images

Доржийн Билгээ: “Нэвтрүүлэгч хүн ухаан уншдаг болохоос үг уншдаггүй”


      54 жилийн өмнө буюу 1967 онд Монголын радиод 150 хүн нэвтрүүлэгч болохоор шалгуулахад хоёр эмэгтэй тунаж үлдсэний нэг нь Доржийн Билгээ. Тэр үед 24 настай, Худалдааны техникумд суралцаж дүүргээд “Улаанбаатар” зочид буудалд нягтлан бодогчоор ажиллаж байжээ. Монголын радиогийн анхны нэвтрүүлэгч Жигжидсүрэнгийн Цэвээндоржийг өдөр тутам дагалдаж, хагас жилийн дараа буюу 1968 оны 3 дугаар сарын нэгнээс радиогийн нэвтрүүлэгчээр ажиллаж эхэлсэн түүхтэй. Монголын радиогийн домог болсон нэвтрүүлэгч, Соёлын гавьяат зүтгэлтэн тэрбээр одоо ч нэвтрүүлэгч бэлтгэх шавь сургалтаа явуулсаар байна.

-Нэвтрүүлэгч яагаад байх ёстой вэ?

-Монголын радио мэргэжлийн радио. Монголын радио байгаа цагт нэвтрүүлэгч байх л ёстой. Сэтгүүлчийн маш их хөдөлмөр, цаг, оюун санаа зарж бүтээсэн бичвэрийг нэвтрүүлэгч улам яруу сайхан, утга төгөлдөр болгож сонсгох ёстой. Энэ бол сэтгэлгээний урлаг.

-Нэвтрүүлэгчийн ажлын дэс дараалал?

-Эхлээд сэтгүүлчийн бичвэрийг аваад, маш нарийн задалж ухах хэрэгтэй. Хэнд зориулж, яах гэж бичсэн юм гэдгийг сайтар ухаарах ёстой. Дараа нь дор хаяж гурвантаа уншчих хэрэгтэй. Механик уншилт биш шүү. Асууж тодруулах бол асууна. Зохиогчийн зөвшөөрөлгүйгээр бичвэрт гар хүрч болохгүй. Асууж байж засна, ярилцаж байж шийднэ. Тэгээд ярианы хэлбэрт оруулах хэрэгтэй. Үгийн хүчийг яаж гаргах, хэрхэн тааруулахыг  цаг ямагт бодох ёстой. Өргөлт цохилт өгөх, удаашруулах тодруулах гэх мэтээр өгүүлбэр дотор байгаа үгээ таних хэрэгтэй. Оршил, оргил, тайлал нь яг хаана вэ, хаана нь оргиж цоргиж өгөх юм, хаана нь уньж гуниж өгөх юм гэх зэргээр агуулгыг нь алдагдуулахгүйгээр өөриймшүүл. Үгэнд заавал учир, зорилго байдаг. Тэр нь чухам юу болохыг олж анзаарч, онцолж хэлдэг ур чадвартай л байх ёстой юм.

-Нэвтрүүлэгч хүнд зайлшгүй байх чадвар?

-Нэвтрүүлэгч гэлтгүй монгол хүн бүр монгол хэлний арвин баялаг сантай байх хэрэгтэй. Түүний тулд сайн унших хэрэгтэй. Зун цагт хүйтэн ус залгилж байгаа юм шиг л уншдаг байжээ, бидний үе. Тэгж байж яриа баялаг болно. Түүнчлэн нийгэмд өрнөж буй үйл явдлыг маш хянуур ажиглаж бай. Тэр бүгдээ бичихдээ, ярихдаа ашиглах хэрэгтэй. Бичвэрийн эхний өгүүлбэрийг уншиж байхдаа доод мөрний өгүүлбэрийг давхар уншиж утгыг дүүргэх чадвар суулга. Ер нь нэвтрүүлэгч хүн дөрөв таван мөрийг давхар харчихдаг чадвар өөртөө суулгах хэрэгтэй юм. Нүдэн баримжаагаа тэлэх гэх юм уу даа.

-Ийм ажил эрхэлдэг хүмүүсийн түгээмэл алдаа юу бол?

-Авиа бүрийг дуудах ёстой. Арван хоёр гэхийг л арав хоёр, гучин нэг гэж хэлэх юмыг гуч нэг гэх зэргээр авиаг маш их хаядаг, анзаарвал энэ алдаа их тодорхой мэдэгдэнэ.

Авиаг бас маш их сольж дууддаг. Багаасаа үсэг сольж яриад сурчихсан, эцэг эх нь анзаараагүй, засаагүй үлдээчихсэн. Нас биед хүрчихсэн хэрнээ хэл яриа нь зүгшрээгүй хүүхэд шиг яриатай томчууд олон таардаг. Жишээ нь, зочин гэхийг жочин, талх гэхийг далх, салхи гэхийг салих гэх зэргээр жишээ их дээ.

Мөн урт хос эгшгүүдийг маш их сольж байна. Танайд гэхийг танаад, байгууллага гэхийг баагууллага гэж хос эгшгийг уртаар дууддаг алдаа түгээмэл.

Өгүүлбэрээ бүрэн дүүрэн дуусгадаггүй. Дотоодоосоо төгсгөж өгдөггүй зовлон байна. Би нэг залуу нэвтрүүлэгчтэй нэвтрүүлгийн төгсгөл хийх гэж 13 удаа дахиж байлаа. Нэг л хиймэл төгсгөл, буруу өнгө аяс дуугараад. Төгсгөл буруудвал тэр бичвэр тэр чигтээ л буруудна шүү дээ.  

Үгийн өргөлт маш чухал. Гэтэл одоо сүүлийн үеийн мэдээнүүдийг үзэж байхад өгүүлбэрийн төгсгөлийн ганц үгийг дангаар нь үлдээж, өмнөх үгэн дээр нь чухам өргөж маягладаг болж. Уг нь хоршиж хэлээд энгийн сайхан төгсгөчих байхад яагаад тэгдэг юм, бүү мэд.

-Нэвтрүүлэгчийн хувьд таны онцлог юу бол?

-Улс төрийн мэдээ мэдээлэл, шууд нэвтрүүлгүүдэд  намайг түлхүү хуваарилдаг байсан. Төв хорооны бүгд хурал хуралдлаа гэхэд л “Үнэн” сонинд хэдэн нүүр дүүрэн гараад л ирнэ. Эфирт шууд сониноос уншина. Аяга цай ч юм уу, ус авч ороод л дор хаяж бүтэн хоёр цаг тасралтгүй уншина. Зүгээр нэг уншчихгүй. Уран яруу, утга төгөлдөр, сонсголонтой сайхан унших гэж чармайна. Ю.Цэдэнбал даргын үгийг цөөнгүй уншиж байлаа. Хоёр цаг бол энүүхэнд. Нэг удаа микрофоноо хаачихаад, уснаасаа нэг балгачихаад, буцаж унших хооронд жаахан азнаа гараад зэмлүүлж л явлаа. Айхтар хатуу цаг үе байсан шүү.

-Санаанаас тань гардаггүй алдаа?

-Дөнгөж ажилд орчихсон шинэ тутам байхад багш нэг удаа “Гарчихаад ирье. Мэдээнээс өмнө амжаад ирнэ. Эфирт аваар зөрчил гаргалгүй, буруу хазгай ярилгүй энэ программыг хөтлөөд байж бай” гэв ээ. Би ч хэлснийх нь дагуу хичээж л байлаа. Гэтэл багш орж ирээд “За, чи Цэдэндорж гэж ямар хөгжмийн зохиолч таньдагав?” гэж асуулаа.Тэгэхээр нь би “Тийм хөгжмийн зохиолч мэдэхгүй ээ” гэсэн чинь Цэндорж гэхийг Цэдэндорж гээд хэлчихсэн. Түүнийг нь багш “Ард” кино театрын тэнд байдаг цагаан хоолойгоор сонсчихсон байж билээ. Хүний нүд бас харж дассанаараа тааж уншдаг аюултай.

-Нэвтрүүлэгч хүний хувьд энэ мэргэжлийн шинэ үеийнхэн төдийгүй олон нийтэд өгөх таны захиас юу вэ?

-Монголын радио ч гэлтгүй аливаа хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байгаа хүн бүр халх монгол аялгуугаар маш цэвэр, зөв тодорхой ярьдаг болоосой, түүнийгээ дараа дараагийн үедээ үлгэрлэн өвлүүлээсэй. Хэрвээ би буруу яриад байвал чи надаас сурна. Чи буруу яривал чиний дараагийн үе буруу ярина. Энэ бол нийгэмд асар муу нөлөөтэй.

Амьсгаа гэж том урлаг бий. Хоолойны, өрцний, хэвлийний гэж гурван янз байаг. Ядаж өрцөөр амьсгаа аваад ярихад яриа чөлөөтэй, буруу газар таслахгүй, дуу хоолой хүртэл чөлөөтэй гардаг. Нэг мөнгөн бөмбөг, хоёр мөнгөн бөмбөг, гурван мөнгөн бөмбөг... гээд 10 хүртэл хүүхдээ хэлүүлээд сургачих. Амьсгаа задална. Хэл яриа, уруул амны хөдөлгөөн сайжирна.

Цавчсан цавчидсаа цавчсан цавчидасны ард цацсанаас

Цавчсан цавчидсаа цавчсан цавчидасны урд цацаагүй ээ... гэж энэ хэллэгийг тогтоогоод авчих. Түргэн хэллэгэнд утга хамт явдаг. Тиймээс үг, утгатай нь бүрэн хэлээд сурчихад илүүдэхгүй.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.