“The Sun” сонин хунтайж Харригийн хувийн нууцад халдаж байсандаа уучлал гуйв
Анд нөхдийн мэдээ
2025-01-23
Их Британийн хаан III Чарльзийн хоёр дахь хүү, хунтайж Харри хувийн нууцад нь зүй бусаар халдсан хэвлэлийг шүүхэд өгч, эцэст нь тохиролцоонд хүрчээ. “The Reuters” агентлагийн мэдээлснээр, “The Sun” зэрэг хэвлэлүүдийг эзэмшдэг “News Group Newspapers” (NGN) групп Харри болон түүний ээж талийгаач Диана гүнжийн хувийн нууцад халдсанаа хүлээн зөвшөөрч уучлал гуйсан байна. 1996-2011 оны хооронд “The Sun” болон “News of the World” сонины сэтгүүлчид болон хувийн мөрдөгчид түүнийг мэхлэх, утсыг нь чагнах, хакердах зэрэг хууль бус аргаар олж авсан мэдээлэлдээ тулгуурлан, хувийн нууцад нь халдсан 200 орчим нийтлэл гаргасан хэмээн хунтайж Харри шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Харин үүний хариуд NGN бичгээр уучлалт гуйж, "The Sun” сонин хунтайжийн хувийн нууцад ноцтойгоор халдсан, тэр дундаа 1996-2011 оны хооронд өрнөсөн хувийн мөрдөгчдийн хууль бус үйлдлүүдэд ямар нэгэн болзолгүйгээр уучлалт гуйж байна. Ялангуяа талийгаач Диана гүнж, хунтайж Харри нарын хувийн амьдралд зүй бусаар халдсаны улмаас тэдэнд ноцтой хохирол учруулсандаа хүлцэл өчье" гэжээ. “The Sun” сонины буруутай үйлдлийг NGN анх удаагаа хүлээн зөвшөөрч байгаа тул энэхүү шийдвэр нь хунтайж Харригийн ялалт юм хэмээн түүний өмгөөлөгч мэдэгдсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.