“Харбин” кино “Baeksang Arts Awards” шагнал хүртлээ
Анд нөхдийн мэдээ
2025-05-06
Өмнөд Солонгост хамгийн нэр хүндтэй дэлгэцийн уран бүтээлийн “Baeksang Arts Awards” шагнал гардуулах ёслол 61 дэх жилдээ боллоо. Энэ ёслолын шилдэг шагналыг найруулагч Ү Мин Хогийн “Харбин” кино хүртэв. Тэрбээр шинэ киноныхоо зургийг авч байгаа тул шагналыг биеэр очиж аваагүй юм. Түүний өмнөөс шагналыг авч, үг хэлсэн найруулагч Хон Гён Пю ""Харбин” бол Өмнөд Солонгос, Латви, Монголын хүйтэн, хүчтэй салхитай өвлийн цагт зургийг нь авсан кино” хэмээн онцолсон юм. Энэ тухай өнгөрөгч онд найруулагч Ү Мин Хо “Монголд -40 хэмийн хүйтэнд гурван өдөр зураг авсан” хэмээн "Yonhap" агентлагт ярьж байлаа. Тус киноны зарим зураг авалтыг 2022 оны 11 дүгээр сард Монголд ирж Өмнөговь аймагт хийсэн юм. Кинонд 1909 оны Хятадын Харбин хотыг дүрсэлдэг бөгөөд Японы колончлолын үед Солонгосын тусгаар тогтнолын төлөө тэмцсэн Ан Жунгён (1879-1910)-ы түүхээс сэдэвлэсэн байна. “Харбин” кино 2024 оны эцсээр Өмнөд Солонгосын театруудын дэлгэцнээ гарч эхэлсэн. Нээлтээ хийхээсээ өмнө 49 дэх удаагийн Торонтогийн олон улсын кино наадамд оролцож дэлхийн зах зээлд танигдсан юм. Мөн тус бүтээлийг Япон, Америк, Франц, Тайвань, Австрали, Испани тэргүүтэй 117 улсын кино театрууд худалдан авч гаргасан билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.