images

1938 оны Мюнхений хэлэлцээр өнөөдөр давтагдах уу?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-02-17


   АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Орос, Украины дайныг зогсоохын тулд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй энхийн хэлэлцээ хийнэ гэдгээ мэдэгдээд удаагүй байна. Харин үүнийг Украин болон хөрш зэргэлдээ орнууд эрс эсэргүүцэж, 1938 оны Европыг санагдууллаа хэмээн шүүмжилжээ. Шүүмжлэгчид юуны учир 87 жилийн өмнөх явдлыг эргэн сөхөх болов? Учир нь 1938 оны есдүгээр сард Их Британи, Франц тэргүүтэй Европын гүрнүүд Мюнхений хэлэлцээрт гарын үсэг зурж Чехословак улсын нутаг дэвсгэрийн нэг хэсэг болох Судетийг Германд шилжүүлж өгсөн нь гэрээний нэг тал болох Чехословакийн эрх ашгийг үл тоомсорлосон явдал болсон юм. Нацист Герман Чехословакт довтлох санаагаа тодорхой илэрхийлсэн цаг үед их гүрнүүд "Дайн дэгдэхээс түр зайлсхийх" нэрийдлээр хүч түрэн нэг талыг барьсан гэрээ байгуулсан нь энэ байв. Тухайн үед Их Британийн ерөнхий сайд байсан Нэвилл Чэмберлэн энэхүү гэрээг Европт энх тайван авчирна гэж сайрхаж байсан ч дараа жилийнх нь есдүгээр сард нацист Герман Польш руу довтолсон юм. Ингээд Польшийн холбоотон болох Их Британи, Франц дайнд татагдан орсноор Дэлхийн II дайн эхэлсэн түүхтэй.

   Нацист Герман улс Мюнхений хэлэлцээр байгуулагдах тэр үед ч Польш, Франц, Их Британи руу довтлохоор төлөвлөж байсан нь хожим тодорхой болсон. Тэр үед Европ 20 сая хүн амиа алдсан Дэлхийн I дайны цочролоос гараагүй үе байв. Мюнхений хэлэлцээр нь эцсийн бүлэгт дайнаас үүдэлтэй айдас, эмх замбараагүй байдлын дунд хүчирхэг гүрнүүд сул дорой улс үндэстнийг золиосолж энх тайвныг тогтоох нь зүйтэй гэж үзсэний үр дүнд бий болсон эмгэнэлт явдал гэж орчин үед дүгнэдэг. Тухайн үед АНУ болон Европын зарим газарт нацист үзэл дээр үндэслэсэн арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах явдлыг олон нийтийн санаа бодол хүлээн зөвшөөрөх хандлагатай байсан бөгөөд нацист Германы өргөжин тэлэх бодлогыг тодорхой хэмжээгээр хүлцэн тэвчих уур амьсгал ч бий болоод байжээ. Дэлхийн I дайны дараа улс орнууд олон улсын эрхзүй, хамтын аюулгүй байдалд суурилсан олон улсын шинэ дэг журмыг баримталсан бөгөөд үүндээ хүрэхийн тулд 1920 онд НҮБ-ын өмнөх бүтэц  болох Үндэстнүүдийн Холбоог (League of Nations) байгуулжээ. Гэвч АНУ үүнд оролцохоос татгалзсанаар Герман, Япон зэрэг милитарист орнууд хойш сууж, олон улсын энх тайванч дэг журам тогтоох оролдлого бүтэлгүйтсэн юм. Ингэснээр 1938 онд олон улсын хамтын нийгэмлэг эргээд “ширэнгийн хууль”-даа захирагдах болсон билээ. Дараа жил нь Зөвлөлт Холбоот Улс, нацист Герман хоёр Польшийг хувааж авах зорилготой Харилцан үл довтлох гэрээ байгуулахад их гүрнүүд нүдээ анин чимээгүй өнгөрсөн түүхтэй. 

Эх сурвалж: chosun.com

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.