images

Жүжигчин Жерар Депардьед ял оноов

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2025-05-14


   Парис хотын шүүх эдүгээ 76 настай жүжигчин Жерар Депардьег киноны зураг авалтын үеэр хоёр эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцож, 18 сарын тэнсэн харгалзах ял оноолоо. Мөн хоёр эмэгтэйн нэгэнд 1000, нөгөөд 2000 евро төлөхөөр шийдвэрлэжээ. Хоёр нэхэмжлэгчийн нэг, өдгөө 54 настай, тайзны чимэглэлийн ажилтан Амэли К шүүхэд мэдүүлэхдээ, жүжигчин 2021 онд зураг авалтын үеэр түүнийг тэвэрч хоёр хөлнийхөө завсар биеийг нь хавчин бэлгийн харьцааны агуулгатай үг яриа ярьсан гэжээ. Жүжигчин өөрөө мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн цагаас өнөөг хүртэл өөрийгөө буруугүй хэмээн мэдүүлсээр ирсэн юм. Дөрөвдүгээр сард болсон шүүхийн хэлэлцүүлэг дээр тэрбээр “Хүний өгзөгт гараараа хүрэх нь бэлгийн хүчирхийлэл биш. Зарим эмэгтэйчүүд яльгүй юманд хэтэрхий эмзэг ханддаг” гэж байжээ. Ж.Депардье энэ өдрийн шүүх хуралд биеэр оролцоогүй бөгөөд өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг давж заалдана гэдгээ мэдэгдсэн байна.

   Өнгөрсөн хугацаанд 20 гаруй эмэгтэй Ж.Депардьег бэлгийн хүчирхийлэлд буруутгаж байсан боловч шүүхэд нэхэмжлэх гаргасан нь цөөхөн юм. Жүжигчин 2023 онд “Le Figaro” сонинд нийтлүүлсэн ил захидалдаа “Эмэгтэй хүнд халдаж байсан удаа миний амьдралд нэг ч байгаагүй” хэмээж байв. Америкийн киноны салбар дахь хүчирхийллийг илчлэн эсэргүүцсэнээр эхэлж дэлхий даяар өрнөсөн “MeToo” хөдөлгөөн Францад АНУ шиг газар аваагүй билээ. Ж.Депардьегийн хэргийн тухайд ч Францын олон нийт өөр өөрөөр хандсан юм. Мөрдөн шалгах ажиллагаа эхэлж байхад Францын ерөнхийлөгч асан Николя Саркозийн эхнэр Карла Бруни тэргүүтэй 50 жүжигчин “Ж.Депардьег хилсээр буруутган хэлмэгдүүлэх гэж байна” хэмээн эсэргүүцлээ илэрхийлсэн бол алдарт жүжигчин, өдгөө 90 настай Брижит Бардо өнгөрсөн долоо хоногт хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Авьяастай хүн эмэгтэй хүнд хүрсэн төдийд л бурууддаг” хэмээн хэлжээ.            

   Өнгөрсөн зууны 60-аад оноос эхлэн бүтэн жарны турш 200 шахам кинонд тоглож Францад төдийгүй дэлхий дахинд алдаршсан Ж.Депардье 2012 онд Францаас гарч явсан юм. Тухайн үед Франц улс баячуудаас авах татвараа нэмэгдүүлсэн нь түүний ийм шийдвэр гаргах шалтгаан болсон гэдэг. 2013 онд В.Путины зарлигаар түүнд иргэний харьяалал олгосон бөгөөд 2022 онд тэрбээр мөн АНЭУ-ын иргэн болсон билээ.   

Гэрэл зураг@ REUTERS/Abdul Saboor

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.