Ч.Буянбадрах: Анхны сургалтад бүртгүүлсэн хүмүүсийн мөнгөөр нэг сандал, хоёр ширээ аваад ажлаа эхлүүлж байлаа
Бид ингэж эхэлсэн
2023-03-10
“Бид ингэж эхэлсэн” булангийн ээлжит зочноор “Mongolian Guide Tour” компанийн захирал Ч.Буянбадрах оролцлоо. 16 жилийн өмнө түүний байгуулсан компани өнгөрсөн хугацаанд 3000 гаруй хүнийг аялал жуулчлалын хөтчөөр сургажээ. Тэр хэрхэн эхлэв?
Япон хэлний мэдлэг жуулчны салбарт хөтлөв
Би япон хэлний багш, орчуулагч мэргэжилтэй. Япон хэл, эдийн засгийн чиглэлээр дагнасан “Ирээдүй” дээд сургуульд суралцаж төгсөөд, Хүмүүнлэгийн ухааны их сургуульд дахин япон хэлээ бататган суралцаж төгссөн. Анх 2000-аад оны үед “Мөнх-Ану” сургуульд япон хэл зааж эхлээд аялал жуулчлалын салбарын талаар багахан ойлголттой болсон юм. Дараа нь “Номин холдинг”-ийн охин компани “Nomin Tour”-д Азийн зах зээл хариуцсан менежерээр ажилласан. Түүний дараа 2004 онд Монголын радиогийн япон хэлний редакцид ажиллах боломж олдлоо. Радиогийн ажил шалгуур өндөртэй, орон тоо тийм ч амар гарахгүй учраас жирэмсэн эхийн амралт авсан нэг эмэгтэйн оронд түр ажилтан болов. Харин амаржсан ээж буцаж ажилдаа орохоор өөр ажил хайх шаардлагатай болсон. Цаашдаа юу хийж болох талаар бодох нь зүй. Ингээд “Би ямартаа ч япон хэлээр бичиж боловсруулах ажилд муугүй болжээ, одоо харин чөлөөтэй ярьж сурах хэрэгтэй” гэж бодсоор аяллын хөтөч болох замыг сонгосон юм. Аялал жуулчлалын салбар руу эргэж орсон маань энэ бөгөөд энэ салбартай эргэлт буцалтгүй зууралдахын эхлэл болсон. Өмнө нь ажиллаж байсан компанидаа багагүй зүйлийг суралцсан байлаа. Уншиж судалдаг, эрж хайдаг чанар маань маш их хэрэг болж байв. Нэгэн зэрэг гурван компанитай аяллын хөтчийн гэрээ байгуулж ажилласан. 2000-аад оны эхэн үед Европ, Америк, Японоос жуулчид ихэвчлэн ирдэг болсон байлаа. Тухайн үед Японы ЖАЙКА байгууллага Монгол улсад олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг байсан болохоор япон хэлний орчуулагчаар төгссөн залуучууд ч эрэлт хэрэгцээтэй байсан. Тиймээс аяллын хөтчөөс гадна өөр бусад жижиг том албан ярианы болон бичгийн орчуулгын ажлууд ч нэмэгдэж орж ирдэг байлаа.
Япон жуулчдад мэдээлэл өгч байгаа нь. 2016 он.
Унших, унших, бас дахин унших
Албан ёсоор аяллын хөтөч хийж эхэлсэн тэр үед жуулчдын гол маршрут нь Тэрэлж, Хархорин, Эрдэнэзуу, Цэнхэрийн халуун рашаан гэх мэт цөөхөн хэдэн газар байв. Хэлний мэдлэгээс гадна тухайн газар орны тухай мэдлэг зайлшгүй шаардагдсан. Өдөр бүр ном унших, хэрэгтэйгээ олж авах, цээжилж тогтооход цагаа зарцуулдаг боллоо. Тэр үед Ш.Шагдар багшийн “Монгол орноор жуулчлах зуун зам” гэдэг ном их тус болсныг дурдалтай. Багаасаа номонд дуртай, нийгмийн идэвхтэй хүүхэд байсан болохоор радиогийн “Монголын дуу хоолой” нэвтрүүлгийн редакцид ажиллаж байхдаа өөрөө бие дааж мэдээллээ олж, эсвэл сурвалжлаганд явж, олж мэдсэнээ найруулан бичиж орчуулаад, өөрийн дуу хоолойгоор нэвтрүүлгээ уншдаг байсан. Ганцаараа музей үзэж, тэмдэглэл хөтөлдөг байлаа. Тэмдэглэж авсан агуулгаа жуулчдад ярьж байгаа юм шигээр төсөөлөн гэртээ өөртөө ярьж бэлддэг байж билээ. Эхлээд ярих сэдвээ гараараа бичдэг байсан. Өөрт компьютер байхгүй, тухайн үед байгууллагуудад “Pentium 3, 4” гэсэн компьютерууд л байдаг байлаа. Интернэтээс мэдээлэл авах эх сурвалж одоогийнхтой харьцуулахад хомс байсан учраас номын сан руу явна. ЕБС-ийн долоодугаар ангиас оюутан болтол надтай зууралдсан гэрийн багш маань “Уншихгүй бол сэтгэхгүй, сонин уншихгүй бол нийгмийн хөгжлөөс хоцорно” гэж байнга сануулдаг байсан болохоор саяхан болтол сонин захиалж уншсаар л байсан даа. Археологийн малтлага судалгаа, палеонтологийн шинэ олдвор, бусад шинжлэх ухааны мэдээллийг сониноос олж уншина. Ийм л аргаар өөрийгөө мэдээллээр цэнэглэсэн гэхэд болно.
Нэг ширээ, хоёр сандал...
2006 онд нэг аяллын компанид сайн дурын шахам ажилтан байв аа. Жилд ганц хоёр удаа хөтчөөр нь явдаг ч байнгын хамааралтай биш. Гэхдээ оффист нь сууж, компьютерийг нь хэрэглэн япон хэлнийхээ орчуулгыг шивдэг байсан учраас оронд нь өрөөг нь цэвэрлэж, ойр зуурынх нь юмыг сайн дураараа цэгцэлдэг байв. Миний хувьд амьдрах мөнгөө өөрөө олдог байсан, тэр компаниас цалин авч байгаагүй. Сонин, сэтгүүлд япон хэлнээс материал орчуулж нийлүүлээд хөөрхөн урамшуулал авна. Тэр мөнгөөрөө автобус унаагаа зохицуулчихдаг. Нэг мэдэхэд тэр компанийн ажилтан гэж ойлгогдох хэмжээнд хүртлээ дотно болсон байв. Тэгж яваад аяллын хөтөч нарт сургалт хийхээр шийдсэн юм. Хамтрах болов уу гэж бодоод тэр компанийн захиралд хэлсэн чинь надад итгээгүй гэх үү дээ, манай компанийн нэрийг гаргахгүйгээр зөвхөн оффисын утсыг зар дээрээ тавьж болно гэж зөвшөөрсөн. Тэгээд “Өдрийн сонин”-д ажилладаг найз руугаа ярьж хөтчийн сургалт явуулах зараа зээлээр тавиулав. Одоогийнхийг бодвол тэр үед хүмүүс сонин их уншдаг байсан болохоор маргаашаас нь л залгаад эхэлсэн. Ийм сургалт хийх хэрэгтэй гэдэг санааг “Nomin Tour”-д ажиллаж байхдаа олж авсан билээ.
Анхны элсэлтэд маань 50 шахам хүн бүртгүүлдэг байгаа. Ийм төрлийн сургалт ямар их эрэлттэй байсныг тэгэхэд ойлгож урам зориг оров. Тэгээд өөрийн гэсэн компани байгуулж, сургалтаа цаашид үргэлжлүүлэхээр шийдлээ. Цалингүй ажиллаж байсан тэр компанийн захиралтай ч харилцаа таарахааргүй болсон байсан учраас шууд бие даахаар шийдсэн байсан. Тэр үед манай гэр бүлийн санхүүгийн байдал сайнгүй байв. Багаасаа байр сууцанд байсан хүн гэнэт гэр хороололд амьдрах болсон. Нэг дүүг маань Америк руу явуулж өгнө гэсэн хүнд гэр орноо барьцаалж хамаг мөнгөө шавхаж өгөөд залилуулчихсан, миний бүх цалин банкны өрөнд явдаг байв. Хувийн компани байгуулах шийдвэрийг гаргах үед надад тэр зуны хамгийн сүүлийн хөтчийн цалин гэж 240 доллар гарт байлаа. Анхны түрээсэлсэн өрөө маань “Чонон бөртэ” төвд байсан бөгөөд 140 долларын өрөөнд 100 доллар төлж, 40 долларын өр тавьж ороод, үлдсэн мөнгөө компани байгуулахад хэрэгтэй гэрчилгээ, тамга гэх мэт жижиг сажиг зардалд зарцууллаа. Улсын бүртгэлийн газраас компанийн гэрчилгээгээ аваад хов хоосон өрөөнөөс бүхнийг эхлүүлсэн. Дахиад “Өдрийн сонин”-ы Энхжаргал найздаа хандаж зар сурталчилгаагаа зээлээр тавиулаад, эхний орж ирсэн мөнгөөр нэг ширээ, хоёр сандал, нэг самбар авсан. “Гурван сарын хугацаанд япон хэл заана. Төлбөр 40 мянга” гэсэн зараар ажил маань ингэж эхэлсэн түүхтэй. Өнөөдөр 17 жил өнгөрсний дараа харахад айлаас ч их хогшилтой болчихжээ. (инээв)
Анхны хөтчийн сургалтуудын нэг. 2007 он.
Жуулчдад мэдээлэл чухал
Ийнхүү 2006 оноос эхлэн япон хэлний хичээл зааж, хажуугаар нь хөтчийн сургалтаа явуулж ёстой л гэрээ мартсан Гэсэр шиг, ээлжийн амралт ч үгүй цаг наргүй ажилласан. Түрээслэх өрөөнүүдээ нэмж, өөр гадаад хэлний багш нар ажилд авч, сургалтын тоогоо ч нэмсэн. Зургаан жилийн дотор, бум бужигнасан, түм түжигнэсэн гэдэг шиг их л хөл хөдөлгөөнтэй компани болсон байлаа. Сүүлдээ ажлаа дийлэхээ больсон, эхнээс нь хэлний сургалтуудаа хасаж явсаар зөвхөн хөтчийн сургалтаа үлдээв. Ерөөсөө л аялал жуулчлалын салбартаа л ажиллая гэж зорилгоо шулуутгасан. 2009 онд “Жуулчны мэдээллийн төв” гэж байгууллаа. Төв шуудангийн урд байдаг жижиг цэнхэр байшингийн үүдэнд том самбар хадаад 4-6 ажилтантай дотор нь төвхнөөд авав.
Жуулчид манай улсад хувиараа зорчих нь элбэг. Хотын гудамжинд, дэлгүүр хоршоо, үйлчилгээний газраар явж байхад нь ямар нэгэн асуудал тулгарвал монгол хүнээс тусламж хүсэхэд манайхан шууд зугтаах хандлагатай байдаг. Тийм учраас нэгдсэн мэдээлэл авах боломжтой газрыг жуулчид хайдаг болохыг мэдэрсэн. Тэр хэрээр манай төвийг зорих жуулчдын хөл тасрахгүй, өглөө есөн цагт үүдээ нээхэд аль хэдийнэ гадаа ирчихсэн хүлээгээд сууж байна. Тэд ихэвчлэн хоногтоо яаж бага зардал гаргах вэ гэж асууна. Зарим нь камераа хулгайд алдчихлаа, таксинд үүргэвчээ мартчихлаа, яах вэ гээд л ороод ирнэ. Гэсэн хэдий ч тэр бүх асуудлыг нь шийдвэрлэхийн тулд үнэ хөлс нэхэх эрх байхгүй. Учир нь улс орон бүрд жуулчдад үнэгүй тусалдаг мэдээллийн төв байдаг. Хүнд зүгээр тусалдаг байж үйл ажиллагааныхаа зардлыг яаж нөхдөг юм бол гэж хүмүүс гайхна. Жуулчид ажилтнуудад маань урамшууллын мөнгө өгнө, тусалсанд талархал илэрхийлж газрын зураг, лавлах ном, ил захидал, марк худалдаж авна. Зарим жуулчид манай төв дээр хэдэн цагаар ч хамаагүй өнжинө. Газрын зураг бариад манай менежерүүдтэй асууж ярилцана. Бас нэг хоёр өдрийн богино аялал худалдаж авна. Гэвч мэдээллийн төв маань ашгаар маш бага байсан учраас бизнесийн хувьд алдаа байсан гэж үзсэн юм. Хэдийгээр ашиг багатай байсан ч мөнгөөр хэмжихээргүй мэдлэг, туршлага олж авсаан. Тэр олж авсныгаа одоо мөнгө болгон хувиргаж байна. Япон болоод өөр бусад улсуудаас Монгол руу ирэх жуулчдад зориулсан гарын авлагуудад манай төвийн хаяг бичигдчихсэн, эрж сураад байсан учраас татан буулгаж чаддаггүй байсан юм. Монголд хувиараа ирсэн зарим жуулчид дараагийн хүмүүстээ манай төвийг заагаад өгчихдөг болохоор хаяж чадахгүй явсаар нэг мэдэхэд 10 жил болчихсон байлаа.
Анхны оффисын ажилтнууд, гадаад хэлний багш нар. 2007 он.
Ном гаргав
Тэр их завгүй ажлын дундуур ном хэвлүүлэх санаа 2008 онд төрлөө. Мундаг чадварлаг зохиолчдын дэргэд том дуугарч чадахгүй ч мэргэжлийн ажлынхаа зовлон, жаргалыг хангалттай мэддэг болчихсон байсан. Жуулчдад үнэн зөв мэдээлэл өгөх, тайлбарлан таниулахад туслах гарын авлага хөтөч нарт зайлшгүй хэрэгтэй санагддаг байлаа. Эмхэтгээд гаргачихвал ёстой хэрэг болно доо гэж санан санан зорьж, энд тэндээс уншиж цуглуулсан зүйлсээ “Монгол орны лавлах” нэртэйгээр эмхэтгэн гаргасан. Анх А5-ын хэмжээтэй, 500 ширхэг хэвлэхэд дороо л зарагдчихав. Тэр бүү хэл, миний хүндэлж явдаг Г.Аким, Г.Бадамсамбуу нарын хүмүүс номыг маань үзээд “Ямар уйгагүй хөдөлмөр вэ, яаж ингэж цуглуулаад ном болгоод гаргачихдаг байна аа?” гэж урам өгсөн шүү. Сүүлд нь хөтөч, жолооч нар номыг маань салж унатал нь, хиртэж муудтал нь барьж явдаг болохыг мэдсэн. Тэд жуулчдаа хүлээх зуураа номыг маань эргүүлээд суудаг тухайгаа ч хэлж байсан юм. Тэр эрчээрээ 2012 онд хоёр дахь хэвлэл, 2017 онд гурав дахь хэвлэлтээ гаргасан.
Сониныг юугаар солив?
Хөтчийн сургалтаа эхлүүлсэн анхны жилээ 120-150 хүн төгсгөжээ. Сүүлдээ жилд зургаан удаа сургалтаа нээдэг болсон. Одоо энэ гуравдугаар сарын 13-нд 101 дэх сургалтаа хийхээр зарлаад байна. 2006 оноос хойш нийт 3200 хүн миний сургалтыг дүүргэжээ. Энэ дотроос 1000 гаруй нь Монголын аялал жуулчлалын салбарт ажиллаж байна. Би багшилж байгаа хүн учраас хүнд буруу юм хэлж өгөөд байж болохгүй, тиймээс уншиж мэдэхээ зогсоогоогүй. Саяхныг болтол сонин захиалж уншдаг байснаа харин одоо больсон. Уншъя гэхээр арван сонин дотроос ганц л нүүрэнд шинжлэх ухааны мэдээлэл гарна. Ихэнх нь нийгэм, улс төр, хэрүүл маргаан, эсвэл баахан реклам. Тэгээд аргаа өөрчилсөн маань юу вэ гэвэл Шинжлэх ухааны академи, МУИС-ийн Түүх, археологийн тэнхим тэргүүтэй газруудаас жил болгон гаргадаг эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлүүдийг олж авдаг болсон. Ингэснээр гол үндсэн мэдлэг маань эндээс ундаргатай болж эхэллээ. Сургалт дээр зааж өгдөг зүйлүүд маань эрс сайжирч, хамаагүй өөр түвшинд гарсан даа. Амьдралдаа, ажил мэргэжил, бизнестээ хийсэн хамгийн чухал зүйлүүдийн маань хамгийн үнэтэй нь миний судалгааны ажил байсан юм. Одоо хэдхэн хоногийн дараа сургалт эхэлнэ. Хүмүүст хэлж өгөх шинэ зүйлс маань “хүлээгээд” л байж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.