МҮОХ-нд Миланы өвлийн Олимпын урилга ирлээ
Чихэнд чимэгтэй
2025-02-18
Италийн Милан болон Альпын нурууны Кортина хотод болох 2026 оны өвлийн Олимпод оролцох урилгыг ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бахаас МҮОХ-нд хоёрдугаар сарын 6-нд илгээснийг өнөөдөр хүлээн авчээ. 2026 оны хоёрдугаар сарын 6-22-ны хооронд болох “Милан Кортина 2026” Олимпод Монголоос цанын тамирчин Б.Ачбадрах, Т.Ариунболд, О.Золбаяр, тэшүүрийн тамирчин Б.Гэрэлтуяа нар оролцохоор ОУОХ-оос хэрэгжүүлж буй тамирчдын тэтгэлэгт хөтөлбөрт шалгараад байна. Тэд Олимпын өмнөх бэлтгэл, уулзалт, дархлаа дэмжих амин дэм авах зэрэгт зарцуулах мөнгийг тэтгэлгээр авч байгаа юм. Гүйлтийн цанын тамирчин Б.Ачбадрах Өмнөд Солонгосын нээлттэй тэмцээнд хоёр удаа түрүүлсэн бөгөөд Харбины өвлийн наадамд Монголын тугийг барьсан билээ. Харин шорт трэкийн тамирчин Б.Гэрэлтуяа Италийн Турин хотноо өнгөрөгч сарын 13-23-нд болсон Дэлхийн оюутны өвлийн спортын их наадамд Монголын дээд амжилтыг шинэчилсэн юм. Мөн О.Золбаяр Турины наадамд оролцсон бол Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн дэд ахлагч Т.Ариунболд саяхан Харбины наадамд оролцсон билээ. Монгол улсын өвлийн спортын тамирчид анх Австрийн Инсбрукт 1964 онд болсон Олимпод оролцсон юм. Түүнээс хойш гүйлтийн цана, биатлон, шорт трэк, гүйлтийн тэшүүрийн төрлөөр Олимпын 15 наадамд оролцсон түүхтэй.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.