images

“Буд бид хоёр”

Duuren.Life

Соёл эрдэнэ

2024-06-26


   “Тара арт” галерейд өнөөдөр “Буд бид хоёр” уран зургийн хамтарсан үзэсгэлэн нээгдэнэ. Үзэсгэлэнг гаргаж буй хоёр уран бүтээлчийн нэг нь Ардын зураач Д.Амгалангийн нэрэмжит Дүрслэх урлагийн академийн багш, зураач Б.Хонгорзул, нөгөө нь түүний шавь, тус академийн шинэхэн төгсөгч Ж.Буд юм. Тэдний яриаг бид “Соёл эрдэнэ” булангаараа хүргэж байна. 

Б.Хонгорзул:

   - Төгсөлтийн дараа шавьтайгаа хамтарч хийхээр нэг ажил төлөвлөж байсан юм. Тэр тухайгаа ярьж, хэлэлцэж явтал Монголын галерейдын холбооны тэргүүн Ц.Батзориг “Тара арт” галерейд үзэсгэлэн гаргах санал тавьснаар анхны төлөвлөгөө маань хамтарсан үзэсгэлэн болж хувирсан юм. Үзэсгэлэнгийнхээ нэрийг бодож олоогүй байхдаа яриан дундуур “Буд бид хоёр” гэж ярьснаа, “Ерөөсөө  ингээд нэрлэчихье” гээд л тогтчихсон.

   Дүрслэх урлагийн академи уран зураг, монументаль уран зураг, график дизайн, хувцас дизайн, номын зураг, монгол зураг, сэргээн засварлах, уран баримал, сийлбэр, дархан, керамикийн мэргэжлээр  жилд 40 гаруй оюутан төгсгөдөг. Энэ жил уран зургийн ангийг 15 хүүхэд дүүргэлээ. Сургууль маань ирэх жил 80 жилийн ой тэмдэглэнэ гэхээр, өнгөрсөн хугацаанд дүрслэх урлагийн чиглэлийн 2000 гаруй мэргэжилтэн бэлтгэжээ.

   Миний хувьд сургуулиа Дүрслэх урлагийн дунд сургууль байхад нь элсэж төгсгөөд Уран зургийн академид суралцаж дүүргэсэн. Тэр үед сургууль маань цомхон, III сургуулийн хойнох цэцэрлэгийн байранд төв сургууль, манай анги одоогийн Дашчойлин хийдийн өмнө байдаг нэг давхар жижигхэн байшингийн 4 дугаартай бяцхан ангид мэргэжлийн хичээл ордог байв. Одоо ч яг тэр хуучнаараа байна. Бид ангидаа багтахгүй, бараг цонхны тавцан дээрээ гарч суугаад зурдаг байлаа. Г.Сэрээтэр, Б.Төмөрбаатар нарын олон багш нараар заалгасан, сурсан бүхэн минь академид сурахад маш сайн суурь болсон.

ДУДС монументаль уран зураг, сийлбэрийн төгсөгчид 1990 он.

   Дараа нь 1995 онд Бээжингийн Дүрслэх урлагийн төв академийн монументаль зургийн тэнхимд суралцаж ирээд сургуульдаа нэг жил багшилсан юм. Академид сурч байхад манай ангийн багш Хятадын Юннань мужийн гаралтай, Хятадын алдартай зураач Сүн Жинбо,  материал дадлагын багш маань Дү Фэй гэдэг манж хүн байлаа. Намайг сургуулиа дүүргэх үед Хятадын Засгийн газраас уран бүтээлчдийн дунд төсөл, эх загварууд шалгаруулж, Ордос хотын бүтээн байгуулалт эхэлж байсан. Багш нар маань тэнд ажиллаж, Сүн багш Ордосын түүхийн музейд “Монголын нууц товчоо” нэртэй 53 м урт ханын зургийг 10 туслах зураачийн хамт 9 жилийн турш зурж дуусгасан юм. Багштайгаа одоо хүртэл харилцаатай, сонин сайхнаа хуваалцсаар байдаг. Академийн III курст байхдаа Ганьсу мужийн Дунхуаны агуйнуудад нэг сар дадлага хийж, 200 орчим агуйн зургийг үзэж судалсан минь ховор сайхан завшаан байлаа.

Зураач Б.Хонгорзул багш Сүн Жинбогийн хамт.

   Сургууль дүүргэснээс хойш 30 орчим жил зурсаар, суралцсаар л байна. Уран зургийн ямар нэг төрөлд хатуу баригддаггүй, тухайн үед хүссэн зүйлээ л зурдаг. Хөрөг бол хамгийн таашаалтай зурдаг төрөл минь юм. Хийсвэр агуулгатай зохиомж, байгалийн зурагт ч бас дуртай. Хүүхдийн сэдвээр зурахаас хэзээ ч уйддаггүй. Маш их тайвширч, амарч зурдаг. Зурахынхаа туршид  инээсээр, жаргаж дуусгадаг даа.

   Дүрслэх урлагийн академид багшлах боломж тохиож, шавь нараа III курсээс нь хүлээж аваад төгсгөх үүрэг ногдсон. Богино хугацаанд их хичээж, дипломоо амжилттай хамгаалсан шавь нараараа бахархаж, бас талархаж байна.  Уран бүтээлээ хийхээр тууштай зорьж яваа шавь нартаа тусалж, дэмжихийн зэрэгцээ тэднээсээ бас маш их зүйлийг сурч авдаг. Зураач гэдэг бол хэзээ ч суралцаж дуусдаггүй, хийсэн бүхэн нь дахин давтагддаггүй учраас уйддаггүй, ханадаггүй мэргэжил.

   Ж.Буд маань саяхан сургуулиа төгсөж, дипломоо хэдхэн хоногийн өмнө амжилттай хамгаалсан залуу зураач. Хамтарсан энэ үзэсгэлэнгээ авьяаслаг, хичээнгүй нэгэн шавийнхаа дөрөөнд сүү дусаан, алсын аянд мордуулж өгч буй завшаантай хэрэг хэмээн бодож магнай тэнэгэр байна.

Зураач Б.Хонгорзулын хүүхдийн сэдэвт үран зураг.

Ж. Буд:

- Би Баянхонгор аймгийн Баянбулаг сумын төвд төрсөн. Багаасаа зураг зурах хүсэлдээ хөтлөгдөж явсаар гуравдугаар ангидаа Г.Адарсүрэн багштайгаа учирч зургийн дугуйланд орсон минь уран зураг хэмээх гайхамшигт ертөнцийн хаалганы бариулаас атгасан явдал байлаа. Сумын дунд сургуульд дүрслэх урлагийн хичээл заахын хажуугаар дугуйлан ажиллуулдаг багш минь намайг урамшуулж, аймгийн хүүхдийн зургийн уралдаанд оруулдаг байв. Тэмцээн уралдаанд түрүүлээд очиход барагтай бол магтахгүй, харин СУИС-ийн Уран зургийн ангид ороход минь хөл нь газар хүрэхгүй баярлаж, байсгээд л утсаар ярьдаг байлаа.   

   Хоёрдугаар курст байхдаа Польшийн нэрт зураач Х.Семирадски, Италийн зураач А.Манчини, Оросын зураач Е.Моисеенко нарын бүтээлд шимтэн дурлаж, судалж, арга барилаас нь суралцаж эхэлсэн. Х.Семирадскийн олон хүний дүртэй яруу тансаг, Эртний Египет болон Грекийн домог, түүхийн сэдэвтэй зургуудад ховсдуулж, А.Манчинийн зургуудаас мастер ажиллагаа, оновчтой бөгөөд хурдтай бичилтүүдийг нь бишрэн, Е.Моисеенкогийн нэгэн бүтээлийг хуулбарын хичээлээр хуулах завшаан тохиосноор зохиомжийн тухай ойлголт минь өөрчлөгдсөн гэж боддог. Е.Моисеенкогийн бүтээлүүдээс товч бөгөөд тодорхой зурах арга ухаанд суралцдаг.   

   Хүний сэтгэл хийгээд сонирхол байнга өөрчлөгдөж байдаг ч гэсэн хором тутам хувиран шилжиж байдаг байгалийн амьд өнгө, нарны туяа нэвт шингэсэн өтгөн шаргал, эсвэл  сэрүү татсан сүүдрийн чийглэг тунгалаг өнгө,  орон зай илэрхийлэх агаарлаг сүүмгэр туяа зэрэг гайхшируулж үл барах, суралцаж үл хүчрэх, зурж үл дуусах байгалийн сэтгэл хөдөлгөм гоо үзэсгэлэн бол миний мөнхийн хайртай сэдэв гэж бодож явдаг аа.

   Оюутан цагийн минь хамгийн сайхан, тод дурсамжуудын нэг бол хээрийн дадлага хийж өнгөрүүлсэн хоногууд юм. Дөрвөн жил нэг ангид суралцаж нөхөрлөсөн ангийнхандаа болон өөртөө зориулж “ Дурсамж” зургаа зурсан. Энэ бол Хөвсгөл далайн эрэгт тэнгэрийн одод түүдгийн очтой нийлэн бидний гитарын аялгуунд дуулах намуухан хайрын дууг хөгжөөж, тэртээд усны шувууд ганганан аялгууг хөглөж байсан мартагдашгүй мөчийг буулгасан зураглал юм. Найзуудын минь царай түүдгийн илч хийгээд аз жаргалдаа улаа бутран,  тэртээд нуурын мандал бидний дуулах дууг чагнах шиг мэлтийж байсныг дүрсэлсэн. Энэ зураг миний уран бүтээлийн эхлэл, цаашид сурах, ажиллах, бүтээж амьдрах урмын галыг өрдсөн оч билээ.

   Оюутны бужигнасан он жилүүд нэг мэдэхэд нисэн одож, уран бүтээлч амьдрал хэмээх өргөн бартаат замын эхлэл дээр зогсож буйгаа мэдрэх гайхалтай бас сүрдмээр мөч ирсэн энэ үед багштайгаа хамтарч анхны үзэсгэлэнгээ нээж байгаадаа баяртай байна.

Хэнтий аймгийн Биндэр суманд хийсэн хээрийн дадлагын үеэр.

Зураач Ж.Буд ангийнхантайгаа.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.