images

Хүн төрөлхтөн цөлжилтийн эсрэг хэрхэн тэмцэж байна вэ?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-02-17


   Африк тивд Хятадын цагаан хэрмийг санагдуулам нэгэн хэрэм байгуулж байна. Гэхдээ энэ нь чулуу, тоосгоор биш, модоор урласан хэрэм бөгөөд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгоор дэлхийн хамгийн том цөл болох Сахарын цөлийг тойруулан мод тарьж, ойн модон хэрэм байгуулах “Ногоон хэрэм” төсөл юм. Цөлжилтөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Сахарын өмнөд хэсэгт орших Сахелийн бүсийн 20 орныг хамарсан 7000 км урт ойн хана босгох энэ томоохон ажил олон жилийн өмнө эхэлсэн бөгөөд олон сая га газрыг нөхөн сэргээжээ. Мөн ажлын байр олноор бий болсны үр дүнд хөдөө аж ахуй сэргэж, энэ нь иргэдийн хүнсний аюулгүй байдалд нааштай нөлөөлж байна.

   Цөлжилт газар авснаар зөвхөн Африкийн Мали улс гэхэд сүүлийн 30 жилийн хугацаанд 20 мянган хавтгай дөрвөлжин километр ой модоо алдсан гэж байгаль орчныг хамгаалах “TreeAid“ байгууллага мэдэгджээ. Африк тивийг дамнан Сахарын цөлийн зах хүртэл ногоон хэрэм байгуулах төслийг Африкийн орнууд 2007 онд эхлүүлсэн бөгөөд хожим нь Африкийн холбоо (AU) зэрэг олон улсын байгууллагууд нэгдсэн байна. Төслийн зорилго нь ган гачигт тэсвэртэй унаган модоор тус тивийн баруунаас зүүн зах хүртэл 15 км өргөн ногоон бүс байгуулах явдал юм. Нөгөө талаар энэ төсөл нь уур амьсгалын өөрчлөлт гэх мэт дэлхий нийтийн асуудлуудыг бүс нутгийн жишээн дээр хэрхэн шийдвэрлэж болох тод жишээ болов. Ой мод нь борооны усыг хуримтлуулахын зэрэгцээ үер усны аюулаас сэргийлж, хүлэмжийн хий буюу нүүрстөрөгчийн давхар ислийг өөртөө шингээдэг. Гэхдээ сүүлийн үед ногоон хэрэм байгуулах төслийн ирээдүй тийм ч сайнгүй байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн агаарын температур нэмэгдэж, хур тунадас багассаны улмаас сая сая мод үхсэн бөгөөд төслийг бүрэн хэрэгжүүлэхэд одоо 43 тэрбум доллар шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Нөгөө талаар Мали зэрэг буурай хөгжилтэй орны хөдөөд хүмүүс мод ихээр тайрч түлшинд хэрэглэх болсон байна.

   Цөлжилтийн эсрэг тэмцэл зөвхөн Африкт төдийгүй дэлхийн олон оронд өрнөж байгаа юм. Хаврын улиралд Зүүн Өмнөд Азийг дайран өнгөрдөг шар шороон шуурганы эх үүсвэр болсон Монголын говийн элсний нүүдлийг зогсоох зорилгоор 2030 он гэхэд нэг тэрбум мод тарих төсөл одоо ид хэрэгжиж байна. Мөн саяхан Хятадын Такламакан цөлийг тойрсон 3460 км урт хиймэл ой байгуулах ажил дуусчээ. Цаг агаарын хатуу ширүүн нөхцөл бүхий Такламакан цөл бол Сахарын дараа орох дэлхийн хоёр дахь том элсэн цөл юм.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.