images

Украины газрын ховор элементийн 50 хувийг Америк эзэмших үү?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-02-17


   Владимир Зеленский өнгөрсөн 12-ны өдөр АНУ-ын Сангийн сайд Скотт Бессентийн санал болгосон Украины газрын ховор элементийн нөөцийн 50 хувийг Америкт өгч, "илүү сайн тохиролцоонд хүрэх" гэрээ байгуулахаас татгалзсан тухай "Financial Times" сонин мэдээлэв. Украин улсын газрын ховор элементийн нөөц нэг их наяд доллароор үнэлэгддэг. Гэсэн хэдий ч газрын ховор элемент, ашигт малтмалын гол ордуудын нэлээд хэсэг нь Орост эзлэгдсэн Донбассын нутаг болон одоо ид тулаан өрнөж буй зүүн Украинд оршдог. АНУ-ын NBC телевиз саяхан "Хэрэв АНУ Украины газрын ховор элементийн 50 хувийг эзэмшихээр тохирч Украин, Оросын хооронд гал зогсоох хэлэлцээрт хүрвэл эдгээр ашигт малтмалын нөөцийг хамгаалахын тулд Америкийн цэргийн хүчийг байрлуулах болно гэж Сангийн сайд С.Бессент Украины Засгийн газарт сануулсан" гэж мэдээлсэн юм. Ерөнхийлөгч Д.Трамп мөн 10-ны өдөр “Fox News” телевизэд өгсөн ярилцлагадаа "АНУ Украины 500 тэрбум долларын үнэ бүхий газрын ховор элементийг ашиглах хүсэлтэй байгаа бөгөөд Украин ч үндсэндээ зөвшөөрсөн" хэмээн мэдэгдэж байв.

   Мөн үүнтэй холбогдуулан АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Вэнс “Wall Street Journal” сонинд өгсөн ярилцлагадаа “Хэрэв Орос улс энхийн хэлэлцээнд сайн дураар оролцохгүй бол бид Украинд АНУ-ын цэргийг илгээх асуудлыг авч үзэхийг үгүйсгэхгүй” гэжээ. Харин В.Зеленский “Газрын ховор элементтэй холбоотой аливаа хэлцэл нь Украины аюулгүй байдлын ирээдүйг баталгаажуулах АНУ болон НАТО-гийн хатуу амлалтыг агуулсан байх ёстой" гэжээ. Украинд айлчилсан АНУ-ын Сангийн сайд С.Бессент сэтгүүлчдэд мэдэгдэхдээ “Ашигт малтмалын гэрээ нь хоёр орны эдийн засгийг холбох зорилготой хэлэлцээр юм. Д.Трампын засаг захиргаа дайн дууссаны дараа украинчуудын аюулгүй байдлыг урт хугацаанд хангах эдийн засгийн амлалтаа чангатгах болно" гэжээ. Гэсэн хэдий ч ашигт малтмалын гэрээнд илүү тодорхой, илүү өргөн хүрээтэй аюулгүй байдлын баталгаа АНУ-ын зүгээс дутагдаж байгааг Украин тэмдэглэсэн байна. Мөн ашигт малтмал эзэмших асуудал дээр маргаан гарсан тохиолдолд АНУ-ын Нью-Йорк мужийн шүүхээр шийдвэрлүүлнэ гэсэн Америкийн хүсэлтийг Украины Засгийн газар эсэргүүцэхийн зэрэгцээ ашигт малтмалын олборлолтод Европын орнуудыг оролцуулахыг санал болгожээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.