images

Итали: Эмнэлгээс хулгайлагдсан нярайг цагдаа нар цаг алдалгүй олов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-01-23


   Өчигдөр Италийн Козенца хотын нэгэн амаржих газраас дөнгөж төрсөн нярай хүүхдийг хулгайлсан хэрэг гарчээ. Гэмт этгээдүүд нь Козенца хотын оршин суугч 51 настай Роза Веспа болон түүний нөхөр Сенегалын иргэн Аква Мосес нар байсан аж. Цагдаа нар шуурхай ажилласны дүнд тэднийг гэрээс нь баривчилж, дөнгөж төрсөн Софиа охиныг эцэг эхэд нь хүлээлгэж өгсөн байна. Гэмт этгээдүүд энэ хэргийг үйлдсэн шалтгаанаа "Бусдыг хуурсанаас болсон" гэжээ. Нөхөр нь эхнэрийгээ  жирэмсэн болсон гэж эргэн тойрныхоо хүмүүст есөн сарын өмнө худал хэлсэн бөгөөд эхнэр нь есөн сарын турш жирэмсэн эхийн дүр эсгэж явсаар өнгөрсөн 8-ны өдөр хүүхдээ төрүүлсэн хэмээн Фэйсбүүкээр худал мэдээлэл тараажээ. Улмаар ойр дотнын хүмүүстээ “Хүүхэд шинжилгээ өгөх шаардлагатай учраас эмнэлэгт хэвтсэн” гэж худал хэлсэн байна. Хэрэг үйлдэхдээ эхнэр нь сувилагчийн дүрд хувиран нүүрэндээ маск зүүж эмнэлэгт явж ороод, дөнгөж төрөөд байсан охиныг, эмчид үзүүлэх шаардлагатай болсон гэж ээжид нь худал хэлэн авч оджээ. Хүүхдээ хүлээж цөхсөн эх эмчид хандсанаар хэрэг мандаж, даруй цагдаад мэдэгдсэн бөгөөд цагдаа нар хяналтын камераар хэрэгтнийг олж харан шуурхай арга хэмжээ авч, тэднийг гэрээс нь баривчилжээ. Цагдаа нар гэрт нь очиход тэд танилуудаа урьж, хүүхэдтэй болсны баярын үдэшлэг хийж байсан аж. Хүүхдээ эсэн мэнд олж авсан Валериа бүсгүй цагдаагийн албан хаагчдад талархаж буйгаа илэрхийлээд “Би энэ өдрийг насан туршдаа мартахгүй” гэжээ. Мөн тус улсын ерөнхий сайд Жоржиа Мелони хулгайлагдсан нярайг аварсан цагдаагийн ажилтнуудыг сайшааж "Ажил үүргээ онц сайн биелүүлсэн тэдэнд чин сэтгэлээсээ баярлалаа" гэсэн байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.