Их Британийн Гадаад тагнуулын газрыг анх удаа эмэгтэй хүн толгойлно
Анд нөхдийн мэдээ
2025-05-13
Их Британийн Гадаад тагнуулын газрын даргын албан тушаалд анх удаа эмэгтэй хүн ажиллахаар болж байна. “The Times” сонины мэдээлснээр, энэ жил албан тушаалаасаа буух тус газрын захирал Ричард Мурын халааг авахаар ярилцлага өгсөн гурван хүн гурвуулаа эмэгтэй хүн байжээ. Тус улсын Дотоодын тагнуулын газрыг өмнө нь хоёр ч удаа эмэгтэй хүн удирдаж байсан ч Гадаад тагнуулын газрын даргаар эмэгтэй хүн ажиллаж байгаагүй юм. Харин “007” цуврал кинонд жүжигчин Жүди Дэнч тус газрын дарга эмэгтэйн дүрийг бүтээж байв. Даргын албан тушаалд өрсөлдөж буй гурван эмэгтэйн хоёр нь мэргэжлийн тагнуулын ажилтан бол нэг нь тагнуулын чиглэлэээр ажилласан туршлагагүй, НҮБ-д суугаа Элчин сайд Барбара Вүүдворд аж. Б.Вүүдворд нь 1994 оноос Гадаад хэргийн яаманд ажилласан дипломатч бөгөөд Йелийн их сургуульд олон улсын харилцааны чиглэлээр мэргэшсэн, 2015-2020 онд Их Британийн Хилийн агентлагийн Олон улсын харилцааны газрын дарга, мөн БНХАУ-д суух Элчин сайдаар ажиллаж байсан хүн юм. Түүнийг БНХАУ-д ажиллаж байх хугацаандаа Шинжаан дахь уйгур зэрэг үндэсний цөөнхийн эрхийг зөрчсөн асуудлаар тодорхой байрь суурь илэрхийлэхээс зайлсхийсэн гэх шүүмжлэл хэвлэлээр гарч байна. Эцсийн томилгоог ерөнхий сайд Кейр Стармер Гадаад хэргийн сайд Дэвид Ламми, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жонатан Пауэлл зэрэг төрийн өндөр албан тушаалтнуудаас бүрдсэн хороотой зөвлөлдсөний дараа хийх ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.