images

“Сүүн далай ээж”


Хөгжмийн зохиолч Б.Магсаржав түүний анхны дуу болох “Сүүн далай ээж” дуу хэрхэн бүтсэн талаар ийн ярьжээ.

     Нэгдүгээр курст дөнгөж орсон жилээ Л.Мөрдорж гуайд дууны ая бичмээр байгаагаа хэлэхэд "Зохиолчдын хороо орж, яруу найрагчаа олж ав" гэсэн. Тэр өдөр Зохиолчдын хороонд жижүүр хийж байсан Ш.Сүрэнжав гуай Ц.Гайтав гуайн өрөөг зааж өглөө. Ингээд өрөөнийх нь хаалгыг зүрхэлж ядан тогшив. Ц.Гайтав гуай ч намайг хүн чинээ тоосонгүй. Бараг 30-аад минутын дараа анзаарснаа "Чи яах гэж яваа хүүхэд вэ" гэв.  "Багшаа надад харин дууны ая орж ирээд байх юм" гэвэл Ц.Гайтав гуай намайг учиргүй дооглож инээгээд л "За тэгээд чухам яаж орж ирж байх юм дээ, тэр ая чинь" гэж байна.  "Гэнэт л орж ирээд байна. Л.Мөрдорж багш намайг явуулсан юм аа" гэсэнд "Би ажил ихтэй байна дараа бол" гэж хөөлөө. Хоёр дахь өдөр нь мөн л хөөгдөв. "Жаргал дуурь" гээд их том бүтээл дээр ажиллаж байсан үе нь юм билээ. Гурав дахь өдөр нь нэг шил архи аваад очив. "Чи ямар ядаргаатай хүүхэд вэ. Би маш их ажилтай байна гээд байхад"  гээд  л  мөн хөөж байна. Тэгэхэд нь би их зальтай. Авч очсон архиныхаа толгойг албаар цухуйлгаад л "Багшаа би танд нэг юм авчирсан. Танд өгөх гэж гурав хоног хадгалж явлаа" гэв. Гэтэл Ц.Гайтав багш тэс өөр болоод л "Тэгээд үүнийгээ эрт хэлэхгүй яасан юм бэ. Алив наад хаалгаа хаа" гэж байна. Тэр агуу хүн намайг ингэж анх хүлээж авсан. "Залуу хүүхэд юм чинь хайр сэтгэлийн сэдэвт шүлэг бичүүлнэ биз дээ" гэж байна. "Үгүй үгүй. Би анхныхаа дууг ээждээ зориулж хиймээр байна” гэлээ. Ц.Гайтав гуай миний аваачсан архийг аягалаад л үзэг цаасаа шүүрч авсан. Тэр архи стаканд яг гурав хийгээд л дууссан. Тэгснээ "Чиний дуу яг гурван бадаг болох юм байна. Авчирсан архи чинь гурав хийгээд л дууслаа" гээд инээж билээ. Ингэж л "Сүүн далай ээж"  гэх агуу шүлгийг нь гардаж авсан даа Ц.Гайтав гуайг их зөнтэй хүн байж дээ гэж би боддог. Намайг өрөөнөөс нь гарахад "Миний бие жаахан базаахгүй байгаа. Эмнэлгээс дөнгөж гараад ажлаа хийж байгаа минь энэ. Чи нэг сараас хэтрээхгүй аяа сонсуулахыг бодоорой" гэсэн. Тэгээд аяа хийж манай ангийнхан дууг минь дуулж эхлээд л МУБИС-ийн бүх оюутнууд дуулцгаасан. Гэтэл яг сарын дараа радиогоор Ц.Гайтав гуайг бурхан болсон тухай мэдээлсэн. Дууныхаа аяыг би сарын дотор хийсэн ч сонсгож чадаагүй. Гэхдээ оршуулгад нь оролцож, дууныхаа нотыг дэрлүүлсэн дээ.

Эх сурвалж: "Ikon" сайтад өгсөн ярилцлагаас