Шорт трэкийн тамирчин Б.Гэрэлтуяа Монгол улсын дээд амжилтыг шинэчиллээ
Чихэнд чимэгтэй
2025-01-24
Италийн Турин хотноо энэ сарын 13-23-ны хооронд Дэлхийн оюутны өвлийн спортын их наадам болж өндөрлөлөө. Наадамд Монголын 20 тамирчин оролцсоноос шорт трэкийн дөрвөн тамирчин өчигдөр тэмцээндээ оров. Эмэгтэйчүүдийн 1000 метрийн зайд Б.Гэрэлтуяа 1:38.055 минутад барианд орж улсын дээд амжилтыг шинэчлэв. Мөн эрэгтэйчүүдийн 1000 метрийн зайд Э.Мөнх-Эрдэнэ 2:02.055 минутад барианд орсноор хэсэгтээ дөрөвдүгээр байр эзэлжээ. Тэрбээр хэсэгтээ эхний гуравт орсон бол сүүлийн шатанд өрсөлдөх байв. Хэсгийн уралдааны үеэр Э.Мөнх-Эрдэнэ Польшийн тамирчинд түлхүүлж унасан ч замаа дуусгасан бөгөөд шүүгчид Польшийн тамирчныг торгож тэмцээнээс хассан байна. Түүнчлэн эрэгтэйчүүдийн 500, 1000 метрт уралдсан М.Борхүү шорт трэкийн Монгол улсын мастер цолны болзол хангажээ. Харин Г.Мөнх-Эрдэнэ 1:55.8 минутад барианд орсноор энэ тэмцээнийг зорьсон Монголын шорт трэкийн тамирчдаас хамгийн сайн уралдсан нь болсон байна. Тэрбээр урд өдөр нь 500 метрийн зайд 44.682 секундэд барианд орон мөн Монгол улсын дээд амжилтыг шинэчилж, ДАШТ болон дэлхийн цуврал тэмцээнд оролцох эрх авчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.