images

Их Моголын Бабур хааны төрсөн өдрийг Пакистанд хэрхэн тэмдэглэв?

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-02-17


   Их Моголын эзэнт гүрнийг байгуулсан, Доголон Төмөрийн угсааны Захир-уд-дин Мухаммад Бабур хааны 542 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал Пакистаны Исламабад хотод энэ сарын 14-нд боллоо. Уг хурлыг Пакистаны тал Узбекистаны Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулсан байна. Хуралд Пакистаны Батлан хамгаалахын их сургууль, Исламын их сургуулийн эрдэмтэд оролцож Бабур хаантай холбоотой олон сэдвээр илтгэл тавьжээ. Мөн Пакистан дахь гадаад орнуудын дипломат төлөөлөгчид хуралд оролцсон байна. Улмаар Бабур хааны талаарх судалгаанд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн зарим зочинд гэрчилгээ гардуулж, их хааны төрсөн өдөр тул баярын бялуу хуваажээ. Эхийн талаас Чингис хаан, эцгийн талаас Доголон Төмөр хааны угсаатай Бабур хааныг өнөөгийн Узбекистаны Андижан хотод 1483 оны хоёрдугаар сарын 14-нд төрсөн гэж үздэг. Бабурын байгуулсан Их Моголын эзэнт гүрэн Өмнөд Азид 300 жил оршин тогтносон юм. Ингэхдээ өнөөгийн Энэтхэг, Пакистан, Узбекистанд засаглал, соёл, уран барилгын хосгүй өвийг үлдээсэн билээ. Бабур хаан нь их удирдагч, цэргийн жанжин төдийгүй яруу найрагч, эрдэмтэн хүн байсан бөгөөд цагаадай хэлээр өөрийн намтар “Бабурнама” зохиолоо бичиж үлдээснийг хожим перс хэл рүү орчуулсан байдаг.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.