images

"Талибан" хөдөлгөөний өндөр албан тушаалтнууд Японд айлчлав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-02-18


   Афганистаныг удирдаж буй "Талибан" хөдөлгөөний өндөр албан тушаалтнууд Японд албан ёсны айлчлал хийлээ. Талибууд "Их 7" бүлгийн гишүүн улсад анх удаа айлчилж байгаа нь энэ юм. “Kyodo News” агентлагийн мэдээлснээр, Афганистаны Дээд боловсролын яам, Гадаад хэргийн яам, Эдийн засгийн яамны албаны хүмүүсээс бүрдсэн төлөөлөгчид өчигдөр Токио хотод очсон бөгөөд тэд энэ удаагийн айлчлалаа Японы Олон нийтийн эрх ашгийг хамгаалах сангийн дэмжлэгтэйгээр хийж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд багтсан Афганистаны Эдийн засгийн дэд сайд Абдул Латиф Назари X (хуучнаар Twitter) хуудсандаа "Бид хүчирхэг, эв нэгдэлтэй, цэцэглэн хөгжсөн Афганистан улсыг байгуулах, түүнчлэн олон улсын хамтын нийгэмлэгийн идэвхтэй гишүүн болохын төлөө дэлхий дахинтай нэр төртэй харилцахыг эрмэлзэж байна" гэжээ. Айлчлалыг зохион байгуулсан сан аюулгүй байдлын үүднээс нарийвчилсан хуваарийг задлаагүй юм. Харин Японы Засгийн газрын төлөөлөгч Ёшимаса Хаяши энэхүү айлчлалыг олон нийтийн байгууллага зохион байгуулсныг онцолж, энэ нь Японы өргөн хүрээний дипломат зорилгод нийцэж байгааг дурджээ. Мөн түүний хэлснээр энэ айлчлал Афганистанд шинэчлэл хийхийг дэмжих, тэр дундаа хүний ​​эрхийн асуудлаар олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллах Токиогийн хүчин чармайлттай нийцэж буйгаараа чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэсэн байна. 2021 оны наймдугаар сард АНУ-ын цэрэг Афганистанаас гарсны дараа талибанчууд засгийн эрхийг авсан бөгөөд олон улсын хамтын нийгэмлэг "Талибан" хөдөлгөөнийг албан ёсны засгийн газар гэж хүлээн зөвшөөрөөгүй байгаа билээ. Харин талибууд ОХУ, БНХАУ зэрэг хөрш зэргэлдээ орнуудтайгаа тогтмол харилцаж, өнгөрсөн онд болсон НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн бага хуралд урилгаар оролцох зэргээр дипломат үйл ажиллагааныхаа хүрээг тэлсээр байгаа юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.