Олон улсын эрүүгийн шүүх Талибаны удирдагчийг баривчлах тогтоол гаргав
Анд нөхдийн мэдээ
2025-01-24
Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ) Афганистаны эрх баригч Талибан хөдөлгөөний дээд удирдагч Хайбатулла Ахунзада болон бусад хүмүүсийг эмэгтэйчүүд, охидын эрхэнд ёс бусаар халдсан хэргээр баривчлах тогтоол гаргасан байна. Тус шүүхийн ерөнхий шүүгч Карим Хан мэдэгдэлдээ "Х.Акунзада болон Афганистаны Дээд шүүхийн ерөнхий шүүгч Абдул Хаким нарт, хүмүүсийг хүйсээр ялгаварлан хэлмэгдүүлсэн хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийн төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэжээ. 2021 оны наймдугаар сард АНУ-ын арми Афганистанаас бүрмөсөн гарснаар талибанчууд засгийн эрхийг авмагцаа охид, эмэгтэйчүүдийг хавчин хэлмэгдүүлж эхэлсэн болохыг дурджээ. Талибанчууд охидыг дунд сургуулиас илүү боловсрол эзэмшихийг хориглож, эмэгтэйчүүдийг нийгмийн харилцаанд орж ажил хийх, эрэгтэй хүнгүйгээр ганцаараа гадуур явахыг хориглосон нь хүний эрхэд эрээ цээргүй халдсан үйлдэл болохыг К.Хан онцолсон бөгөөд Талибаны удирдагчид үүнд ямар нэгэн хариу өгөөгүй байна. Одоо ОУЭШ-ийн Хяналтын шүүх нотлох баримт болон бусад холбогдох материалыг хянан үзээд, баривчлах захирамж гаргах эсэхийг шийдэх юм байна. Баривчлах захирамж гарсан тохиолдолд ОУЭШ-ийн гишүүн 125 улс эрэн сурвалжлагдаж буй гэмт хэрэгтэн улс оронд нь нэвтэрсэн тохиолдолд даруй баривчилж Гаагийн шүүхэд өгөх ёстой боловч үүнийг хэрэгжүүлээгүй тохиолдолд ОУЭШ ямар нэгэн арга хэмжээ авах эрхгүй юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.