Хоошёорюү С.Бямбасүрэн: Би гэртээ ирлээ!
Чихэнд чимэгтэй
2025-02-17
Японы мэргэжлийн сүмо бөхийн 74 дэх ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэнд зориулан Чиба мужийн Кашива хотын захиргаанаас өчигдөр хүн тэрэгтэй баярын жагсаал хийлээ. Учир нь, С.Бямбасүрэн Кашива хотын ахлах сургуулийг 2017 онд төгссөн юм. Баярын жагсаалд орон нутгийн 25 мянган хүн оролцсон бөгөөд Хоошёорюү анх удаа хүн тэрэг хөлөглөн Кашиво хотын метроны буудлаас худалдааны гудамж дагуу 600 метр зайд нэг цаг орчим явжээ. Хүмүүс түүн рүү “Тавтай морил!” хэмээн хашхирахад тэрбээр “Би гэртээ ирлээ!” хэмээн баяртайгаар хариу хэлж байв. Ёслолын төгсгөлд хотын захирагч Ота Казүми түүнд цэцэг бэлэглээд “Шинэ ёкозүна төрнө гэдэг бол Кашива хотынхон бидний баяр, бахдал юм. Илүү өндөрт хүрэхийн тулд улам хичээгээрэй” гэжээ. Харин Хоошёорюү “Би Кашива хотыг миний Япон дахь төрсөн нутаг гэж боддог. Намайг дэмжиж буй олон хүний дуу хоолой надад хүч өглөө. Би аль байдгаараа хичээх болно оо, намайг дэмжээрэй” гэсэн байна. Тэрбээр Кашива ахлах сургуульд Асахакүрюү Р.Жамъянтогтох, Ошома П.Дэлгэрбаяр нартай хамт суралцаж байв. Хоошёорюү ахлах сургуулиа төгсөөд Тацүнами дэвжээнд элсэж 2018 оны нэгдүгээр сард мэргэжлийн сүмод анх барилдаж 2020 онд макүүчи зиндаанд дэвшсэн юм. Тэрбээр мэргэжлийн сүмод Монголоос төрсөн зургаа дахь ёкозүна билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.