Австрали: Хүүхдэдээ хайхрамжгүй хандсан эцэг, эх хоёрт ял оноожээ
Анд нөхдийн мэдээ
2025-02-18
Австралийн Перт хотын дүүргийн шүүх хүүхдэдээ хайхрамжгүй хандсан хэргээр шүүгдсэн эхнэр, нөхөр хоёрыг буруутай гэж үзэн эрэгтэйд нь 6 жил 6 сар, эхнэрт нь 5 жилийн хорих ял оноосон тухай CNN мэдээлэв. Тэднийг 17 настай охиндоо хангалттай хоол өгөөгүйн улмаас хоол тэжээлийн дутагдалд оруулсан гэж буруутгасан аж. Охин төгөлдөр хуур, балетын ахисан түвшний сургалтад суудаг байсан бөгөөд хоол тэжээлийн дутагдлын улмаас тураалд оржээ. Багаасаа ихэнх цагаа гэртээ өнгөрөөж ирсэн охин найман настайгаасаа цагаан хоол идэж эхэлсэн гэх бөгөөд арван нас хүрэхдээ цагаан идээ, өндөг идэж чаддаггүй болсон байв. Эцэг эх нь хоолны дэглэм барихыг түүнээс шаардаж, өсөлт муутай, бие жижигтэй охиныхоо төрсний гэрчилгээн дээрх насыг нь хүртэл зассан байна. Сүүлдээ охины үс гэмтэж, арьс нь гуужиж эхэлсэн бөгөөд 17 настай хэрнээ биеийн жин нь ердөө 27 кг, өндөр нь 147 см байжээ. Энэ нь 9 настай хүүхдэд тохирох үзүүлэлт юм. Гэвч эцэг, эх нь охиноо эмчид үзүүлэхээс татгалзсаар иржээ. Мөрдөн байцаалтын явцад тэд охинтойгоо нялх хүүхэд шиг харилцаж, нүүр гарыг нь угааж өгдөг, бага насны хүүхдийн комик ном уншиж өгдөг байсан нь тогтоогджээ. Эхнэр, нөхөр хоёр шүүхэд мэдүүлэхдээ "Охин байнга цагаан хоол идсэнээс болж хоол тэжээлийн дутагдалд орсон. Бид охиноо цадтал нь хооллодог байсан” гэж мэдүүлсэн боловч шүүх тэдний мэдүүлгийг үл хэрэгсэн “Хүүхдээ ноцтой аюулд оруулсандаа гэмшихгүй, хариуцлага хүлээхээс зайлсхийж байна” хэмээн буруутгажээ. Харин охин шүүхэд хандаж, эцэг эхдээ өршөөл үзүүлэхийг хүссэн өргөдөл гаргасан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.