images

“Тэмээн жингийн цуваа”


     1980-аад оны сүүлч. “Соёл-Эрдэнэ” хамтлагийнхан Замын-Үүдийн галт тэргэнд суугаад Дорноговийг зорьж явлаа. Галт тэрэгний цонхоор харвал тэмээн жингийн цуваа үзэгдэнэ. Яг л ийм тэмээн жингийн цувааны тухай дуу хийхийг удаан бодож явсан гоцлол гитарчин, ая зохиогч Д.Галсанбатын санаанд шинэхэн дууны ая орж ирэв. Тэрээр Д.Рэнцэндорж агсны “Тэмээн жингийн цуваа” шүлгийг дуу болгохыг удаан бодож явсан нь ийн биеллээ олжээ. Д.Галсанбат купендээ хамтлагийнхнаа дуудаад өөрөө гитараа авч нэгэн ая тоглож эхэлсэн байна. Ийнхүү "Тэмээн жингийн цуваа” дуу бүтэж тэд Сайншандад очуутаа тоглолт дээрээ анх удаа дуулжээ. Тоглолтыг үзсэн нутгийн залуу тэдэнд тэмээ бэлэглэж, олны өмнө тэмээний явдлаар явж үзүүлсэн гэнэ. Залуу ч "Соёл-Эрдэнэ" хамтлагийнхантай хамт цааш Дорноговийн бусад сумдуудаар явжээ. Тэд 1989 онд хоёр эмэгтэй, хоёр эрэгтэй хоолойгоор энэ дууг хоршин дуулахаар шийдсэн нь дөрвөн гоцлол дуучин зэрэг дуулсан өвөрмөц шийдэл болсон байна. Улмаар дуундаа клип хийлгэхдээ салхи исгэрэхээс эхлэн тэмээний явдлыг бөмбөрчин Б.Цолмонгийн цахилгаан бөмбөрийн эффектийг ашиглан хийж байсэн гэнэ. Хожим хамтлагийнхан энэ дууг дуулдаггүй тоглолт гэж байдаггүй байлаа хэмээн дурсан ярьсан юм. Мөн энэ дуу Монголд төдийгүй Азид үнэлэгдсэн дуу болжээ. Тухайлбал, Алмата хотод болсон "Азийн дуу хоолой" тэмцээний үзэгчдийн таашаалд нийцсэн дуу болсон гэнэ. Мөн япончуудын урилгаар "Ямаха" фестивальд очиж гуравдугаар байрын шагнал хүртжээ. Тус фестивальд Монголоос анх удаа, бүр урилгаар очсон анхны дуучид болсон байна. Энэ мэтээр үзэгчдийн хайртай дуу болсон "Тэмээн жингийн цуваа" дууны аяыг зохиогч Д.Галсанбат 1992 онд рок поп хөгжмийн урсгалаас төрсөн анхны Гавьяат болжээ.

Эх сурвалж: “25” дугаар суваг телевиз, “Дуу төрсөн түүх” нэвтрүүлгээс.