images

ОХУ: Хүүхэд төрүүлсэн оюутанд олгох тэтгэмжийг арав дахин нэмэгдүүлэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-01-24


   ОХУ-ын Засгийн газар хүүхэд төрүүлэхийг дэмжих зорилгоор, эмэгтэй оюутнуудад олгодог амаржсаны тэтгэмжийг одоогийн хэмжээнээс нь арав дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ. Тодруулбал, тус улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хүүхэд төрүүлсэн их, дээд сургуулийн оюутнуудад энэ жилээс эхлэн 235424 рублийн тэтгэмж олгохоор болсноо мэдэгдсэн байна. Өмнө нь энэ тэтгэмжийн хэмжээ 9000-23000 рублийн хооронд хэлбэлзэж байв. Хүүхэд төрүүлсний тэтгэмжийг жирэмсний болон амаржсаны нэг сарын амралтанд олгох бөгөөд бакалавр болон магистрын оюутнуудад хамаарна. Хөдөлмөрийн, нийгмийн хамгааллын сайд Антон Котяков энэ талаар хэлэхдээ "Хуулийн төслийг энэ оны хаврын чуулганаар Төрийн Думд өргөн барихаар төлөвлөж байна" гэжээ. Одоогоор тус яам хуулийн төслийг олон нийтэд танилцуулж, нийгмийн бүхий л салбарынхны саналыг авахаар хэлэлцүүлж байна. ОХУ-д өнгөрсөн оны эхний хагаст төрөлтийн түвшин хамгийн доод түвшиндээ хүрсэн байна. Статистикийн газрын мэдээлснээр, 2024 оны нэгдүгээр сараас зургаадугаар сарын хооронд мэндэлсэн хүүхдийн тоо 599600 болж, өмнөх оны мөн үеийнхээс 16600-аар буурсан нь сүүлийн 25 жилд тохиолдсон хамгийн бага үзүүлэлт ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.