Дональд Трамп гадаадын кинонд 100 хувийн татвар ногдуулахаа мэдэгдэв
Анд нөхдийн мэдээ
2025-05-06
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хилийн чанадаас орж ирж буй, гадаадад хийсэн бүх кинонд 100 хувийн татвар оногдуулах эрхийг Худалдааны сайдад олгосноо олон нийтийн “Truth” сүлжээгээр дамжуулан мэдэгдлээ. “Америкийн киноны үйлдвэрлэл өдөр өдрөөр мөхөж байна” хэмээн тэрбээр бичсэн бөгөөд мөн “Гадаад орнууд АНУ-ын студиуд, кино уран бүтээлчдийг өөртөө татахын тулд байж болох бүхий л хэрэгслийг ашиглаж байгаа нь үгсэн тохиролцсон үйлдэл бөгөөд энэ хэрээрээ манай үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна” гэжээ. Америкийн Кино компаниудын холбооны мэдээлснээр, 2023 онд гадаадтай хийсэн тус улсын кино салбарын худалдаа 15.3 тэрбум долларын ашигтай гарсан байна. Улс хоорондын кино худалдаанд Д.Трамп хэрхэн татвар ногдуулах нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
“Mission Impossible” зэрэг их зардлаар бүтдэг, орлого өндөр кинонууд АНУ-д төдийгүй дэлхийн аль ч улсад хийгддэг. Америкийн уран бүтээлчид киногоо хийхдээ татварын таатай нөхцөл олгодог Канад, Их Британи зэрэг орныг сонгох явдал хэдийнэ түгээмэл үзэгдэл болсон юм. Мөн үүний зэрэгцээ Хятад улс дотоодын кино үйлдвэрлэлээ эрчимтэй нэмэгдүүлж байгаа бөгөөд энэ жил бүтээсэн “Ne Zha 2” хүүхэлдэйн кино нь хоёр тэрбум долларын орлого олсон билээ. Кино бүтээгчид энэ орлогынхоо дийлэнхийг эх газрын Хятадаас олсон бөгөөд Хойд Америкийн үзэгчид ердөө 20,9 сая долларын орлого бүрдүүлсэн юм.
Америкийн кино үйлдвэрлэл хилийн чанадад шилжиж байгааг Д.Трамп анх удаа анхаарч байгаа хэрэг энэ биш. Албан тушаалд орохынхоо өмнөхөн тэрбээр алдарт жүжигчин Мел Гибсон, Жон Войт, Сильвестр Сталлоне нарыг Холливүүдэд “тусгай элч”-ээр томилж, Америкийн киног америкчуудад нь “урьдынх шиг хүчтэй, аварга том, илүү сайн болгон эргүүлж авчрахыг” даалгасан билээ.
Сүүлийн жилүүдэд цар тахал, 2023 оны Холливүүдийн ажил хаялт, саяхан болсон Лос-Анжелесийн их түймрээс шалтгаалан Америкийн кино, телевизийн нэвтрүүлгийн үйлдвэрлэл олигтой сэхэхгүй байгаа юм. Салбарын судалгааны “ProdPro” компанийн тайлангаар, үйлдвэрлэл өнгөрсөн онд 2021 оныхоос 26 хувиар унажээ. Кино компаниудын удирдлагуудын дунд санал асуулга явуулахад, зураг авах хамгийн таатай газрын эхний тавд АНУ-ын нэг ч муж, хот ороогүй бөгөөд Торонто, Их Британи, Ванкувер, Төв Европ, Австрали, харин тэдний араас Калифорниа, Жоржиа, Нью-Жерси, Нью-Йорк жагссан байна. Нэгэн үе киночдын диваажин байсан Калифорниаг “хүн тоохоо” байгаад удаж байна. Лос-Анжелес хотын орчинд зураг авсан кино өнгөрсөн онд 2023 оныхоос 5,6 хувиар буурчээ. Өнгөрсөн оны 10 дугаар сард мужийн захирагч Гэвин Ньюсом кино, телевизийнхэнд 750 сая долларын татварын хөнгөлөлт үзүүлэх хөтөлбөр дэвшүүлсэн бөгөөд энэ нь өмнөх жилийнхээс даруй 440 сая доллароор нэмэгдсэн хэмжээ юм. АНУ-ын бусад хот, тухайлбал Атланта, Нью-Йорк, Чикаго, Сан-Франциско ч мөн ийм арга хэмжээ авч байна. Цаашилбал, Техас муж мөнгөн урамшуулал олгохоор зэхэж байгаа бол Жоржиа, Нью-Мексико муж татвар төлөх хугацааг хойшлуулах байдлаар зохицуулалт хийж байгаа аж.
Дональд Трамп өчигдөр Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа “АНУ-ын кино хийх бололцоог бусад орнууд хулгайлж байна” хэмээн мэдэгджээ. “Тэд хэрвээ манай улсад кино хийхгүй гэвэл бид оруулж ирж байгаа кинонд нь татвар ногдуулна” хэмээн тэрбээр мөн хэлсэн байна.
Гэрэл зургийн эх сурвалж: ABC News
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.