгээ толгойдоо төсөөлөхөд л ходоодны мухрын гижиг хүрдэг байсан. Тэр үед над шиг тийм баян хүн үнэхээр байгаагүй. Гэтэл яг тэр оны зун дуусч есдүгээр сарын 20-нд “Momade”-ийн нээлтээ хийж байхад аав, ээж минь өөд болчихсон, хэдий танхим дүүрэн хүн цуглачихсан, надад цэцэг бэлэглээд л, би тэнд тууз хайчлаад байгаа ч тэр өдрийн маргааш би ээжийгээ оршуулах гэж байсан. Хэн ч үгүй болчихсон юм шиг. Энэ олон хүн намайг магтаж дэмжиж, алган дээрээ бөөцийлж байхад яасан айхтар хоосон мэдрэмж вэ. Эцэг, эх миний бүх юм байж. Тэгэхэд л би тэр олон алдаа, дампуурлын ард ээжтэй байсан учраас давж гарсан юм гэдгээ ойлгож байгаа юм. Одоо бол би дампуурахаас үнэхээр их айж байна. Хэн намайг нөмөрлөх юм. Ээж маань байхгүй шүү дээ. Унах бүртээ л хүүхдүүдээ аваад, нөхөртэйгөө хамт ээжийнх рүүгээ нүүдэг байлаа. “Өө мөнгөгүй болсон, түрээсээ төлж чадахгүй байна” гээд алба юм шиг нэг биеэ тав зургаа болгочхоод яваад очно. Гэтэл одоо надад тийм нөмөр байхгүй. Алдаад л дахиж эхлээд, унаад л босоод байсан тийм их зориг хүн харахад надад байгаа юм шиг мөртөө намайг дэмждэг нөхөр, миний оролцоогүй хичээл номоо хийдэг үр хүүхэд, үргэлж өмгөөлж хамгаалж, дэмжиж байсан ээжид минь байсан юм билээ. Би ээжээсээ маш их урам, дэмжлэг авдаг байжээ.

"Women in Tech" арга хэмжээний үеэр илтгэл тавьж байна.2023.03.08

“Momade”-ийн анхны ажил, анхны орлого

     2020 оны гуравдугаар сард цахим орчинд ажиллах сургалтаа ээж нарт орж эхлээд 12 дугаар сард анхны ажлаа авч байлаа. Дизайнеруудын группийг бид ч ёстой цочоосон л доо. “Canva” дээр ажиллаж сурчхаад шинэ жилийн постер хийсэн юм. Арван постер 39 мянган төгрөг гээд. Энэний ард ашиг олох биш, бидний хийх гээд байгаа энэ систем ажиллах нь уу, үгүй юу гэдгийг шалгах л чухал байлаа. Бид 68-уулаа эхэлсэн юм. Тэгээд хэдүүлээ энэ сард ерөөсөө таван сая төгрөг л ольё, тэгээд л боллоо гэсэн зорилго тавьсан. Нэг постер 3700 төгрөг л гэсэн үг. Ингээд бид цар тахлын үед хүмүүс орлогогүй байхад зарим нь 200, зарим нь 300 мянган төгрөг олоод тэр мөнгөөрөө дэлгүүрээс юм худалдаж авчхаад зургийг нь дундын чат, Фэйсбүүк групптээ тавиад л хачин их баярлаж байлаа.

     Тэгэхэд жинхэнэ дизайнерууд бол биднийг барьж идэж байгаа юм л даа. Гэхдээ бид тэр зах зээл дээр үнээр цохиж ороод үйлчилгээгээ зарчихаж байгаа юмыг яах вэ. Байгууллагууд ч хөрөнгө мөнгөндөө тохирсон үйлчилгээ авна. Үнэхээр хөрөнгөтэй байгууллага бол хоёр, гурван саяын постероо хийлгэнэ шүү дээ. Гэтэл тэр ковидын үед лангуун дээр байгаа бараа нь зарагдахгүй байхад постер ч болов хийлгээд хүргэлтээр ч болов үйлчилмээр байгаа хүмүүс зөндөө байсан. Яаж постер хийхээ мэдэхгүй байгаа хүмүүст туслаад, өөрсдөө ч мөнгө олоод хэн хэнийхээ хэрэгцээг хангаад л явсан даа. Ер нь тэр ажлаас орлого олох нь тодорхой гэдэгт би итгэлтэй байсан. Гол нь чатаар, утсаар захиалга орж ирэхэд хэн тэрийг авч, хэн рүү ямар ажлыг яаж хуваарилах вэ, орлогоо яаж хуваах вэ гэх мэт бүдэг бадаг байгаа зүйлийг тодруулахыг зорьж, яг л рентген зурганд орж байгаа юм шиг бүх процессоо тодорхой болгон харж чадсан. Тэгээд 2021 оны нэгдүгээр сард анхны 350 мянган төгрөгийн үнэтэй үйлчилгээгээ зарчхаад бүгдээрээ маш их баярлаж байлаа. Үүний дараа Цагаан сараар бол унасан. Шинэ жилээс Цагаан сарын хооронд хүмүүс мөнгөгүй байдаг тийм үе таардаг юм. Одоо бол өдөрт гурван цаг ажилладаг ээжийн орлого 280 мянган төгрөг болдог. Тэгээд олон цаг ажиллах тусам мөнгө нь нэмэгдэнэ. Манай ээж нар 280 мянгаас 1 сая 600 мянган төгрөгийн орлого олдог. Би гэрээсээ ажиллаад олж байгаа энэ 280 мянган төгрөгийг ажлын байран дээр очиж ажилладаг хүний улирлын хувцас, нүүрний будаг, унаа, хоолны зардалтай дүйцүүлээд 600 мянган төгрөгтэй тэнцдэг гэж боддог. Бид өөрсдөө энийг тооцоолж үзсэн. Тэгээд цалингаасаа суутгуулдаг өнөөх даатгал, шимтгэлээ бодох юм бол бараг 280 мянгыг хоёроор үржсэнтэй тэнцэх хэмжээний мөнгө олох ажлыг гэрээсээ хийж байна гэсэн үг юм.  

Ажилд орсон ээжүүд хөдөө нүүдгийн учир

     Манай ээжүүд дуртай цагтаа ажиллана. “Хүүхэд өвдчихлөө. Эмнэлэгт хэвтэх боллоо. Миний ажлыг чи аваарай. Миний оронд өөр хүн аваарай” гээд хэлчихнэ. Ийм юмнуудаа ярилцаад дотор нь түргэн зохицуулаад л ажилладаг даа. Мөн өөрийнхөө хийж чадах хэрээр л ажил авна. Зундаа бол гадаад улс, хот, хөдөө, зуслан гэлтгүй хаанаас бол хаанаас л ажилладаг. Олон ээж манайд ажилд орсныхоо дараа орон нутаг руу нүүж байгаа. Хүүхдээ хөдөө цэвэр агаарт өсгөж байна шүү дээ. Хаана ч байсан орлого олж чадаж байгаа болохоор нөхөртэйгөө ярилцаж шийдээд орон нутагт амьдрах болсонд нь зөндөө баярлаж байна. Мөн манайд ажилладаг ээж нар хүссэн хугацаагаараа удаан ажиллаж болно. Гэхдээ ихэвчлэн жирэмсний амралтынхаа хугацаанд ажилд ордог. Ямар үедээ орж ирснээсээ шалтгаалаад ээжүүд дунджаар нэг жил, зургаан сарын хугацаанд манайд ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд “Momade”-д орсон гарсан хүмүүсээ тоолбол 800 гаруй болно. Харин одоо 270 гаруй ээж ажиллаж байна. Бид энэ хугацаанд 780 орчим байгууллага, хувь хүнд 520 сая төгрөгийн ажил үйлчилгээ гүйцэтгэжээ. Энэнээс бид 40 орчим сая төгрөгийн татвар улсдаа төлсөн байна.

Бизнес өргөжиж долоон салбарыг хамрав

     Анх ээжүүддээ цахим орчинд яаж ажиллахыг нь заачхаад жаран хэдэн хүнийхээ ур чадварт тулгуурлаад таван салбарт хувааж байлаа. Одоо бид долоон салбарт үйлчилгээ үзүүлдэг болсон. Нэгдүгээрт төсөл бичдэг, судалгаа хийдэг баг бий. Хоёрдугаарт бизнесийн чиглэлийн, тэр талдаа сонирхолтой хүмүүс байгууллагуудын цахим хуудсыг хөгжүүлдэг. Мөн хүмүүсийн сайн мэдэх гэрээт нягтлангийн үйлчилгээг үзүүлж байна. Дөрөвдүгээрт, гадаад харилцаа, орчуулгын ажил хийнэ. Цахим хуралд шууд ороцлож синхрон орчуулга хийдэг. Кино ч орчуулна. “Юнивижн”-ий видео сангийн кинонуудыг манай ээжүүд орчуулсан. Тавдугаарт, дижитал шийдлийн үйлчилгээ үзүүлдэг. Зургаадугаарт, хүний нөөц, ажлын байрны бүрдүүлэлт, хүний нөөцийн брэндингийн үйлчилгээ бий. Долоодугаарт, барилгын виртуал төсөл буюу барилгын талбай дээр очихгүйгээр интерьер дизайн гаргах, бичиг баримтын бүрдүүлэлт хийх үйлчилгээ байна. Энэ ажлыг манайд нэгдсэн барилгын салбарт ажилладаг ээж өөрөө санаачлаад хийсэн юм. Гэхдээ бид энэ долоон салбарт ажиллах хүмүүсээ “Чи нягтлан бодогч мэргэжилтэй юм байна. Энэ салбартаа л ажилла” гэдэггүй. Тэр хүний сонирхол ямар байна, түүгээрээ л ажилладаг. Тийм учраас “Momade” агентлагт ажилласан ээжүүд өөрийнхөө сонирхол, дуртай ажлаа олж авдаг юм.

Ажилтнуудын 40 хувь нь л дипломтой

     Удирдлагын багт арван хэдэн ээж гэрээсээ цахимаар ажилладаг. Би л гүйцэтгэх захирал гээд урд нь яваад байгаа болохоос биш миний дутууг нөхдөг, хамтрагчид, нэг багийнхан юм. Бид хамтарч ажиллаад удаж байгаа хүмүүс. “Momade” агентлагт анх ажиллаж даалгавар гүйцэтгээд дараа нь ажлын хэсэг ахалсан, улмаар салбараа ахалсан хүмүүс явсаар явсаар удирдлагын багт орсон нь байна. Манайх дотроо A, B, C гурван түвшинтэй. Хүмүүсээ туршлагаар нь ангилсан. А нь салбартаа арван жил ажилласан хүмүүс бөгөөд зөвхөн зөвлөх ажил хийдэг. B нь 2-5 жил ажилласан туршлагатай болохоор салбарынхаа багийг ахалж ажиллана. B түвшний ахлагч нар С түвшнийхэнд ажлаа хуваарилна. Тэд өөртөө ноогдсон, сонирхсон ажлаа өөрийнхөө цаг боломжид тааруулж аваад тухай бүрт нь гүйцэтгээд явдаг.

     Бид ер нь ээжүүдийг ажилд авахдаа диплом хардаггүй. Мэргэжил шаарддаггүй. Юм сурах гэдэг, юмыг эерэгээр хүлээж авдаг, баг болоод ажиллавал хүмүүстэй эв найртай байдаг тийм хүмүүсийг л авдаг. Түүнээс биш сургах нь бидний ажил. Технологи бол шинэ зүйл шүү дээ. Цахимаар ажиллахад шаардлагатай зан чанар гэж байна аа. За, эсвэл үгүй нь мэдэгдэхгүй, юм хэлдэггүй, юмыг сөргөөр хардаг хүн тохирдоггүй. Нэг өрөөнд өөд өөдөөсөө хараад ярилцаж суугаагүй болохоор энэ чинь ийм тийм гээд эерүүлж илбээд ойлгуулах боломж хомс. Гэтэл бид цахимаар ажил хийж байгаа болохоор асуудлыг маш хурдан хурдан шийдээд явах хэрэгтэй болдог. Түүнээс биш бусад ур чадвар бараг хамаагүй. Манайд ажиллаж байгаа хүмүүсийн 40 хувь нь дипломтой. Үлдсэн нь сургуулиа төгсөөгүй байхдаа хүүхдээ гаргаад гэртээ байгаа эсвэл сургуулиа төгссөн ч хоёр, гурван хүүхэд дараалан гаргасан, ажлын туршлагагүй ээжүүд.

Хэтийн зорилго хилийн чанад  

     “Momade”-ийг анхнаасаа л гэрээсээ ажиллаж, гадаадын зах зээлээс орлого ольё гэж эхлүүлсэн. Гурван жил боллоо, энийгээ хийгээгүй л байна. Бид одоо л биеэ олж, ийм дарааллаар ингэж ажиллах нь, хүнээ ингэж сургах нь, ийм шалгууртай байх юм байна, ийм шат дараалал байх юм байна гэдгээ ойлгож явна. Би 2020 онд “Momade” агентлагийг байгуулчхаад дараа нь 2021 онд Око гэдэг залуутай хамтарсан юм. Око “Techstars” олон улсын хөрөнгө оруулалтын сангийн Ази, Номхон далайн бүс хариуцсан захирал буюу гарааны бизнесүүдийг бойжуулах ажил хийдэг хүн. Оког Монголд гарааны бизнес гэдэг зүйлийг таниулж эхлэх үеэс нь л би бүх контентийг нь үздэг, дагадаг, сонсдог байсан юм. Тэгээд нэг өдөр “Би ийм агентлаг байгуулсан” гэдгээ хэлээд “Монголд бизнесээ би аваад явж чадна. Харин яаж гадаадын зах зээлд орох вэ?” гэж асуугаад тусламж хүсэхэд гоё хүлээж авсан. Ингээд энэ ажил урагшилсаар байна. Анхны зорилго буюу гадаад зах зээлд гарах зорилго өөдөө. Биелнэ гэдэгт нь огтхон ч эргэлзэхгүй байна аа.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.