Уругвай: Дэлхийн хамгийн эгэл даруу ерөнхийлөгч өөд болов
Анд нөхдийн мэдээ
2025-05-14
Бүрэн эрхийнхээ хугацаанд (2010-2015) дэлхийн хамгийн эгэл даруу ерөнхийлөгч гэгддэг байсан Уругвай улсын ерөнхийлөгч асан Хосе Мухика 89 насандаа таалал төгсөв. Энэ тухай тус улсын ерөнхийлөгч Ямандо Орси X (хуучин твиттер) хуудсаараа дамжуулан мэдээлж, "Миний дотны нөхөр, ерөнхийлөгч асан Хосе Мухикаг үүрд санан дурсах болно. Тэр бол нийгэмд үлгэр дуурайлал болсон эрхэм хүн байсан” хэмээн эмгэнэл илэрхийлжээ. Ерөнхийлөгч асан Х.Мухика өнгөрсөн оны дөрөвдүгээр сард улаан хоолойн хорт хавдартай гэж оношлогдсон бөгөөд хавдрын эсүүд элгэнд үсэрхийлсэн тул өнгөрсөн нэгдүгээр сард химийн эмчилгээгээ зогсоогоод байсан юм. Дараа нь тэрбээр эхнэрийнхээ хамт хотын захын жижигхэн байшинд амьдарч, хааяа хүмүүс хүлээн авч уулздаг байжээ.
"Пепе" хочоороо алдаршсан Хосе Мухика 1935 оны тавдугаар сарын 20-нд Уругвайн нийслэл Монтевидео хотод төржээ. Тэрбээр 1960-1970-аад онд цэргийн засаглалын эсрэг партизаны бүлэглэлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, 15 жил шоронд хоригдож суллагдаад улс төрд хөл тавьсан юм. Улмаар зүүний үзэл баримтлалтай “Ардын оролцоо” хөдөлгөөнийг тэргүүлэн улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, парламентийн гишүүн, Мал аж ахуй, ой, загас агнуурын сайдын албыг хашиж байсан бөгөөд 2009 оны сонгуулиар ерөнхийлөгчөөр сонгогдож таван жил улс орноо удирдсан юм. Түүнийг Уругвай улсын эдийн засгийн хөгжил, ядуурлыг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан гавьяатай гэж үздэг. Тэрбээр орлогынхоо 90 хувийг ядууралтай тэмцэх үйлсэд хандивлаж, 1987 онд үйлдвэрлэсэн цэнхэр өнгийн Volkswagen Beetle маркийн машиныг олон жил унасан зэрэг машид хэмнэлттэй, эгэл даруухан амьдардгаараа "Дэлхийн хамгийн ядуу ерөнхийлөгч" гэж нэрлэгдэж байв. Мөн албан ёсны ерөнхийлөгчийн өргөөнд суудаггүй, хуучин жижиг байшингаасаа ажилдаа ирж очдог байсан ажээ. Ерөнхийлөгчийн албанаас буусныхаа дараа парламетэд сонгогдон ажиллаж байгаад 2020 онд өөрийн хүсэлтээр огцорч улс төрийг орхисон байна.
Хосе Мухика нь өөрийн ертөнцийг үзэх үзэл, улс төрийн үзэл баримтлалаа яруу найргийн өвөрмөц хэллэгээр уран яруу илэрхийлж, олны сэтгэлийг хөдөлгөж чаддаг нэгэн байсан гэдэг. “Амьдралд үнийн шошго байдаггүй болохоор би ядуу биш”, “Эрх мэдэл хүнийг өөрчилдөггүй, харин хэн байсан бэ гэдгийг нь илчилдэг”, “Цорын ганц эрүүл донтолт бол хайр дурлалын донтолт”, “Дайчин баатар ч амрах эрхтэй” гэх мэт ишлэлүүд нь өнөөдөр ч хүмүүсийн зүрх сэтгэлд тодоос тод үлджээ. Тэрбээр хамгийн сүүлд "Над шиг сэтгэдэг хүмүүсийг хүндлэх нь амархан. Харин ардчиллын үндэс нь надаас өөрөөр сэтгэдэг хүмүүсийг хүндэтгэх явдал гэдгийг бид ойлгох ёстой" хэмээн хэлсэн нь Уругвайн эрх баригч болон сөрөг хүчний аль алинаас нь талархал хүлээсэн юм. Колумбын ерөнхийлөгч Густаво Петро, Бразилийн ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва нар болон олон улсын хамтын нийгэмлэг талийгаачийн дурсгалыг хүндэтгэн эмгэнэл илэрхийлсэн захидал илгээсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.